Херлуф Бидструп
Херлуф Бидструп (Дани хэл: Herluf Bidstrup; 1912 оны 9 дүгээр сарын 10-нд Берлин хотод төрж, 1988 оны 12 дугаар сарын 26-нд Аллерөдэд нас барсан) - Данийн шог зураач, нийгмийн зүтгэлтэн, коммунист. Тэрбээр 5 мянга гаруй хошиг шог зураг зурсан.
Намтар
засварлахХерлуф Бидструп Берлин хотод 1912 оны 9 дүгээр сарын 10-нд төрсөн. Түүнийг төрөх үед нь Христиан Ханс Херлуф Бидструп (дани. Christian Hans Herluf Bidstrup) гэж нэрлэсэн байна. Эцэг Хермонд Бидструп (1885—1973) Дани улсын иргэн, мэргэжлийн будагчин, чимэглэгч уран зураач, Германд ажил хайж ирсэн. Эх Августа Эмма Берта Шмидт (1887—1957) нь Германы иргэн. Херлуф хүүг 5 нас хүрэхэд гэр бүл Дани улс руу буцаж нүүжээ.
Дунд сургуулиа дүүргээд 1931 онд Копенхагены Эзэн хааны уран зургийн Академид сурч 1935 онд төгссөн байна. Төрөл бүрийн хэвлэлүүдтэй хамтран ажиллаж өөрийн шог зургийн уран бүтээлээ хэвлүүлдэг байжээ.
Дани улс нацист Германд эзлэгдсэн үед «Social-Demokraten» сонинтой хамтран ажиллаж фашистуудыг далдуур шоглосон хошин шог зураг хэвлүүлдэг байжээ. Дайны үеэр 1943 онд Данийн Коммунист намд элсэж, 1945 оноос намын сонин «Ланд ог фольк» сонинд ажиллаж улс төрийн үйл явдлыг харуулсан шог бүтээлүүдээ тогтмол хэвлүүлдэг байсан.
Бидструпын зурсан зургуудыг "өдөр тутмын хошин зураг", "улс төрийн цуврал элэглэл" гэж хувааж болно. Шог зураачийн хэлснээр тэрбээр текстээ бэлтгэж, сонин унших, өдөр тутмын амьдралыг ажигласны дараа л комикс хэлбэрээр үйл явдалтай мэт зургаа зурж эхэлдэг байсан байна.
Тэрбээр генерал Франсиско Франко, Италийн диктатор Бенито Муссолини, нацист Германы Херманн Гөринг, Йозеф Гоеббелс, Адольф Хитлер нарыг шоглож зурдаг байжээ.
1948- 1955 оны хооронд Чехословак, ЗХУ, БНХАУ-д зочилж олон зураг зурж, «Ланд ог фольк» сонинд хэвлүүлж сүүлд тусдаа ном гаргасан байна.
1962 онд 60 насны ойгоороо ЗХУ-ын төрөл бүрийн шагнал хүртсэн байна.
Херлуф Бидструп Зүүн Германы телевизийн нэвтрүүлэгт тогтмол оролцож, хошин шог зураг зурах үйл явцаа үзүүлдэг байжээ.
Монголд түүний "Уран шог" нэртэй хошин шог зургийн цомог 3 удаа хэвлэгдэж байжээ. Сүүлд 2018 онд "Очирпресс" ХХК 3 дахь хэвлэлийг хэвлэсэн ажээ.