Хенрик Ибсен
Хенрик Иохан Ибсен (1828 оны 3 сарын 20 – 1906 оны 5 сарын 23) нь Норвегийн жүжгийн зохиолч юм. Дэлхийн хүүрнэлт жүжгийн онол зүйн хөгжилд үлэмж нөлөөг үзүүлэн, нийгэм-сэтгэлзүйн жүжгийн шинэ хандлагыг төлөвшүүлсэн хэмээн урлаг судлаачид үнэлдэг.
Ибсен Норвегийн Шкиен хотод усан онгоц эзэмшигчийн гэр бүлд төрж өссөн. 1836 онд түүний эцгийн ажил нь дампуурахад, орон гэрийн нь хөрөнгө мөнгөний чадамж буураад зогссонгүй, айл хөршийнхний нь харьцаа хүртэл өөрчлөгджээ. Ибсен хүү энэ бүхнийг тун гярхай ажигласан нь хожмын уран бүтээлд нь туссан байна. Тэрбээр арван таван нас хүрээд туслах эмийн санч болжээ. Их уншиж, шүлэг ч их бичдэг байв. Тэмдэглэлийн дэвтэрт нь орон нутгийн хөрөнгөтнүүд, түшмэдийн тухай наргиантай шүлэг, шог зураг олширсоор, тэдгээр нь хүмүүсийн дунд түгэн тархсаар, тэр хэмжээгээр Ибсен олны танил болж байв.
Хорин настайдаа Каталина (1848-1849) хэмээх анхныхаа жүжгийг бичжээ. Энэхүү зохиолд түүний бүтээлийн зонхилох сэдэв болох ганцаардсан шазруун нэгний нийгмээ эсэргүүцсэн тэмцэл, үхлийн тухай гардаг. Үүнээс хойш түүний хэд хэдэн жүжиг тайзнаа тавигдаж, нэгэн үе өөрөө театрын уран сайхны удирдагч болж ч явжээ.
1848 оноос хойшхи Ибсений уран бүтээлийг гурван цаг үед хуваан үзэж болох юм. Эхнийх нь 1848-1864 онууд буюу романтизмыг баримтлагч байх үе нь. Ивановын шөнө, Сульхаугийн найр, Хаан ширээний төлөөх тэмцэл зэрэг долоон жүжиг энэ үед бичигдсэн бөгөөд цөм түүх домгийн сэдэвтэйн хувьд нийтлэг шинжтэй юм. Хоёр дахь (1864-1884) түүний реалист хандлагаар бичиж байсан үе бөгөөд Хүүхэлдэйн байшин, Бранд, Пер Гюнт, Нора зэрэг гүн ухаан, бэлгэдлийн шинжтэй найман жүжиг туурвижээ. Тэрбээр уран бүтээлийн гурав дахь үедээ (1884-1900) Зэрлэг нугас, Гедда Габлер зэрэг сэтгэлзүйн аястай найман жүжиг зохиосон байна.
Хүнийг хайрлах үзэл санаа нэвт шингэсэн түүний бүтээлүүдээс томчуудын хувиа хичээх үзэл, хайхрамжгүй зангийн золиос болон үрэгдэж буй хүүхдүүдийн өрөвдөлтэй дүр төрхийг олонтаа үзэж болно. Ибсений жүжгүүдийн гол онцлог нь аль эртнээс хуримтлагдсан зөрчлийг шийдвэрлэх гэсэн эрмэлзэл болно.
Ардын дайсан, Хүүхэлдэйн байшин, Нора жүжгүүд нь монгол хэлнээ орчуулагдсан.Түүний бичсэн Нора жүжгийг хамгийн анх Монголын тайзнаа АЖ Доржсамбуу найруулж, гол дүрд нь АЖ Н.Сувд тоглож байжээ.