Хөвсгөл усан зам

Хөвсгөл усан зам нь Монголын хувьцаат компани. Номин Холдингс группт багтаж, Хөвсгөл нуурын усан тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

XX зууны эхэн үед Оросын худалдаачид Ханх-Хатгалын чиглэлд худалдаа арилжаа хийхийн тулд хуурай замаар буюу Хөвсгөл нуурын зүүн эргээр тээвэрлэлт хийдэг байсан нь хугацаа ихтэй, хүн хүч их шаардсан ажил байжээ. Хөвсгөл нуураар усан замын тээвэр хийх нь илүү ашигтай байсан учраас 1910 онд “Горбонос Порштейн Баракович” хэмээх худалдааны нөхөрлөлийн "Монгол" гэдэг нэртэй 40 тн ачааны даацтай 75 морины хүчтэй уурын параход барьж тээвэрт ашиглаж эхэлсэн байна. 1919 оноос энэ онгоцыг Зөвлөлт Орос Улсын “Центр Союз” гэдэг Сибирийн худалдааны байгууллага хариуцан усан замын тээвэр хийдэг байсан ба оросууд ажилладаг байжээ. 1931 онд ЗХУ-ын Дорнод Сибирийн усан замын газраас санаачлан "Монгол улсын 10 жилийн ой" гэдэг нэртэй дизель хөдөлгүүрт 100 тн даацтай усан онгоц барин ашиглаж байжээ.

БНМАУ-ын Засгийн газрын эрхлэх товчооны 1931 оны 55 дугаар тогтоолоор Хөвсгөл нуурын пароходын буудлын газрыг Туртад байгуулахаар шийдвэрлэж, ЗХУ-ын Дорнод Сибирийн Усан замын газрын харьяа Хөвсгөлийн усан замын газрыг байгуулав. Дараа нь 2 улсын засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу ЗХУ- аас Монгол улсад ноос угаах үйлдвэр барихаар тохиролцон, өргөн хэрэглээний бараа тээвэрлэх, машин техник хэрэглэх шатахуун тосыг тээвэрлэх зэрэг ажилд нилээд хүч чадалтай усан онгоц, чиргүүл онгоц барих, Ханх болон Хатгалд усан онгоц /пароход/ зогсох гүүр барих шаардлага гарсан билээ. Хуучин усан онгоцыг 4 жил ашигласны эцэст Зөвлөлт Холбоот Улсын хүч хөрөнгөд тулгуурлан 1932-1934 онд Дорнод Сибирийн усан замын газрын удирдлага зохион байгyулалт дор 120 тн-ын даацтай, 60 зорчигч тээвэрлэх “Сүхбаатар” хөлөг онгоц, тус бүр 250 тн даацтай хуурай ачааны “Малчин”, шатахуун тээвэрлэх “Ажилчин” нэртэй чиргүүл онгоцуудыг барьж ашиглалтад оруулан, иж бүрэн хөвөх бүрэлдэхүүнтэй болжээ. Үүний зэрэгцээ зогсоолын гүүр, эрэг буудлын аж ахуйн барилга баригдаж "Турт"-д усан замын байгууллагыг төвлөрүүлсэн байна. Тэр үед тухайн байryуллагын боловсон хүчин бусад ихэнх мэргэжилтнүүд ЗХУ-ын иргэд байжээ. 1935 оноос ЗХУ-ын мэргэжилтнүүд монгол ажилчдыг галч, усан цэрэг, залуурчин, чиргүүл онгоцны дарга зэрэг мэргэжлүүдээр сургаж эхэлсэн байна. Б.Чадраабал, Ж.Лувсгаа, Лувсан, Лувсанзэвэг, М.Рагчаа, Ишбал, Даваа, Дисдаа, Цэдэн, Ш.Дамдинсүрэн, Шагдар зэрэг Хөвсгөл усан замын анхны мэргэжилтнүүд төрөн гарсан түүхтэй. Хөвсгөлийн Усан замын газар нь 1950-аад оны эхэн үе хүртэл ЗХУ-ын Дорнод Сибирийн Усан замын газрын харьяанд байж Ханх, Хатгалаар дамжуулан Хөвсгөл, Завхан болон бусад аймгуудад хүн амын өргөн хэрэгцээний бараа, шатахуун тээвэрлэн хүргэж, мөн аймаг, сумдад бэлтгэгдсэн ноос, арьс шир, түүхий эд, загас зэрэг үндэсний баялаг, экспортын барааг ЗХУ-д хүргэх үүргээ нэр төртэй биелүүлж байлаа.

Хөвсгөлийн Усан замын газрыг Монголын талд бүрмөсөн шилжүүлэн өгөх тухай БНМАУ, ЗХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр 1952 оны 3 сард хийгдэж улмаар мөн оны 8-р сарын 20-нд Ханх, Хатгалын усан онгоцны зогсоол барилга байгууламж, ачих, буулгах механизм, агуулах, “Сүхбаатар” хөлөг онгоц 2 чиргүүлийн хамт Монголын талд үнэ төлбөргүйгээр хүлээлгэн өгснөөр Монголын үндэсний усан замын газар байгуулагдаж, анхны дарга-ахмадаар нь Балжиннямын Чадраабал томилогджээ. ЗХУ-аас бэлэглэсэн хөрөнгө нь 1,4 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан бөгөөд тухайн үедээ үйл ажиллагаа явуулах бэлэн мөнгөгүй байсан тул Сайд нарын Зөвлөлөөс 70000 төгрөг авч санхүүжигдэн 1952 онд 13.0 мянган тн ачаа тээвэрлэж, 900 мянган төгрөгийн орлоготой ажиллаж, цаашид бие даан ажиллах нөхцөл бүрдсэн байна.

1955 оны 6 сард Сайд нарын Зөвлөлийн 269 дүгээр тогтоол гарч 1956 онд ЗХУ-тай байгуулсан худалдааны хэлэлцээрийн дагуу уурын хөдөлгүүрт 400 морины хүчин чадалтай, 60 тн-ын даацтай, 40 хүний суудалтай “Сүхбаатар” онгоцыг хэсэгчилсэн угсралттайгаар Култук өртөөгөөр дамжуулан Ханхад авчирч хээрийн нөхцөлд угсарч ашиглалтад оруулжээ. Мөн 400 тн ачаа тээвэрлэх чадалтай “Хөвсгөл” чиргүүлийг ашиглалтад оруулсан байна. "Сүхбаатар" онгоц нь 2-3 чиргүүл онгоц чирч, цагт 18-20 км/цагийн хурдтай явах ба онгоцны бие бүрэлдэхүүнд 18 хүн ажилладаг байв. Хөвсгөлийн Усан Замын газар 1953 оноос эхлэн улсын төлөвлөгөөний дагуу ажиллаж эхэлсэн ба жилд дунджаар 1,2 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг болсон байна. Монгол Зөвлөлтийн хооронд Ханх-Мондын гарцаар экспорт, импортын бараа тээвэрлэх хэмжээ эрс нэмэгдэж, ЗХУ-аас овор, даац ихтэй ХАА-н техник хэрэгсэл олноор орж ирэх болсонтой холбогдуулан Монгол улсын захиалгаар 1961 онд 300-350 тн-ын даацтай “Ургац” чиргүүл онгоцыг, мөн 500 тн-ын даацтай “Долгион” чиргүүл онгоцыг Туртад угсарч ашиглалтад оруулжээ. 1970 онд ЗХУ-ын Новосибирск хотын Усан замын зураг төслийн институтын зураг төслөөр Турт, Хатгалд хуурай ба шингэн ачааны иж бүрэн механикжсан орчин үеийн бетон зогсоолыг Хатгалын барилгын цэргийн 110 дугаар ангийн дайчид анх удаагаа барьж ашиглалтад оруулжээ. Хөвсгөлийн Усан замын газрыг 1985 онд Ханхаас Хатгалд нүүлгэн шилжүүлсэн байна.

1955 онд ашиглалтад орсон “Сүхбаатар” хөлөг онгоц 1985 онд ашиглалтаас хасагдах хүртлээ 30 жил ашиглагдсан хугацаандаа 49,7 сая төгрөгийн орлоготой ажиллаж анхныхаа үнийг 17 дахин нөхөн олжээ. Харин нэг удаа хөвөхдөө 60-70 куб метр мод, жилд 3861 куб метр мод түлдэг байсан ажээ. Хуучин “Сүхбаатар”-ыг халсны дараа 800 морины хүчин чадалтай дизель хөдөлгүүрт, далайн тээврийн ангилалтай, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон шинэ “Сүхбаатар” онгоцыг Пермь хотын усан онгоцын үйлдвэрийн мэргэжилтнүүд хэсэгчилсэн иж бүрдлээр нь Эрдэнэт төмөр замын өртөөнөөс тээвэрлүүлж Хатгалын Цахир толгой хэмээх газар Зөвлөлтийн мэргэжилтэн В.А.Соколов, Г.М.Полуянов, Монголын талаас Орогвойн Цэнгэлчулуун нар удирдан зохион байгуулж, хээрийн нөхцөлд угсарч Засгийн газрын комисст хүлээлгэн өгсөн байна. Уг онгоц 600 тн ачаа чирэх чадалтай, 48,64 метр урттай, 8,68 м өргөнтэй, 27 метр өндөр, 483 тн жинтэй, суулт 3 метр, 22 км/цагийн хурдтай, холбооны автомат төхөөрөмжтэй, манан будан, хүчтэй давалгаатай үед хөвөлтөд явах иж бүрэн төхөөрөмжтэй, 10 хүртлэх баллын хүчтэй давалгаанд тогтвортой, аюулгүй ажиллах боломжтой онгоц ажээ.

Хөвсгөлийн Усан замын газар 1953 оноос эхлэн улсын төлөвлөгөөг жил бүр 102,9-117,6 %-иар давуулан биелүүлж ирсний дор 30 хүн таван жилийн гавшгайч цол хүртэж, 12 хүн аймаг, сум,хотын хөдөлмөрийн аварга болж байжээ. Анхны капитан БНМАУ-ын гавьяат тээврийн Балжиннямын Чадраабал, капитан Чадраабалын Бат, ахмад Б.Бямбасүрэн , механик Ламжавын Пүрэвдорж, “Ургац” чиргүүлийн дарга Цэвээний Бямбажав, залуурчин Дэжээгийн Баажий, усан цэрэг Д.Нямдаваа, Д.Чулуунбат, Б.Батбуян, Усан замын газрын дарга байсан О.Цэнгэлчулуун, Д.Далай, С.Сандаг нарын ахмадууд Хөвсгөлийн усан замыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Ахмад үеийнхээ залгамж халааг үргэлжлүүлэн үр хүүхэд, ач зээ нар нь одоог хүртэл зарим нэг нь ажилласаар байгаа нь бахархууштай юм. БНМАУ-ын гавъяат тээвэрчин Балжиннямын Чадраабал түүний хүү Чадраабалын Бат, Батын Нэргүй, ахмад Бизьяагийн Бямбасүрэн, түүний хүү Бямбасүрэнгийн Баясгалан, усан цэрэг Дүвжирийн Маамаа, Маамаагийн Баярсайхан, машинист Дамдинжав, хүү Даваадорж, усан замын газрын дарга О.Цэнгэлчулууны хүү усан цэрэг Ц.Сүхбаатар, “Сүхбаатар” хөлөг онгоцны ахмад Лувсанцэрэнгийн Бадамдорж, түүний хүү Бадамдоржийн Ганзориг, 1955-1985 оны хоёр усан онгоц угсарч барихад оролцож байсан ахмад тээвэрчин “жолооч” Тогтохын Гармаа, түүний охин үйлчлэгч Гармаагийн Өлзийсайхан, ерөнхий механик байсан Д.Сандагийн зээ хүү Бат-Очирын Энхпүрэв гэх мэт өв залгамжилсан усан замчдыг дурдаж болно.

Хөвсгөл нуурыг хамгаалах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 1989 оны 186 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор шатахуун тээвэрлэхийг зогсоож, бааз байгуулагууд татан буугдаж, өөр газруудад шилжсэн зэргээс 1991 оноос Хөвсгөлийн усан замын газрын үйл ажиллагаа үндсэндээ зогссон юм. Хөвсгөл аймгийн өмч хувьчлалын комиссын 1993 оны 18 дугаар тогтоолоор Усан замын газрыг төрийн өмч давамгайлсан “Хөвсгөл Усан Зам” ХК болгон зохион байгуулж нийтэд хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжаалсан. 1997 онд Засгийн газрын 160 дугаар тогтоолыг үндэслэн тус компанийн хувьцааг нийтийн дуудлага худалдаагаар “ТАС” ХХК худалдан авсан боловч удалгүй “Номин Холдинг” ХХК-д шилжүүлснээр Хөвсгөл Усан зам эдүгээ “Номин Холдинг”-ийн охин компани болж ажиллаж байна. Ийнхүү “Номин Холдинг” ХХК нь 2005 оны 11 сараас “Хөвсгөлийн Усан Зам” ХК-ийн эзэмшигч болсноос хойш аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах боллоо. “Хөвсгөл усан зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Монголын Ихрүүдийн Холбооны тэргүүн, МУСТА, Монгол Улсын Гавьяат багш Чулуунбаатарын Үржинбадам 2005 оноос эхлэн эдүгээ хүртэл ажиллаж, усан замчдыг аялал жуулчлалын салбарт шинэ үеийн ажиллагсад болон мэргэшүүлж, гадаад дотоодын олон зуун мянган жуулчдад аюулгүй найдвартай, соёлтой үйлчилсээр ирлээ. Өнөөдрийн “Хөвсгөл Усан Зам” аялал жуулчлалын бааз нь модон гэр, урц, ресторанаар үйлчилгээ явуулахын зэрэгцээ байгууллага, хувь хүний захиалгаар шөнийн аялал, бал сарын аялал, уулзалт, үдэшлэг зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж байна.