Чарльз Паркер
Чарли (Чарльз) Паркер (англи. Charles (Charlie) «Bird» Parker, Jr., 1920 оны 8-р сарын 29-нд төрж, 1955 оны 3-р сарын 12-нд нас барсан) — Америкийн жааз хөгжмийн саксофончин болон хөгжмийн зохиолч, жааз хөгжмийн "бибоп" (англи. bebop) урсгалыг үндэслэгчдийн нэг.
Чарли Паркер Луи Армстронг, Дюк Эллингтон нарын хамт жааз хөгжмийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий хөгжимчдийн нэг гэж тооцогддог.
Намтар
засварлахКанзас муж улсын Канзас-Сити хотод төрж өссөн Чарли Паркер Чарльз болон Эдди Паркер хоёрын цорын ганц хүүхэд байв.
Чарли Паркер 11 настайгаасаа саксофон тоглож эхэлсэн бөгөөд 14 настайдаа сургуулиасаа хөгжмийн зэмсэг зээлж аван сургуулийн хамтлагт тоглож байжээ.
Чарлигийн эцэг гэртээ ховор үзэгддэг байсан ч хүүдээ ямар нэг хэлбэрээр хөгжмийн нөлөө үзүүлсэн юм. Учир нь эцэг нь циркт төгөлдөр хуурч, бүжигчин, дуучин байсан юм. Дараа нь тэр төмөр замд зөөгч, тогоочоор ажиллаж байсан бол Чарлигийн эх орон нутгийн "Western Union"-ны салбарт ажилладаг байжээ.
1930-аад оны сүүлээр Паркер саксофоныг илүү хичээнгүйлэн сурч эхэлсэн. Энэ хугацаанд тэрээр импровизацын үндсэн зарчмуудыг эзэмшсэн бөгөөд "бибоп" үүсэх зарим санааг боловсруулсан. Тэрээр нэгэн ярилцлага өгөхдөө "3-4 жилийн турш өдөрт 15 цаг саксофоноор хичээллэдэг байсан" гэжээ.
Паркерт "Count Basie", "Benny Moten" нарын томоохон хамтлагууд ихээхэн нөлөөлжээ. Чарли Канзас-Сити болон түүний эргэн тойронд жааз клубт, орон нутгийн хамтлагуудад тоглодог байв. Тэрээр Бастер Смитийн удирдлага дор тоглох техникээ боловсронгуй болгосон.
1939 онд Паркер хөгжимчин болохын тулд Нью-Йорк руу нүүжээ. Гэхдээ Нью-Йоркт тэрээр зөвхөн хөгжим тоглохоос гадна мөнгө олох ёстой байв. Арт Татумын байнга тоглодог Jimmy's Chicken Shack-д долоо хоногт 9 доллараар аяга таваг угаагчаар ажилладаг байжээ. 1942 онд Чарли МакШэнн хамтлагийг орхин Эрл Хайнсын найрал хөгжимд тоглохоор тэндээ бүрээчин Диззи Гиллеспи (англи. Dizzy Gillespie)-тэй танилцжээ.
1945 онд Чарли Паркер Диззи Гиллеспи, Макс Роуч, Бад Пауэлл нарын хамт жааз хөгжмийн ертөнцийг хормын зуур орвонгоор нь эргүүлсэн юм шиг санагдав. Тэдний жижиг бүрэлдэхүүнтэй анхны (магадгүй хамгийн агуу) тоглолтуудын нэг нь 2005 онд дахин гарсан “Нью-Йорк хотын танхимд шууд. 1945 оны 6-р сарын 22" юм. Удалгүй Бибоп хөгжимчид болон хөгжим сонирхогчдын дунд өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн юм.
Чарли Паркер 1955 оны 3-р сарын 12-нд таалал төгсөв. Үхлийн шалтгаан нь элэгний хатууралтай холбоотой байсан бөгөөд энэ нь вируст гепатитын сүүлийн шатны үр дагавар байсан гэдэг.