Цэрэндоржийн Ширнэндамдин
Эрдэнэ жонон ван Ширнэндамдин, Түшээт хан аймагт 1869 онд төрсөн.
Түүхэн баримт
засварлахТэрбээр 1908 онд Их Хүрээн дэх Манжийн амбан сайдын бие төлөөлөгч түшмэлээр Бээжинд очиж ажилласан. Хятадад Үндсэн хуульт засаглалын төлөө хөдөлгөөн хүчтэй өрнөсөн тул 1910 оны 10 дугаар сард Бээжин хотноо Засагт тус хийх яамны анхдугаар хуралдаан болж, энэ хуралдаанд Ширнэндамдин оролцжээ. Тэр бээр Манжаас тусгаарлах бодлого хатуу баримталж, Монгол руу холбогдох мэдээ сэлтийг илгээж байв.
Ц.Ширнэндамдин 1911 он буюу Хэвт ёсны 3 дугаар оны өвлийн сүүл сарын 11-нд нутагтаа буцаж иржээ. VIII Богд Жэвзүндамба хаан улс төрд хүчин зүтгэсэн тул Ширнэндамдинг “...үе улиран улсад туслагч гүн, хараватар улаан жолоо” шагнан хүртээжээ. Дараа нь гуравдугаар сард бэйсийн зэрэг шагнан, Шүүх яамны дэд сайдын албанд томилсон байна. Тэр бээр эрх зүйн шинэтгэлийг эхлүүлжээ. Чин Ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчид 1912 оны сүүлч 1913 оны эхээр Хаант Орост айлчлахад төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж байв. 1912 оны дунд үед хааны шадар сайдаар томилогдсон. Тэр бээр 1915 оны Хиагтын гурван улсын хэлэлцээрт оролцон улс орны эрх ашгийг тууштай хамгаалан зүтгэсний учир “вангийн хэргэм, гурван нүдний тогосны отго, улбар шар жолоо”-гоор шагнуулжээ.
Ц.Ширнэндамдин 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын үйл хэргийг эхнээс нь талархан дэмжиж байв. Ардын засгийн жилүүдэд тэр бээр дипломат албанд голлон зүтгэжээ. 1921 оны ЗОУ-тай найрамдлын гэрээ байгуулах төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд, Богдын бие төлөөлөгчөөр оролцсон байна. Энэ цагаас хойш Ц.Ширнэндамдин өмнөд хөршийн бодлогыг тандан мэдэх, язгуур гарал нэгт өвөр Монголчуудтайгаа ойртох, бодлого зорилгыг таниулах дипломат ажилд итгэмжлэн зарагдсан байна. Тэр бээр Судар бичгийн хүрээлэнгийн томилолтоор Хятадад хэд хэдэн удаа очиж, Монгол түүхэнд холбогдох ховор ном, зохиол цуглуулж ирж байжээ. Ц.Ширнэндамдин зүүний нугалаа завхралын үед чинээлэг ардын хөрөнгийг хурааж, хүний эрхийг ноцтой зөрчсөнийг шүүмжилсний улмаас 1931 оны 10 дугаар сарын 31-нд баривчилж, хилс хэрэг тохон, буудан алж хөрөнгийг хураасан байна. 1993 онд түүний хэргийг цагаатгасан.