Хятадын Гадаад харилцааны Их сургууль
Хятадын Гадаад харилцааны Их сургууль (англи. China Foreign Affairs University, CFAU, хятад.уламж. 外交學院, хялбар. 外交学院, пиньинь Wàijiāo Xuéyuàn) — БНХАУ-ын нийслэл Бээжин хотод байралдаг олон улсын харилцааны мэргэжилтэн болох дипломатуудыг бэлтгэдэг улсын Их сургууль юм. Гадаад хэргийн Их сургууль нь БНХАУ-ын Гадаад хэргийн болон Боловсролын яамдын харьяанд байдаг байна.
БНХАУ-ын Гадаад харилцааны их сургууль нь оюутнуудаа “эх оронч үзэлтэй, дэлхийн алсын хараатай, мэргэжлийн өндөр туршлагатай, гадаад хэлний өндөр түвшний мэдлэгтэй, өндөр чанарын мэдлэгтэй" бэлтгэдэг байна. Байгуулагдсан цагаасаа хойш 20,000 орчим төгсөгчдийн 30 гаруй нь Яамны сайдын албан тушаал хашиж, 500 орчим хүн гадаад улсад Элчин сайдаар, 1000 гаруй хүн БНХАУ-аас гадаадад суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, Засгийн газрын газар, хэлтэс, агентлагийн даргаар тус тус ажиллаж байгаа тул "Хятадын дипломатчдын өлгий" гэсэн нэр хүндтэй болжээ.
Өнөөгийн байдлаар ХГХИС (CFAU) нь "Zhanlanguan Road Campus" болон "Shahe Campus" нэртэй хоёр оюутны хотхонтой бөгөөд эхнийх нь 1956 онд, дараах нь 2012 онд ашиглалтанд орсон байна.
Үйл ажиллагаа
засварлахГадаад харилцааны их сургууль нь доктор, магистр, бакалаврын сургалт явуулдаг 2,300 орчим хятад бөгөөд 100 гаруй гадаад оюутнуудтай ажээ. Тус их сургууль нь Дипломат болон Гадаад харилцааны удирдлагын тэнхим, Англи хэл, олон улсын судлалын тэнхим, Гадаад хэлний тэнхим, Олон улсын эрх зүйн тэнхим, Суурь боловсролын тэнхим, Төгсөлтийн дараах сургалтын тэнхим болон Олон улсын эдийн засгийн сургууль, Олон улсын боловсролын сургууль, Олон улсын харилцааны дээд сургууль зэргийн төрөлжсөн 8 тэнхимд сургалт, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн тус Их сургууль нь Ази судлалын хүрээлэн, Олон улсын эрх зүйн хүрээлэн, Хятадын гадаад бодлого судлалын төв зэрэг гуч гаруй судалгааны хүрээлэн, төвтэй. Оюутнууд дипломат үйл ажиллагаа, англи хэл-орчуулга, франц, япон, испани хэл, олон улсын эрх зүй, олон улсын эдийн засаг, худалдаа, санхүү, олон улсын харилцаа, дэлхийн улс төр гэх мэт сэдвээр мэргэших боломжтой юм байна.
Мөн Хятадын Гадаад харилцааны их сургууль нь Хятадын төрийн албан хаагчид болон гадаадын дипломат ажилтнуудад зориулсан богино хугацааны сургалт явуулдаг байна.
Түүх
засварлахХятадын Гадаад харилцааны Их сургууль нь 1955 онд тухайн үеийн Ерөнхий сайд Жоу Эньлайгийн санаачилсанаар байгуулагдсан бөгөөд Гадаад хэргийн яаманд харьяалагддаг (тус Их сургуулиас гадна Бээжинд байрладаг Олон улсын харилцааны Их сургуультай андуурч болохгүй). ХГХИС-Хятадын Ардын Их Сургуулийн Дипломат үйл ажиллагааны тэнхимийн суурин дээр байгуулагдсан байна. Хятадын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Чен И 1961-1969 онд тус их сургуулийн ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. "Соёлын хувьсгал"-ын үеэр Их сургууль хаагдсан. 1980 онд Дэн Сяопиний ивээл дор дахин нээгдсэн. Хятадын Гадаад харилцааны Их сургуулийн өмнөх ерөнхийлөгч нарын ихэнх нь Элчин сайд нар байсан. Одоогийн ерөнхийлөгч нь олон улсын харилцааны мэргэжилтэн Цинь Ячин, намын нарийн бичгийн дарга нь Ци Даюй юм.
Гадаадын өндөр албан тушаалтнуудын сэтгэгдэл
засварлах2008 оны 7-р сарын 1-нд тухайн үеийн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун тус их сургуульд хэлсэн үгэндээ “Хятадын дипломатуудын өлгий; Хятадтай холбоотой асуудлаар идэвхтэй, интерактив мэтгэлцэх эрх мэдэл бүхий институци болон олон улсын хамтын нийгэмлэгт өргөжин тэлж байгаа байгууллага юм" гэжээ.
Францын ерөнхийлөгч асан Жак Ширак 2009 оны 4-р сарын 29-нд тус Их сургуулийг "Хятадын дипломат харилцааны шилдэг авьяастныг төлөвшүүлдэг дээд боловсролын байгууллага" гэж нэрлэжээ.
АНУ-аас Хятадад суугаа Элчин сайд Гэри Фэй Локк Афганистаны дипломатчдыг сургах Америк, Хятадын хамтарсан хөтөлбөрийн нээлтийн ёслол дээр тус Их сургуулийг "Хятадын авъяас чадвартай дипломатуудын төрүүлдэг газар" гэж нэрлэжээ.
Албан ёсны цахим хуудас: https://en.cfau.edu.cn/