Хүндэт харуул - Монгол төрийн хүндэт харуул өнө удаан жилийн урт түүхтэй билээ. Эртнээсээ Монголчууд эр цэргийн сор болсон залуусаа торгон цэрэг хэмээн цоллож, хаан ордноо хамгаалуулдаг байсан нь өдгөө цагт хүндэт харуул болон өргөжжээ. Өдгөө цагт төрийн хүндэт харуулын үүрэг өсөн нэмэгдэж, ёслол хийгээд харуул хамгаалалтын үүргийг зэрэг гүйцэтгэдэг болсон. Хүндэт харуул улаан СКС буугаар төр нийгмийн зүтгэлтнүүд гадны зочид төлөөлөгчидийг харуулдан хамгаалж сүрт жагсаалаараа цэргийн сүрийг үзүүлдэг билээ. Манай хүндэт харуулын цэргүүд хугацаат цэргийн албан хаагчид байдаг учир зарим орны хүндэт харуул адил мэргэжлийн түвшинд бэлтгэгдэж чадахгүй юм.

1974 онд анги байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Байлдааны гавьяаны одонгоор шагнагдсан бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар 2019 оны 10-р сард Зэвсэгт хүчний 032 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулжээ.

Их эзэн Чингис хааны алдарт шадар хишигтэн цэргийн алтан аргамжийг бөхлөн, Монгол төрийн хүндэт харуулын нэн хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж ирсэн Та бүхэнд анги байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах Зэвсэгт хүчний 032 дугаар анги 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа батлан, БНМАУ-ыг тунхаглаж, Нийслэл хүрээг улсын нийслэл “Улаанбаатар хот” хэмээн нэрлэсэнтэй зэрэгцэн “Улаанбаатар хотын комендант” нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Тус анги тайван цагийн бүтэц, орон тоо, зохион байгуулалтын дагуу хууль журмаар тогтоосон төрийн болон цэргийн ёслол хүндэтгэл; батлан хамгаалах, зэвсэгт хүчний байнгын удирдлагын байр, ангийн байрлалын харуул хамгаалалт; Улаанбаатар цэргийн хүрээнд ёс журам сахиулах гэсэн үндсэн үүрэгт ажил болон өдөр тутмын үйл ажиллагаа, цэргийн хангалт, үйлчилгээг тасралтгүй зохион байгуулж байна.

Монгол цэргийн шилдэг уламжлалыг хадгалж, олон түмэндээ “Хүндэт харуулын” хэмээн алдаршсан 032 дугаар анги Монгол Улсын хэмжээнд үндэсний баяр, түүхэн ой, онц чухал үйл явдал, нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийг ёслон тэмдэглэх, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, бусад албан тушаалтан тангараг өргөх, тамга шилжүүлэх, төрийн дээд шагнал олгох, цол хүртээх болон эмгэнэн гашуудах зэрэг Төрийн үндэсний ёслол болон Монгол Улсад айлчилсан гадаадын өндөр дээд хэмжээний зочдыг угтах, Гадаадын Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичиг хүлээн авах, Дипломат төлөөлөгчийн газруудтай харилцах зэрэг гадаад бодлогыг хэрэгжүүлэх төрийн дипломат ёслолыг гүйцэтгэж, Монгол Улсын Төрийн ёслолын нүүр царай болж, дүр төрхийг тодорхойлж ирсэн юм.

Хурандаа генерал Жамсрангийн Ёндон 1955 онд Монгол Улсад Хүндэт харуулын тусгай ротыг байгуулахад анхны захирагчаар нь томилогдож, ард олноо “Рапорт Ёндон” хэмээн алдаршсан юм.

Алба хаах шалгуур

засварлах

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хүндэт харуулд гэрээт цэргийн алба хаах хүсэл сонирхолтой, хугацаат цэргийн алба хаасан 180см дээш өндөртэй, бие бялдар сайтай, залуучуудыг төрийн хүндэт харуулын ротод мөн элсүүлэн сонгон шалгаруулж авдаг байна.

Цахим холбоос

засварлах
  Commons: Хүндэт харуул – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

 

Энэ зэвсэгт хүчний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

 

Энэ цэргийн нэгжийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.