Цэнджавын Төмөр
Цэнджавын Төмөр (1906-1957) нь сонсогч, үзэгч түмний сэтгэлд шингээж дуулсан дууныхаа нэрээр “Дөмөн” хэмээн алдаршсан дуучин эмэгтэй юм.
Тэрээр Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу, өнөөгийн Дундговь аймгийн Дэлгэрцогт, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын яг зааг нутаг Цагаанчулуут хэмэх газар 1906 онд төржээ. 18 настайгаасаа буюу 1925 оноос урлаг соёлын ажилд оролцож, Улсын төв театрын анхны дуучдын нэг болж, тэндээ 1940 он хүртэл ажилласан байна. Тэр үедээ буюу 1935 онд Монгол улсын "Алдарт гавьяат дуучин" (одоогийн "Гавьяат жүжигчин") цол хүртсэн анхны хүмүүсийн нэг болсон юм.
Төмөр 1940-1945 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын сургуульд багшилжээ. Түүнээс хойш Төв аймгийн Баянбараат суманд аж төрж байгаад 1957 онд бие баржээ.
Монгол ардын уртын дууг жинхэнэ бараатын аялгуугаар дуулдаг, энэ аялгуугаар дуулагчдын сонгодог төлөөлөгч байсан Төмөр Улсын төв театрт байхдаа 1933 онд Москвад болсон дэлхийн олон улсын ажилчны хувьсгалт театрын үзлэгт оролцсон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд амжилттай оролцсоны дээр 1935 онд Москвад очиж, пянзны бичлэгт, дээр өгүүлсэн Түдэвийн хуурын аялгуу дор “Дөмөн”-г дуулж бичүүлснээрээ монголын ард түмний соёл урлагт шинэ алхмыг хийлцэж, монгол ардын дуу хөгжмийн урлагийг нийтэд сурталчлан түгээхэд хувь нэмэр оруулсан байна.