Монгол улсын Шинжлэх ухааны академи - Олон Улс Судлалын Хүрээлэн

засварлах

Монгол Улс дахь орон судлал, олон улсын харилцааны суурь судалгааг дагнан хэрэгжүүлэгч, мэргэжлийн байгууллага болох Шинжлэх ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнгийн товч танилцуулгад анхаарлаа хандуулж буй Танд энэ өдрийн мэнд дэвшүүлж байна.

 
Олон улс судлалын хүрээлэн

Тус хүрээлэн нь 1968 онд үүсэн байгуулагдсанаас хойш Монгол Улсын гадаад бодлогын шийдвэр гаргах үйл явцад судалгааны дэмжлэг үзүүлэх, шинэ мэдлэг бүтээх, нийгмийг соён гэгээрүүлэх талаар үр дүнтэй ажилласаар ирсэн билээ.

Эдүгээ бид Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлого, хөгжлийн гадаад таатай орчныг хангахад чиглэсэн олон улс судлал, олон улсын харилцааны суурь болон хавсарга судалгаа хийх, бүс нутгийн хэмжээнд судалгааны түвшин, академик мэдлэг бүтээх чадамж бүхий хүний нөөцийн чадавхаар үнэлэгдсэн, дотоод гадаадад нэр хүндтэй хүрээлэн болох алсын харааг дэвшүүлэн ажиллаж байна.

Энэхүү танилцуулгаас манай байгууллагын талаар бодит мэдээлэл авч Монгол Улсын гадаад орон судлал, олон улсын харилцааны судалгааны өргөн хүрээтэй асуудлын хүрээнд бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

Түүх бахархал

засварлах

Олон улс судлалын хүрээлэн нь Монгол Улс НҮБ-д элссэний дараа гадаад харилцаагаа өргөжүүлэн тэлэх бодлого идэвхтэй явуулж эхэлсэн цаг үеийн зайлшгүй эрэлт шаардлагаар ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын дэргэд Ази, Африкийн хэлтэс нэртэйгээр 1968 онд анх байгуулагдсан. Улмаар 1976 онд Дорно дахин судлалын хүрээлэн болж өргөжин, 1991 онд Дорно дахин, олон улс судлалын хүрээлэн, 1999 онд Олон улс судлалын хүрээлэн болон хөгжиж ирсэн эрдэм шинжилгээний ууган байгууллагуудын нэг юм.

Тус хүрээлэн түүхэн хөгжлийн хугацаандаа “Хүрээлэнгийн үүсэл, төлөвшлийн үе” (1968-1990 он), “Хүрээлэнгийн ардчилал, шинэчлэлийн үе” (1990-1999 он), “Хүрээлэнгийн өрнөл хөгжлийн үе” (2000-2021 он) гэсэн 3 үе шатыг[1] туулан өнөөдрийн түвшинд хүрчээ.

Суурь судалгааг дагнан хэрэгжүүлэгч манай эрдмийн хамт олон Монгол Улсад гадаад орон судлал, ялангуяа хөрш орон судлал, бүс нутаг, олон талт харилцаа судлалыг улс орны үндэсний эрх ашиг, гадаад бодлогын эн тэргүүний зорилтуудтай нягт уялдуулан хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсныг бидний түүхэн хугацаанд хэвлүүлсэн олон ном бүтээл, эрдэм шинжилгээний сэтгүүлүүд, зохион байгуулсан хурлууд, бэлтгэсэн бодлогын зөвлөмжүүд илтгэн харуулдаг.

Энэ үүднээс өнгөрсөн хугацаанд хөрш ОХУ, БНХАУ болон гуравдагч хөрш орнуудын ашиг сонирхол, бодлого, зорилт, хөгжил дэвшил, түүх, соёлыг өргөн хүрээнд судлахад үйл ажиллагаагаа бүрэн чиглүүлж иржээ.

Хүний нөөц, судалгааны чадамж

засварлах

Тус хүрээлэн нь Орос судлал, Хятад судлал, Гуравдагч хөрш орон судлал, Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлал гэсэн 4 үндсэн салбарт харьяалагддаг 34 эрдэм шинжилгээний ажилтан, 3 захиргааны ажилтан, бүгд 37 орон тоотой.

Нийт эрдэм шинжилгээний ажилтнуудын дунд шинжлэх ухааны доктор (ScD) 4, боловсролын доктор (PhD) 14, магистр 16, эрдэм шинжилгээний ажилтны дундаж нас 40 байна. Хүний нөөц, боловсон хүчний хувьд ОХУ, БНХАУ, АНУ, Британи, ХБНГУ, Австрали, Япон, БНСУ, Турк, Вьетнам, Казахстан, Тайванд доктор, магистрын зэрэг хамгаалж, мэргэжил дээшлүүлсэн, судлаачдын ихэнх нь орос, хятад, англи, япон, герман, солонгос, турк, вьетнам, казах зэрэг гадаад хэлний мэдлэг, чадвар эзэмшсэн. Тус хамт олны дунд эрдмийн бүтээл туурвилаараа Монгол Улсдаа төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олон эрдэмтэн түүхэн хугацаанд тодрон гарсан байна. Тухайлбал, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан академич Н.Ишжамц, Ч.Далай, Т.Намжим, шинжлэх ухааны доктор Л.Жамсран, Л.Хайсандай, Ц.Баатар, доктор Д.Алтай, доктор Д.Шүрхүү нарын 8 эрдэмтэн Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Ж.Баясах Монгол Улсын Гавьяат багш цолыг тус тус хүртэж, хүрээлэнгийн хамт олны дундаас нийт 8 гавьяат цолтон төрөн гарсан юм. Мөн доктор /ScD/ О.Батсайхан шилдэг бүтээл туурвилаараа Монгол Төрийн дээд соёрхол хүртжээ.


Орос судлалын салбар

засварлах

1999 оны сүүлээр Олон Улс Судлалын хүрээлэн байгуулагдахад Орос судлалын салбар бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд[2] тухайн үед академич Б.Лхамсүрэн, Б.Балдоо, доктор (Sc), профессор С.Дамдинсүрэн тэргүүтэй эрдэмтэд ажиллаж байжээ. Орос судлалын салбар үндсэн 6 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаагийн дотор шинжлэх ухааны доктор (ScD) 1, боловсролын доктор (PhD) 2, магистр 3 байна.

Тус салбарын судалгааны зорилго нь ОХУ-ын түүх, өнөөгийн байдлыг бүтээлчээр харьцуулан судлах, бүс нутагт Оросын Холбооны Улсын баримталж буй гадаад бодлого, үйл ажиллагаа, ирээдүйн төлөв хандлага, Монгол-Оросын харилцааны механизм, шинэ хандлагыг бүрнээр судалж, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны санал, дүгнэлт боловсруулах, бодлого боловсруулах, шийдвэр гаргах төвшинд зөвлөмж, мэдээлэл өгөх, гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтийг хангахад шинжлэх ухааны талаас дэмжлэг үзүүлэхэд оршино.

Салбарын судалгааны үндсэн чиглэл:

-      ОХУ-ын дотоод, гадаад бодлогын тулгамдсан асуудлууд

-      ОХУ-ын гадаад бодлогын шинэчлэл, нөлөөлөл, хүрээ

-      ОХУ-ын хөгжлийн стратегийн асуудлууд

-      Ази, Номхон далайн бүс нутагт хандсан ОХУ-ын бодлого, үйл ажиллагаа

-      Зүүн хойд Азийн орнуудтай тогтоосон ОХУ-ын хамтын ажиллагаа, бүс нутгийн эдийн засгийн интеграц дахь оролцоо

-      Монгол-Оросын харилцаа, түүх, улс төр, эдийн засаг, соёл, боловсролын харилцааны өнөөгийн байдал, шинэчлэл, ирээдүйн хандлага

-      Монгол Улс, ОХУ-ын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа

Тус салбараас Орос судлалыг өргөжүүлэн хөгжүүлэхдээ хоёр улсын харилцааны түүхэн замнал хийгээд орчин цагийн шаардлагад тулгуурлахыг зорьж байна. Үүний тулд олон тооны эрдэм шинжилгээний бага хурал, олон улсын хурал, форум зэргийг амжилттай зохион байгуулж, Монгол Улсын гадаад бодлого хийгээд шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр болохуйц ном товхимол, бүтээлүүдийг эрхлэн гаргасаар байна.

ШУА-ийн Олон улсын судлалын хүрээлэнгээс Орос судлалын салбараараа дамжуулан ОХУ-ын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэн, мөн Монгол Түвд, Будда судлалын хүрээлэн зэрэг байгууллагатай идэвхтэй хамтарч ажиллаж байна.

Хятад судлалын салбар

засварлах

Олон улс судлалын хүрээлэн 1976 онд Дорно дахин судлалын хүрээлэн болж, гурван тасагтайгаар судалгааны хүрээлэнгийн статусаар ажиллаж эхлэхэд аль нэгэн улсыг тусгайлан судлах судалгааны анхны бие даасан нэгж байгуулагдсан бөгөөд тэр нь Хятад судлалын тасаг байв. Үүнээс хойш Хятад судлалыг хүрээлэнгийн бүтцэд бие даасан нэгжийн статусаар байлгах хандлага (2015-2018 оны зурвас үеийг үл тооцов) өөрчлөгдөөгүй билээ.

Хятад судлалын салбар байгуулагдсан цагаасаа хойш хөрш орон БНХАУ–ыг суурь судалгааны үүднээс орон судлалын чиглэлээр системтэй судалжээ. Хятадын эрт эдүгээгийн болон соёл иргэншлийн түүх, уламжлал, Монгол-Хятадын харилцааны түүх, Хятадын орчин үеийн байдал, тавьж буй хөгжлийн зорилт, даван туулж буй сорилт, нийгмийн хөгжлийн онцлог, геополитик болон геоэдийн засгийн бодлого хийгээд хятад хүний оюун санааны өвөрмөц байдал зэргийг манай салбарын үе үеийн эрдэмтэд боломжийн хэрээр судалж, судалгааныхаа үр дүнд тулгуурлан олон бүтээлийг хэвлүүлж чадсан байна.

Тус салбар нийт 8 эрдэм шинжилгээний ажилтантайгаар салбарын судалгааны үндсэн чиглэлийн хүрээн дэх Хятадын улс төр, эдийн засаг, шашин соёл, боловсрол, шинжлэх ухаан, цөөн тоот үндэстний бодлого, ногоон хөгжлийн бодлого хийгээд эдгээр салбарыг хамруулсан Монгол-Хятадын харилцаа ба Хятадын гадаад бодлогын асуудлыг гол болгосон судалгааны ажлыг хэрэгжүүлж байна.

Салбарын судалгааны үндсэн чиглэл

-      Монгол-Хятадын харилцааны судалгаа:

  • Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны түүх, орчин үе, хэтийн төлөв
  • Монгол Улс дахь Хятадын ашиг сонирхол

-      Хятад орон судлал:

  • БНХАУ-ын улс төр, нийгэм-эдийн засгийн байдал, соёл, хөгжлийн бодлого, дотоод асуудал
  • БНХАУ-ын дипломат ажиллагаа, гадаад бодлого түүний Монгол Улс дахь нөлөө

Гуравдагч хөрш орон судлал

засварлах

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал (2010), Монгол Улсын Гадаад Бодлогын Үзэл баримтлал (2011)-д “гуравдагч хөрш”-ийн асуудлыг Монгол төрийн гадаад бодлогын нэг чухал чиглэл болгон тодорхойлсон билээ.

“Гуравдагч хөрш”-ийн бодлогын гол агуулга бол хоёр их хөршийн зэрэгцээ гуравдагч оронтой хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлс буюу хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн харилцааны зарчимд суурилсан, харилцан ашигтай найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал мөн. Монгол төрийн гадаад бодлогын чухал чиглэл болох энэхүү бодлогын хэрэгжилт, тухайлбал “гуравдагч хөрш” орноор нэрлэгдсэн АНУ, Япон, ЕХ, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Энэтхэг улс зэрэг өрнө дорнын улс орнуудын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал, дотоод, гадаад бодлого, хөгжлийн туршлага, “гуравдагч хөрш” орнуудтай Монгол Улсаас хөгжүүлж буй хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны түүх, орчин үе, төлөв байдлын асуудал, хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилт зэргийг судлах нь тус салбарын судалгааны үндсэн чиглэл юм.

Тус судлалын салбар үндсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаагийн дотор боловсролын доктор (PhD)-3, магистр 6 байна.

Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлал

засварлах

Тус салбар нь НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон Дэлхийн Банк, Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Худалдааны Байгууллага, Азийн хөгжлийн банк, Европын хөгжлийн банк зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагууд, мөн Зүүн Ази болон Төв Азийн улс орнууд, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачлагын хүрээнд Монгол, Орос, Хятад улсын эдийн засгийн коридор, ЕвроАзийн эдийн засгийн холбоо, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай Монгол Улсын хамтын ажиллагааг судлах, үнэлэлт, дүгнэлт өгөх, бий болох аюул, эрсдэл, боломж, ач холбогдол, үр нөлөөг тогтоох чиглэлээр ажиллаж байна.

Түүнчлэн олон улсын болон бүс нутгийн байгууллагууд, Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнууд болон холбоо, эвсэлтэй харилцахад Монгол Улсын гадаад харилцааны номлол, бодлогын үзэл баримтлалыг тодорхойлоход шаардлагатай санал, зөвлөмж боловсруулах ажлыг гүйцэтгэж байна.

2022 оны байдлаар тус салбар нь нийт 6 эрдэм шинжилгээний ажилтны (доктор (Sc.D)-1, боловсролын доктор (Ph.D)-2, магистр зэрэгтэй-3) бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Архив, номын сан

засварлах

ШУА-ийн Олон Улс Судлалын хүрээлэнгийн номын сан үндсэн чиг үүргийнхээ дагуу номын сангийн фондыг шинэ ном, мэргэжлийн сэтгүүлээр бүрдүүлэн баяжуулж, уншигч хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж, фондны номын бүрэн бүтэн байдлыг ханган ажилладаг. Мөн гадаад дотоодын хамтран ажилладаг их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай ном, сэтгүүл солилцох зэрэг ажлуудыг холбогдох дүрэм, журмын дагуу хийж байна.

Тус хүрээлэнгийн номын сангийн үндсэн фонд нь олон улсын харилцаа, гадаад бодлого олон улсын улс төр, эдийн засаг, түүхийн чиглэлээр хэвлэгдсэн ном, мэргэжлийн сэтгүүл, болон гадаад хэл дээрх мэргэжлийн ном сэтгүүлээс бүрддэг. Номын сан нь хүрээлэнгийн судлаачид болон уншигчид, хэрэглэгчдийг шаардлагатай ном сэтгүүлээр ханган ажиллаж байна.

Тус хүрээлэнгийн номын фонд нь монгол хэлнээ хэвлэгдсэн нийт 1500 гаруй мэргэжлийн номтой, гадаад ном, сэтгүүл (Орос, Хятад, Англи, Япон, Солонгос, Энэтхэг, Герман) 2500 гаруй ном сэтгүүлүүд байна. Ангиллаар авч үзвэл орон судлал, олон улсын харилцаа, хамтын ажиллагаа, гадаад, бодлого, аюулгүй байдал, улс төр, эдийн засаг, түүхийн чиглэлийн бүтээлүүд зонхилж байна. Сүүлийн жилүүдэд хүрээлэнгийн номын сан БНЭУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр “Энэтхэг номын булан” (Indian Book Corner)-г байгуулсан мөн Япон улсын ЭСЯ-ны дэмжлэгээр “Япон номын булан”-г шинээр байгуулсан. Хүрээлэнгийн удирдлагаас баримталж буй “Цахим хүрээлэн” зорилтын хүрээнд ирэх 4 жилд голлох ном, сэтгүүлийн сангаа цахимжуулах, олон нийтэд нээлттэй болгох чиглэлд анхаарч, бэлтгэлээ хангаж байна.

Цахим сан

засварлах

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн нь Цахим хүрээлэн (e-institute) болох зорилтоо өмнөө дэвшүүлэн ажиллаж, 2021 онд Конрад Аденауерын сангийн дэмжлэгтэйгээр эрдэм шинжилгээний өгүүллийн цахим сан үүсгэх төслийг амжилттай хэрэгжүүлж, одоогийн байдлаар www.mori.ac.mn цахим санд тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын 1978-1990 онд холбогдох эрдмийн ажлын гол үр дүн болсон орон судлал, олон улсын харилцаа, гадаад бодлого, түүх, нийгэм судлалын холбогдолтой 1100 орчим эрдэм шинжилгээний өгүүллийг олон нийтийн зүгээс цаг хугацаа, орон зайн хязгаарлалтгүйгээр цахимаар үзэж танилцах өргөн боломж бий болоод байна.

Түүнчлэн, Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргаж буй “Олон улс судлал”, “Mongolian Journal of International Affairs” сэтгүүлийн 1990-2020 хүртэлх бүх дугаар цахим болж, Монгол Улсад гадаад орон судлал, олон улсын харилцааны чиглэлээр мэргэжлийн хянан магадалгаа хийдэг, эрдэм шинжилгээний бүтээлийн олон улсын нэгдсэн DOI (Digital Object Identifier) дугаар олгодог салбарын анхны цахим сэтгүүлүүд болжээ. Мөн тус хүрээлэнгийн номын сангийн каталог бүрэн цахим болж, судлаачид, оюутнууд, хэрэглэгчдэд үйлчилж байна. ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн нь 2025 онд цахим байгууллага болох зорилгыг өмнөө дэвшүүлэн ажиллаж байна.

Хэвлэл, нийтлэл

засварлах
 
Олон улс судлал сэтгүүл

Олон улсын харилцааны хүрээлэн нь хөгжил өөрчлөлтийн 54 жилийн түүхэн хугацаандаа олон улс судлал, гадаад бодлого, олон улсын харилцааны олон талт тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үүднээс судалж, үнэлэлт дүгнэлт өгч олон улс болон Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний цуврал болох “ОЛОН УЛС СУДЛАЛ” сэтгүүлийг 1978 оноос хойш монгол хэлээр хагас жил тутам, “MONGOLIAN JOURNAL OF INTERNATIONAL AFFAIRS” сэтгүүлийг 1994 оноос хойш англи хэлээр жил тутам тус тус эрхлэн гаргаж байна.

Тус хүрээлэнгийн түүхэн хөгжлийн онцлогтой холбоотойгоор албан сэтгүүл нь 1978 оноос “ДОРНО ДАХИНЫ СУДЛАЛЫН АСУУДАЛ” нэрээр 1990 он хүртэл хэвлэгдэн гарч байгаад ардчилал, зах зээлийн жилүүдэд тус хүрээлэнд явагдсан бүтцийн өөрчлөлтийн улмаас 1991 оноос “ДОРНО ӨРНӨ”, 1992 оноос “ЗҮҮН ХОЙТ АЗИ СУДЛАЛ гэсэн 2 сэтгүүл болон 1999 он хүртэл гарч байв. Улмаар 1999 оны Засгийн газрын тогтоолоор Олон улс судлалын хүрээлэн байгуулагдсан үеэс “ОЛОН УЛС СУДЛАЛ” сэтгүүл өнөөг хүртэл хэвлэгдэн гарч байна. /сэтгүүлийн зураг/

1994 оноос хойш хэвлэгдэж буй “MONGOLIAN JOURNAL OF INTERNATIONAL AFFAIRS” нь Монгол Улсад гадаад орон судлал, олон улсын харилцааны чиглэлээр мэргэжлийн хянан магадлагаа хийдэг жил тутмын сэтгүүл бөгөөд 2012 оноос хойш цахим хэлбэрт шилжин, 20 гаруй дугаар нийтлэгдээд байна.

  1. ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ХҮРЭЭЛЭН: ХАГАС ЗУУНЫ ТҮҮХЭН ТОВЧООН (1968-2018). Улаанбаатар хот, 2018 он. Х 7
  2. МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН 1058 БОТЬ ЦУВРАЛЫН 45-Р БОТЬ. Улаанбаатар, 2008 он. Х 28