Чойживын Лувсанжав

Чойживын Лувсанжав (* 1930 онд Өвөрхангай аймгийн Өлзийт сум; † 1998 он) нь Монгол Улсын хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн, доктор профессор, Монгол Улсын Гавъяат багш юм.

Бага нас, боловсрол

засварлах

Чой.Лувсанжав нь Өвөрхангай аймгийн Өлзийт суманд малчин айлд төрсөн. Бага насаа Өвөрхангай аймгийн Өлзийт, Хужирт суманд өнгөрүүлжээ. Тэрээр Өвөрхангай аймгийн Хужирт сумын дунд сургуульд элсэн орж төгссөн. Хужиртын сургуулийн анхны төгсөгчдийн нэг юм. Хожим түүний төгссөн Хужиртын дунд сургууль түүний нэрэмжит сургууль болжээ.

1940-1947 онд-бага, дунд сургууль, 1949-1953 онд УБДС-ийн тооны анги, 1954-1960 онд Бээжингийн их сургуулийг дүүргэжээ. 1947-1950 онд сумын бага сургууль, 1953-1954 онд Хужирт сумын сургуульд багш, захирал, 1960-1961 онд ГЯЯ-нд референт, 1961-1977, 1981-1989, 1992-1993 онд МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, декан, 1977-1980 онд Чехословак Улсын Прага хотноо Карлын их сургуульд, 1989-1992 онд Япон улсын Токио хотын Гадаад хэлний их сургуульд монгол хэл, монгол бичиг, угсаатны судлалын багш байсан. Хужирт сумын сургуулийн захирал байхдаа Б. Ринчин доктортой багш шавийн бат холбоо тогтоожээ.

Чой. Лувсанжав МУИС-д 37 жил англи, хятад, япон хэл заасан ба франц, герман, хятад, манж, түвд, латин хэл сурахад анхааран ажиллажээ. МУИС-ийн гадаад хэлний, дорно дахины хэлний тэнхимийг олон жил хариуцан ажиллаж байжээ. Дотоодын олон мянган, гадаадын олон зуун оюутанд монгол ёс заншил, соёлын тухай зааж сурган үр бүтээлтэй ажиллаж байсан сурган хүмүүжүүлэгч билээ. Гадаад, дотоодын 40 гаруй залуу эрдэмтдийн зэрэг хамгаалах зохиолын удирдагчаар ажилласан байна. Чой. Лувсанжав англи, орос, хятад, япон, франц, герман, манж, түвд, латин зэрэг 12 улсын хэл мэддэг бөгөөд түүнээ хойч үедээ өвлөн үлдээхийн төлөө уйгагүй ажиллажээ.

Ажлын гараа

засварлах

Чой.Лувсанжав нь Монгол Улсын Их Сургуулийн профессороор ажиллаж байв. Анх математикийн мэргэжил эзэмшсэн ч хожим хэл шинжлэлийн эрдэмтэн болж Монголын шинжлэх ухаанд томоохон хувь нэмэр оруулсан нэрт зүтгэлтний нэг юм. Чой.Лувсанжав 1966 онд Унгарт “Монгол хэлний өвөрмөц хэллэг” сэдвээр, Хятад улсын Бээжин Их Сургууль болон Чех улсын Карлын их Сургуульд эрдмийн зэрэг тус тус хамгаалсан ажээ. Алдарт эрдэмтэн Алберт Эйнштейний ажиллаж байсан Европын тэргүүлэх их сургуульд зэрэг хамгаалсан гэж тухайн үед олон нийтэд танигдаж байв.

Тэрээр Монгол улсын ШУА-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн, эрдмийн цол зэрэг хамгаалах зөвлөлийн гишүүн, улсын нэр томьёоны комиссын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн байв.