Хатгалын сургууль
Хатгал Ерөнхий боловсролын сургууль - Хөвсгөл аймгийн Хатгал сумд анх 1933 онд байгуулагдсан дунд сургууль.
Түүх
засварлахАрдын засгийн газрын 1921 оны 8-р сарын 14-ний өдрийн хуралдаанаар ардын олон хөвгүүд охидыг бичиг үсэгт сургах үйл хэргийг засгийн газар өөрөө эрхлэхээр шийдвэрлэж, дэс дараатай арга хэмжээнүүд авч явуулжээ. 1925 оны 8-р сарын 25-нд бага сургууль танхимыг Нийслэл хүрээ, аймаг, хошуу зэрэг газар байгуулж 8-13 хүртэлх насны хүүхдийг үндэсний бичиг үсэгт сургаж боловсруулахаар тогтож, 26 зүйл бүхий дүрмийг баталж, 8-р сарын 31-ний өдрийн хурлаар сургуулийн хэргийг Дотоод яаманд хавсарган үүний тулд сургуулийн хэлтэс байгуулж, даргаар нь бэйс Дугаржавыг томилжээ. 1921 оны 11-р сарын 2-ны өдөр Нийслэл хүрээний бага сургуулийн танхимыг, 1922 оны 3-р сараас эхлэн Наймаа (Амгаланбаатар хот), Улиастай, Ховд, Алтанбулаг хот, Хатгал харуул, Халх дөрвөн аймаг, Жавзандамба хутагтын шавийн яам зэрэг газар бага сургуулийн танхим тус тус нэгийг байгуулах шийдвэр гаржээ. [1].
1924 он хүртэл бага сургуулийн танхим 16-г нээж, 400 гаруй хүүхдэд Монгол бичиг унших, бичих, тоо бодох гурван зүйлийг урьтал болгон зааж эхлэв. 20-25 хүүхдийг нэг анги болгон анги бүрд нэг багш томилон захирал буюу дарга сургагчийн үүргийг багш нарын нэгэнд хавсарган гүйцэтгүүлэх болжээ.
1921-1922 онд улсаас байгуулсан аймаг хошууны бага сургуулиудад сургуулийн танхим, орон байр, ус түлш, хоол хүнс зэргийг харьяат орон нутгийн захиргаадаас зүй ёсоор гаргуулж, гагцхүү багш нарын цалинг улсын сангаас олгож байсныг өөрчилж, 1923 оноос эхлэн бага сургуулиудын зардлыг улсын төсвөөс олгох болсон байна.
Хатгалын бага сургууль
засварлахХөвсгөл нутагт 1923 оны намар орон нутгийн ардууд эв санаагаа нэгтгэн сайн дурын үндсэн дээр Хантайшир уулын аймгийн «Наран жаргалант уулын хошууны тэнхим»» нэртэйгээр Сүхийн голын адагт 15 сурагч 1 багш 1 ажилчинтайгаар бага сургуулийг байгуулжээ. Энэ бага сургуульд одоогийн Мөрөн, Түнэл, Төмөрбулаг, Бүрэнтогтох зэрэг сумдын хүүхдүүдийг хамран сургадаг байв.
1923 оны намар Ардын засгийн газрын 29-р хуралдааны шийдвэрийн дагуу Урианхайн болон Дархадын 3 аймаг, Хатгал, Бэлтэс, Цагаанбулаг зэрэг нутгийн хүүхдийг хамран сургах анхны бага сургуулийг “Цагаан- Үзүүрийн тэнхим” /өнөөгийн Хатгал 12 жилийн сургууль/ нэртэйгээр байгуулсан. Тус тэнхим нь 25 сурагч, 1 багш, 1 ажилчинтай үйл ажиллагаагаа явуулж байсны дотор Х.Лувсанбазар, С.Чойжамц, Н.Шагдар нар байсан байна. “Тэд хоорондоо хэл аялгуу нийлэмжгүй /дархад, халх, урианхай, буриад зэрэг ястнууд/ аливаа номыг нутгийн аялгуугаар дуудах учир зөрүүг багасгахаар 15 хоног халх хэлний дадлага хийж хичээллэж байсан…” тухай Ж.Гомбосүрэн багш дурдатгалдаа бичсэн байдаг.
Жамсрангийн Гомбосүрэн нь Архангай аймгийн харьяат бөгөөд тухайн үед сургуулийн захирлаар томилогдон ирж ажиллаж байжээ.
Бага сургуулийн сургалт 3 жилийн хугацаатай байсан ба 1-р ангид Монгол бичгийн цагаан толгойн хялбар үгийг цээжээр бичүүлэх, цээжлүүлж уншуулах, 1000-ын дотор дөрвөн аргын тоо сургахыг голчлон зааж, 2-р ангидаа түмэн бодис, гадаад дотоодын аж байдал, аж төрөхийн арга ухаан, хадлан тэжээл бэлтгэх, таван хошуу мал маллах, нутаг орны газрын байдал, уул нуруу, гол мөрөн, Хөвсгөл далайн байгалийг тайлбарлан таниулж, хүүхдийн мэдлэгийн ерөнхий хүрээг өргөтгөх ажлуудыг зохиодог байжээ.
Эхний 2 жилд бүх хүүхдүүд зөв уншиж, алдаагүй цэгцтэй бичиж чаддаг болсон бөгөөд сурлагын чанараар бусад бага сургуулиудаас давуу сайн байсан тухай нь «Бага сургуулиудын түүхээс гэдэг бүтээлд дурьдсан байдаг билээ. [2].
Энэ бага сургууль дүүргэсэн Хандын Лувсанбазар, Сандагийн Чойжамц нар Улаанбаатар хотод сургуульд суралцаж төгссөн байна.
Х.Лувсанбазар нь Ренчинлхүмбэ сумын харьяат бөгөөд Хөвсгөл аймгийн ардын гэгээрлийн хэлтсийн анхны даргаар томилогдон ажиллаж байсан.
Тухайн үед Хөвсгөл аймгийн төв Хатгал хотод төвлөрч байсан тул Мөрөнгийн хошууны танхимыг Хатгалын танхимтай нэгтгэж, 1930 онд ХАА-н сургууль болгон төвлөрүүлсэн боловч уг арга хэмжээг буруу боллоо хэмээн үзэн 1933 оны эхээр уг сургуулийг татан буулгаж, Мөрөн болон Хатгалд тус тусад нь ардын бага сургуулийг байгуулжээ. Энэ үед аж ахуйн сургуульд багшилж байсан Я.Батлувсанг Ренчинлхүмбэ сумын бага сургуульд томилогдон багшилж байхад нь Хатгалын бага сургууль байгуулагдах болсоноор түүнийг захирлаар томилон Ренчинлхүмбэ сумын бага сургуулийн төсвөөс 37 хүүхдийн хувцас хэрэглэл болон эсгий гэр 3-г шилжүүлжээ. Ийнхүү далай ээжийн захад дөрвөн тал хашаанд нэг жижиг байшин, гурван гэртэйгээр 1933- 1934 оны хичээлийн шинэ жил эхэлсэн байдаг. Багш нараас дурдвал: биеийн тамирын багш Б.Нацагдорж, дуу хөгжмийн багш Д.Гомбосүрэн, бичиг хэрэг, мөнгө санхүүг Ө.Сэрээтэр нарын хүмүүс хариуцан ажиллаж байжээ. Эл бага сургуулийг Я.Батлувсан багш 10 гаруй жил удирдан аж ахуй, зохион байгуулалт, хичээл сургалтын талаар олон чухал арга хэмжээнүүдийг авч явуулсан байдаг. 1932 онд пионерийн байгууллага байгуулж, пионерийн ахлах удирдагчаар Агвааныг (МХЗЭ-ийн төв хорооны дэргэдэх пионерийн удирдагчийн курс төгссөн) томилжээ.
1935-1936 оны хичээлийн жилээс эхлэн хичээлийн гадуур дуу бужиг, уран бичлэг зэргийн бүлгэмүүдийг ажиллуулж, сурагчдын болон дотуур байрны зөвлөлүүдийг байгуулж, хүүхдийн бие даасан бүтээлч ажиллагааг хөгжүүлж байв.
Энэ үед Хатгалын дамжлага бааз, ноосны үйлдвэрт ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтний болон ажилчны хүүхдээс бүрдсэн орос бага сургуультай шефийн холбоо тогтоож 7 хоног бүр харилцан сургууль дээрээ очиж үдэшлэг, олон нийтийн арга хэмжээ, уулзалт зэрэг ажлуудыг зохион байгуулж байв.
Зөвлөлтийн сургуулийн багш эмэгтэй Наташа хүүхдүүдэд ариун цэвэрч боловсон байдлын тухай яриа байнга хийдэг, түүнийг сургуулийн багш рабфак төгсөж ирсэн Гомбосүрэн орчуулж өгдөг байжээ.
Долоон жилийн дунд сургууль
засварлахХуучин бага сургуулийг 1944-1945 оны хичээлийн жилд 7 жилийн дунд сургууль болгосон байна. Сургуулийн захирлаар Я.Батлувсан, хичээлийн эрхлэгчээр Д.Жамбал,багшаар Лааганжав, Цамба, Лхагважав, түүхийн багш Гомбо, газарзүйн багш Дугаржид (Гомбын гэр бүл), байгалийн ухааны багш Балсанжав (Увс аймгийн харьяат) зэрэг хүмүүс ажилласан байв. 5-р ангид Арбулаг, Алаг- Эрдэнэ, Ханх, Чандмань-Өндөр зэрэг сумдын 4-р анги төгссөн 140-өөд хүүхдийг 4 бүлэг болгон 6 өрөө бүхий шургааган шаамал шавардлагатай цагаан байшинд (Хожим хөдөлмөрийн танхим, дотуур байр зэрэг байрлаж байв) хичээллүүлжээ.
Энэ үеийн үндсэн хичээл нь хэл бичиг, дэлхий дахины ба Орос зөвлөлтийн утга зохиол, тоо, физик, хими, биологи, эртний болон Дундад зууны үеийн түүх, газарзүй зэрэг хичээлүүд улсын нэгдсэн хөтөлбөрийн дагуу заагдаж байв. Дараа жил буюу 1945-1946 оны хичээлиин жилд ихэнх багш нар нь өөрчлөгдөж, Улаанбаатар хотын багш нарын факультет болон рабфак төгссөн шинэ залуу багш нар ажиллаж байжээ. Монгол хэлний багшаар Н.Дамбажав, Доржготов, тоо- физикийн багшаар Дариймаа, Норжин, Жанцан, түүхийн багшаар Б.Дорж, газарзүйн багшаар Ц.Ламжав, байгалийн хичээлийн багшаар Ө.Сэрээтэр, цэрэгжилтийн багшаар А.Галиндив, орос хэлний багшаар Лувсанжамъян нар ажиллаж байжээ.
1947 онд анхны 7-р ангийг 48 хүүхэд төгссөнөөс Д.Баатар, Ц.Хүрлээ, Д.Отгоо, С.Дагва, М.Цэрэнбалжир нарын 18 хүүхдийг Мөрөнгийн 10 жилийн сургуулийн 8-р ангид суралцуулах, Ц.Жамбалдорж, Д.Пашка, С.Бадарч, Д.Сэрээтэр нарын 20 хүүхдииг 45 хоногиин хичээл семинарт суулган харьяа сумдад нь бага ангийн багшаар томилон ажиллуулжээ. Бусад сурагчдыг техникумд хуваарилан суралцуулсан байна.
7 жилийн сургууль 1940-өөд оны эцсээр өргөжин 7 анги 13 бүлэгт 300 сурагч, 20 гаруй багштай сурган хүмүүжүүлэх ажлыг явуулж байжээ. Энэ үеийн багш нараас Б.Оргой Монгол улсын гавъяат багш, Д.Дунгаржид эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн болжээ.
Арван жилийн бүрэн дунд сургууль
засварлахХатгалын 7 жилийн сургуульд 1954-1955 оны хичээлийн жилээс 27 сурагчтай 8-р ангийг нээж хичээллүүлсэнээр 10 жилийн бүрэн дунд сургуулийн суурь тавигдаж /аймгийн захиргаа байсан хуучин дүнзэн байшинг шинэчлэн эасварлаж сургуульд өгсөн/ хичээллэж эхэлсэн байна.
Энэ хичээлийн жилд 440 орчим сурагчидтай шинээр дээд сургууль төгссөн О.Пүрэв, Л.Рагчаа, Д.Отгон нарын 23 багштай, захирлаар нь Х.Ичинхорлоо томилогдон (гэр бүл Янжинсүрэн нь Монгол хэлний багш) ажиллажээ. Дотуур байранд 170 орчим сурагчид байдаг бөгөөд «ахлах тогооч Шарав гуай сайн хоол хийдэг, хүүхдэд халамжтай энэрэнгүй харьцдаг тул бид тогоочийгоо Шарав аав гэж хүндэтгэн нэрлэдэг байсан» гэж тэр үеийн сурагчдын дурьдатгалд бичсэн байдаг. Үйлчлэгч Дүүжий, Долгор, талхчин Жанчив нарын 23-24 ажилчид, аж ахуйч Дашдаваа, эмч Санжаа, нябо Чүлтэм зэрэг хүмүүс ажиллаж байжээ.
10 ангийг анх 1957 онд 20 хүүхэд төгссөнөөс П.Аюуш онц сайн, Б.Базарханд, О.Хүүжий, П.Пүрэвсүрэн, Д.Чулуун нарын олон хүүхэд сайн дүнтэй төгсөж, их дээд сургуульд суралцан төгссөн байна.
10 ангийн 2 дахь төгсөлтөөр Д.Данзан, З дахь төгсөлтөөр Д.Тогтоххорол нарын сурагчид онц сайн дүнтэй төгссөн байна. Д.Данзан нь үргэлжлэн суралцсаар эдийн засгийн ухааны доктор цол хамгаалсан төдийгүй Монгол улсын банкны салбарт томоохон үүрэг гүйцэтгэж байгаад 1993 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байв.
МАХН-ын Төв Хороо БНМАУ-ын сайд нарын зөвлөлөөс <Ардын гэгээрлийн талаар ойрын жилд тавих үндсэн зорилт, түүнийг биелүүлэх арга хэмжээний тухай» 1958 оны тогтоолд сурагчдад ерөнхии эрдмийн зэрэгцээ политехник боловсрол хөдөлмөрийн хүмүүжил олгох асуудал шинээр дэвшигдсэн юм. Үүнтэй холбогдуулж физик, хими биологи, тоо, шугам зураг зэрэг политехник боловсрол шууд олгох хичээлүүдийн сургалтыг сайжруулах хичээлийн программд ихээхэн өөрчлөлт оруулснаар бага ангид гар хөдөлмөр, дунд ангид дархан мужаан, гэр ахуйн хичээл, ахлах ангид цахилгаан техник, машин судлалын хичээлийг шинээр зааж лаборатори дадлагын ажлын цагийг нэмэгдүүлсэн юм. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажил тус сургууль дээр амжилттай хэрэгжиж багш Д.Цоодол, Ж.Шагдарсүрэн нар мужаан дархан, Д.Дагважамц, Д.Нямангаа тоо-физик цахилгаан техникийн кабинет, Л.Рагчаа, Б.Нацагдорж, Даваасүрэн монгол хэл, Я.Базаржав хими биологийн кабинетуудыг шинээр байгуулж, сургуулийн хэмжээнд сурагчдаар хөдөлмөрийн хүмүүжил, дадлага олгох ажил олон хэлбэрээр явагдаж байв. Тухайлбал 1959 оноос 150 сурагч 3 багш Их-Уулын МААМС-ын барилгад мөн Эгүүрийн сангийн аж ахуй «Сүхбаатарын алдар нэгдэл» зэрэг олон газарт ажиллан ХАА-н салбарт тусалж байв. Үүний зэрэгцээ сургуульдаа аж ахуйн аргаар 1960 онд 8 өрөөтэй сууцны байшин, 1961 онд 100 хүүхдийн хоолны заал, гал тогооны барилгыг барьж улсад 230-300-аад мянган төгрөгийн хэмнэлт гаргажээ. Энэ ажилд Б.Нацагдорж, Д.Цоодол, Ж.Шагдарсүрэн нарын удирдсан сурагчдын бригадууд сайн ажилласнаас сурагч Мягмаржав, Оюунмядаг, Аварзэд, Цэрэндэжид, Борхүү, ажилчин Осор, Бат, жолооч Дагва нар онц идэвхитэй ажиллажээ. Үүний үр дунд МҮЭ-ийн Төв зөвлөл, Гэгээрлийн яамнаас улсын хэмжээнд зарласан сургууль тохижуулах уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн байна. Мөн аймгийн сургулиудын тэмцээнд амжилттай оролцон 1957, 1959, 1960, 1962, 1963 онуудад багаараа тэргүүн байранд шалгарч байсан бөгөөд тамирчин сурагч Бүжлхам, Цэен- Ойдов, Будлан, Одхүү, Жамбалдорж, Наранцэцэг, Цэнд-Аюуш, Эрдэнэчимэг, Морхоон нар сургууль аймгийн аварга болсоноос гадна Бүжлхам 1958 онд улсын цанын аварга шалгаруулах тэмцээнд орж эмэгтэйчүүдийн 5 км-ын цанын улсын аварга болж байсан ба сурагч Даваа, Уртнасан, Мягмаржав, Батчулуун, Будлан, Одхүү нар 5 км, 10 км, 20 км-ийн зайн гүйлтээр аймагт түрүүлж, 1957, 1963 онд спортын мастер 2, нэгдүгээр зэргийн тамирчин 27, хоёр гуравдугаар зэргийн тамирчид 72, улсын зэрэгтэй шүүгч 15, алтан медальт тамирчин сурагч 9, мөнгө хүрэл медальт 21 сурагч гарчээ.
МЗО-ны анхдугаар их наадамд (1959 он) сурагч Тогтоххорол, Хишигжаргал нар амжилттай оролцсон бөгөөд 1961 онд аймгийн хэмжээгээр зарласан бичмэл сэтгүүлийн уралдаанд сурагч Ш.Чулууны «Үхэр чулуутын охин» гэдэг өгүүллэг нэгдүгээр байр эзэлсэн бол 1962 онд улсын хэмжээнд зарласан уран гартны уралдаанд Чулуунбаатар, Мандах, Ламжий нар эхний байранд шалгарч байв.
1961 онд Монголын багш нарын гуравдугаар их хурал хуралдаж ардын гэгээрлийн Хөгжлийн дүнг гаргаж, Шинэ зорилтыг хэрэгжүүлэх арга замыг боловсруулсан юм. Энэ хуралд ахмад багш Ш.Цэндээлий болон тус сургуульд түүхийн багшаар ажиллаж байсан О.Пүрэв, хожим сургуулийн захирал болсон Д.Доржсүрэн нар төлөөлөгчөөр сонгогдон оролцож байв. Багш нарын их хурлын шийдвэрийн дагуу сургалтын чанарыг сайжруулах, багш нарын мэргэжил заах арга барилыг дээшлүүлэхийн тулд зөвлөлтийн багш нарын туршлагыг судалж, ажилдаа хэрэгжүүлэх үйл явц багш нарын дунд амжилттай өрнөж байлаа. ЗХУ-ын Липецк хотын багш нарын «Тайлбарт дасгалын арга»-ыг багш Бариадий, Отгожий, Данаажав нар амжилттай хэрэгжүүлж, заадаг хичээлээ 100 хувь сургаж байв. Багш Бямбажав даасан ангиа дундгүй сургах зорилт тавин ажиллаж байжээ. Багш Ламжав, Банзай, Данаажав зэрэг олон багш нар мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх талаар бусаддаа үлгэр жишээ болохоор сайн ажиллаж байсныг багш нарын хурлын материалд тэмдэглэгдсэн байна. 1957-1958 оны хичээлийн жилээс ХЕБ-ын сургуулийг нээж ажиллуулснаар ноосны үйлдвэр, дамжлага бааз зэрэг аж ахуйн газрууд болон тойргийн сум нэгдлийн залуус орой, эчнээгээр суралцан 4,7,10-р ангийн боловсрол эзэмших өргөн боломж нээгдсэн байна.
1951-1963 онд тус сургуулийн
- 4-р ангийг 755 сурагч
- 7-р ангийг 720 сурагч
- 10-р ангийг 173 сурагч төгссөн байна.
1923-1963 онд 1240 сурагчдад анхан шатны, мөн өдрөөр 893 сурагчдад бүрэн бус бүрэн дунд, орой эчнээгээр 100 гаруй иргэдэд еренхий эрдмийн бага, дунд боловсрол тус тус олгосон байна.
1963 онд 10 анги 25 бүлэгт 853 сурагч, 32 багш, үүнээс бага ангийн багш 10, тоо-физикийн багш 5, монгол хэлний 4, түүх, хими биологи газарзүйн 5, орос хэлний 2, хөдөлмөрийн 3 багш ажиллаж байв.
Түүхэн товчоо
засварлах- 1923 Хатгалын боомын харуулын бага сургууль буюу танхим
- 1929 Ардын сургууль
- 1930 Аж ахуйн бэлтгэл сургууль
- 1933 Хатгалын бага сургууль
- 1944 Хатгалын 7 жилийн дунд сургуупь
- 1954 Хатгалын 10 жилийн дунд сургууль
- 2009 Хатгалын 11 жилийн дунд сургууль
- 2011 Хатгалын 12 жилийн ахлах дунд сургууль
- 2012 Гадаад хэлнии гүнзгийрүүлсэн сургалттай 12 жилийн ахлах сургууль
- 1923 он Хатгал боомын харуулын бага сургууль- 1 багш Ж.Гомбосүрэн, 1 ажилчин, 25 сурагчидтай хичээллэж анхны төгсөлтөөр Х.Лувсанбазар, С.Чойжамц. 23 хүүхэд бага сургуулиа төгссөн.
- 1933 он Хатгалын бага сургууль- 1 багш,4 ажилчин, 37 сурагчидтай хичээллэж Анхны төгсөлтөөр 25 хүүхэд төгссөн.
- 1944 он Хатгалын 7 жилийн дунд сургууль- 12 багш, 15 ажилчин,240 сурагчидтай хичээллэж анхны 7-р ангийг Д.Баатар, Со.Бадарч, Д.Сэрээтэр нарын 48 хүүхэд төгсчээ. Захирал Я.Батлувсан, Ц.Буджав.
- 1954 он 10 жилийн дунд сургууль- 22 багштай, 18 ажилчин,448 сурагчидтай хичээллэж анхны 10-р ангийг П.Аюуш нарын 20 сурагч төгссөн.3ахирал Ичинхорлоо.
- 1980-1990 он Хатгал 10 жилийн сургуулийн хегжил цэцэглэлтийн ид үе- Багш ажилчид 102,сурагчид 1600-1700, Математикийн багш Г.Пүрэвжий,Мэдээлэл техникийн, орос хэлнии багш Я.Мөнхчулуун,лингофоны, хөдөлмөр, гэр ахуйн зэрэг хичээлийн 18 кабинет, өдөр өнжүүлэх 4 бүлэгт 50- 60 сурагч, нэг ээлжинд 100- 120 хүүхэд амрах хөдөлмөр амралтын Сансар зуслан ажиллаж байв. Р.Механик, Д.Жинжиймаа, Г.Дэнсмаа нарын 10 гаруй БТА, аймаг сумын заах аргач цолтой 20 гаруй багш нар ажиллаж сурагчдын 80 гаруй хувь нь мэргэжлийн сургалтанд хамрагдаж байлаа. Захирал Н.Цэрэнхүү, Д.Доржсүрэн, Г.Чулуунбаатар.
- 1990-201З он Ардчилал шинэчлэлийн үе- 10,11,12 жилийн сургалттай сургууль болон шинэчлэгдэж, 2012 оноос гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 12 жилийн цогцолбор сургууль болон 73 багш ажиллагсад, 647 сурагчидтай. Захирал: С.Бямбажав, Д.Өлзийбадрах, А.Бямбадулам, Ц. Пүрэвдалай.