Цогтын Амарбаясгалан

Цогтын Амарбаясгалан (яп. アマラ忍, あまら しのぶ, 1979 оны 11 сарын 20 - ) нь Монгол Улсын Дархан-Уул аймгийн уугуул, мэргэжлийн кикбоксчин. Япон улсад амьдарч, тоглолт хийдэг.

Дэвжээний нэрээ хэд хэдэн удаа сольсон. 千葉忍 (Чиба Шинобү), 花戸忍 (Ханадо Шинобү), 白鳥忍 (Ширатори Шинобү), アマラ忍 (Амараа Шинобү) зэрэг нэрээр тоглож байсан. K-1-д оролцохдоо "SHINOBU"ツグト・アマラ (Шинобү Цогт Амараа), ツグト"忍"アマラ (Цогт Шинобү Амараа) нэрийг ашигладаг.

15 настайдаа найз нарын хамт Кёкүшинкай каратэгийн дугуйланд элсэн оржээ.

18 настайдаа Кёкүшинкай каратэгийн улсын аварга болсон байна.

2001 оны 4 сараас Японд амьдрах болсон.

2001 оны 5 сарын 4-нд Японы Тулааны урлагийн кикбоксийн холбооны зохион байгуулсан Китазавагийн тэмцээнд Чиба Шинобү хэмээх дэвжээний нэрээр анхны тоглолтоо хийж, 1-р үеийн 1 минут 30 секундэд өрсөлдөгчөө нокаутаар ялжээ.

2002 оны 3 сарын 30-нд KING COMBAT 2002 60кг-ийн жинд оролцож түрүүлсэн.

Мөн оны 4 сарын 28-нд Кооракүэнд болсон тэмцээнд Файтинг Маэзаваг нокаутаар ялж, анхны тоглолтоосоо хойш жил хүрэхгүй хугацаанд Японы тулааны урлагийн кикбоксын холбооны аваргын бүсийг эзэмших болжээ. Үүний дараа клубээ сольж Тооганэ жимээс Такахаши Доожо руу шилжсэн ба Бүх Японы кикбоксын холбооны тэмцээнүүдэд оролцох болов.

Тус холбооны анхны тэмцээнээ 2002 оны 6 сарын 16-нд хийсэн байна.

Түүний дараалсан ялалтууд 2003 оны 5 сарын 23-нд зогсч, улмаар мөн оны 9 сарын 27-ны тэмцээнд хүнд гэмтэл аван кикбоксоос хэсэг хөндийрчээ.

Дэвжээний нэрээ Ширатори Шинобү болгож солин "дахин төрсөн" тэрээр 2004 оны 4 сарын 13-нд Ямамото Масахирог шүүгчийн саналаар ялж, эргэн ирснээ зарласан юм.

2004 оны 6 сарын 18-нд хөнгөн жингийн шилдгийг шалгаруулах тулаанд түрүүлсэн.

2005 оны 1 сарын 4-нд Бүх Японы кикбоксын хөнгөн жингийн аварга цолыг эзэмших болов.

2006 оны 1 сарын 14-нд дэвжээний нэрээ дахин сольж, Амараа Шинобү гэж дуудуулах болсон.

2006 оны 4 сарын 5-нд K-1 WORLD MAX 2006 дэлхийн аварга шалгаруулах тулааны нээлтийн тоглолтод "SHINOBU" ツグト・アマラ буюу Шинобү Цогт Амараа нэрээр оролцож, дэлхийн аварга Анди Сауэртай тэнцүү тулалдсан ч харамалтай нь шүүгчийн саналаар ялагдаж, эхний тоглолтоо чимж чадсангүй.

2007 оны 4 сарын 4-нд K-1 WORLD MAX төгсгөлийн сонгон шалгаруулалтад оролцож нутаг нэгт Жадамбын Нарантунгалагийг шүүгчийн саналаар ялсан нь түүний К-1 дэх анхны ялалт болсон байна.

Үзүүлэлтүүд

засварлах

Нийт 82 тулаан хийж, 70 ялснаас 24 өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авчээ.

Цахим холбоос

засварлах