Цэрэндашийн Намсрай

Цэрэндашийн Намсрай (1939 оны 2-р сарын 19-нд Хөвсгөл аймгийн Рашаант сумын "Өвөр булаг” хэмээх газар төрсөн- 1990 онд Улаанбаатар хотод нас барсан)- Монголын Төрийн зүгэлтэн. МАХН-ын Төв хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Төв Хорооны нарийн бичгийн дарга, Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн орлогч дарга.

Тэрээр малчин Дэлгэрийн Цэрэндашийн хүү болон мэндэлсэн байна. ЗХУ-ын Ленинградын Их сургуулийн сэтгүүлийн ангид сурч төгсөөд Бээжин болон Москва хотуудад сурвалжлагчаар ажилласан.

1972 оноос МАХН-ын Төв Хорооны ерөнхий хэлтсийн эрхлэгч, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалын шуурхай асуудал эрхэлсэн туслахаар ажилласан.

1983 оны эцсээр С.Жалан-Аажавын оронд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга болжээ.

1984 онд Цэдэнбалыг албан тушаалаас нь чөлөөлсөн МАХН-ын Төв Хорооны VIII бүгд хурлаас Ц.Намсрайг МАХН-ын Төв Хорооны УТТ-ны гишүүнээр сонгосон бөгөөд түүнээс хойш улс төрийн товчооны хурлын өнгө аяс өөрчлөгдөж, Намсрай өөрчлөн байгуулалтыг эрчимжүүлэх асуудлыг байнга шахан шаардаж байжээ.

1990 оны 3-р сард МАХН-ын Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох тухай Ж.Батмөнх дарга шийдвэр гаргах үйл явцад маш их хүчтэй нөлөө үзүүлсэн хүн бол Ц.Намсрай гэдгийг хойч үеийн залуучууд мартах учиргүй.