Хуяньди шаньюй (хятадаар: 壺衍鞮; пиньинь: Húyándī) нь НТӨ 85-68 онд Хүннү улсыг захирч байв. Хүлүгү шаньюйн хүү. Түүний ээж Жюаньчю яньчжи хүүгээ шаньюй болгохын тулд дагаар орсон Вэй Люй тэргүүтэй хятад жанжид, ноёдын нөлөөг ашиглажээ. Энэ нь Хуяньди бол хятад ноёдын утсан хүүхэлдэй байсан гэсэн үг юм. Хятад иргэдийн нөлөөнд хэт автсан нь Хүннүгийн хараат аймгийн ноёд жанжид, өөрийн дотоод ноёдын итгэлийг алдахад хүрсэн нь "...НТӨ 76 оны үест ухуаньчууд Иншань уулын орчимд байсан Түмэнгээс өмнөх үеийн Хүннүгийн шаньюй нарын булш бунхныг малтан тоносон..."[1] явдлаар гарч эхэлсэн. Хүннү нар машид хилэгнэж цэрэг хөдөлгөн ухуаньчуудыг ширүүн дайралтаар бут цохиж, эргүүлэн эзэлж авсан байна. Гэвч ган, зуд болж, мал сүрэг үхэж, тариа ургасангүй, өлсгөлөн тохиолдов. Хүннүгийн хүн амын гуравны нэг нь дайн дажин, өлсгөлөн зовлонгийн улмаас амь үрэгдсэн нь НТӨ 71 онд Хүннүгийн эсрэг баруун талаас нь үсүньчүүд, зүүн талаас нь ухуаньчууд, хойд талаас нь Енисей хавийн динлинчүүд холбоотон болж бослого гаргахад түлхэц болжээ. Энэ нь ч их амжилтанд хүрсэн. НТӨ 68 онд Хуяньди шаньюй нас барсны дараа түүнийг дүү Шюйлюйчюаньчюй нь залгамжилжээ.

Өмнөх
Хүлүгү шаньюй
Хүннүгийн шаньюй
НТӨ 85-68
Дараах
Шюйлюйчюаньчюй шаньюй
  1. Монгол улсын түүх. УБ., 2002. Нэгдүгээр боть. т.211.