Цүрүми Шүүжи (Япон: 鶴見 修治, つるみ しゅうじ, 1938 оны 1 сарын 29 - ) нь Японы Токио хотын уугуул, гимнастикч. 1960 оны Ромын олимп, 1964 оны Токиогийн олимпоос эрэгтэйчүүдийн багийн төрөлд хошой алтан медаль хүртсэн. Японы Биеийн Тамирын Их Сургуулийг дүүргэсэн. Зодог тайлсныхаа дараа төрөлх сургуульдаа болон Кавай Гакки компанийн гимнастикийн багийн дасгалжуулагчаар ажиллаж байв. Хожим Японы Гимнастикийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, Японы Дожболын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүний сонгуульт албыг хашиж байсан. Өдгөө Японы Олимпчидын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн.

Цүрүми Шүүжи

Цүрүми Шүүжи, 1966 онд

Спортын гимнастик
Төлөөлдөг улс:  Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Цүрүми Шүүжи
Төрсөн огноо 1938 оны 1 сарын 29
Төрсөн газар Тайто, Токио
 
Медалиуд
Зуны олимп
Алтан медаль – нэгдүгээр байр Ром 1960 Баг
Хүрэл медаль – гуравдугаар байр Ром 1960 Модон морь
Алтан медаль – нэгдүгээр байр Токио 1964 Баг
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Токио 1964 Хувийн олон төрөлт
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Токио 1964 Модон морь
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Токио 1964 Суга савлуур
Дэлхийн АШТ
Алтан медаль – нэгдүгээр байр Прага 1962 Баг
Алтан медаль – нэгдүгээр байр Дортмунд 1966 Баг
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Дортмунд 1966 Хувийн олон төрөлт

1960 оны Ромын олимпод Цүрүми нарын 6 тамирчны бүрэлдэхүүнтэй Японы баг ЗХУ-ын багийг ялж алтан медаль зүүснээс гадна хувийн олон төрөлтөд бүх 6 тамирчин эхний 9-д орж, гайхалтай амжилт үзүүлэхэд Цүрүми 4-р байр эзэлсэн бөгөөд модон морины төрөлд хүрэл медаль зүүсэн байна. 4 жилийн дараа нутагтаа болсон олимпод Японы эрэгтэй гимнастикчид амжилтаа бататгахад чухал үүрэг гүйцэтгэсэн Цүрүми хувийн олон төрөлт, суга савлуур, модон морины төрөлд мөнгөн медаль хүртсэн. Дэлхийн АШТ-ий дэвжээнд Цүрүми 1962 онд Прагад болсон тэмцээнээс хувийн олон төрөлтөөр 9-р байр эзэлж, 1966 онд Дортмундад болсон тэмцээнээс мөн хувийн олон төрөлтөөр 2-р байр эзэлж мөнгөн медаль хүртсэнээс гадна хоёуланд нь багийн төрлөөр алтан медаль хүртжээ. 1998 онд түүний амжилтыг үнэлж тус улс "Хөх туузат алдрын одон" хүртээсэн[1] бол 2008 онд Олон Улсын Гимнастикийн Алдрын Танхимд багтсан 11 дэх япон хүн болжээ.

Цахим холбоос

засварлах