Итгэмжлэх жуух бичиг
Итгэмжлэх жуух бичиг (франц. Lettre de créance, англи. Letter of credence, товч. Credentials , орос. Верительная грамота) -Гадаад улсад суух Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилогдож буй Элчин сайд буюу Бүрэн эрхт төлөөлөгч нарыг тус улсын тэргүүн томилж байгаагаа мэдэгдэж байгаа албан ёсны дипломат харилцааны баримт бичиг юм. Энэ бичгийн агуулгад, илгээж буй Улсын Төрийн тэргүүн болон Засгийн газрыг төлөөлж буй тус Элчин сайдын хэлсэн зүйлд бүрэн итгэхийг урьдчилан хүссэн байдаг. Иймээс "Итгэмжлэх жуух бичиг" гэж нэрлэдэг байна. Уг Итгэмжлэх жуух бичгийг томилогдсон Элчин сайд тухайн томилогдон суух улсын Төрийн тэргүүнд биечлэн гардуулдаг бөгөөд гардуулсан цагаас тэр Элчин сайд албан ёсоор үүрэгт ажилдаа орсоноор тооцдог байна.
Орчин үеийн Дипломат үйл ажиллагаанд Итгэмжлэх жуух бичиг барихын өмнө:
засварлах- Илгээж буй улсын Төрийн тэргүүн гарын үсэг зурж баталгаажуулдаг:
- Гадаад хэргийн сайдын гарын үсгээр баримтжуулдаг;
- Элчин сайдын томилогдож байгаа улсын Төрийн тэргүүнд хаяглагддаг;
- Томилогдон очиж буй улсынхаа Төрийн тэргүүнд Элчин сайд ёслол хүндэтгэлийн байдалд биечлэн гардуулдаг;
- Элчин сайдын тус улсад ирсэн өдөр, цагаар ИЖБ-ээ Төрийн тэргүүнд гардуулах дарааллыг тогтоодог.
Томилогдсон Элчин сайд Төрийн тэргүүнд албан ёсоор ИЖБ-ээ гардуулсан өдрөөс албан үүрэгтээ орсонд тооцдог тул Элчин сайд нар аль болох түргэн ИЖБ-ээ гардуулахыг эрмэлздэг. Гэхдээ Элчин сайд Төрийн тэргүүнд албан ёсоор ИЖБ-ээ гардуулахаас өмнө тус Улсын ГХЯ-ны Ёслолын хэлтсийн даргатай уулзах хүсэлтээ тавьж уулзаад ИЖБ-ээ барих ёслолын ажиллагааны үйл явцын дэг жаягтай танилцдаг журамтай. Үүний дараа суух улсынхаа Гадаад харилцааны сайдад бараалхаж өөрийгөө танилцуулаад ИЖБ-ийнхээ хуулбарыг гардуулж Төрийн тэргүүнтэй уулзах үеэр ярих зүйлээ урьдчилан танилцуулдаг байна. Ингэснээр Элчин сайд үүрэгт ажилдаа орсон гэж "дэ Факто" үздэг боловч "дэ Юрэ" албан ёсоор Төрийн тэргүүнд ИЖБ-гээ барьсан өдрөөр тооцдог байна.
Зарим гадаад харилцаа өргөнтэй улсад 100 болон түүнээс дээш гадаадын ЭСЯ, Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар байдаг тул тухайн Улсын Төрийн тэргүүн Элчин сайд нарын ИЖБ-гийг тус тусад хүлээн авах боломжгүй тул нэг дор "бөөнөөр" нь 30-40 Элчин сайд нарыг хүлээн авдаг жишиг мөн байдаг юм.