Хандын Лувсанбазар
Х.Лувсанбазар нь Ренчинлхүмбэ сумын харьяат бөгөөд Хөвсгөл аймгийн ардын гэгээрлийн хэлтсийн анхны даргаар томилогдон ажиллаж байжээ. Аймгийн ХЗЭ-ийн хорооны даргаар ажиллаж байхдаа 1932 онд Рашаант суманд гарсан хувьсгалын эсэргүү бослогынхон Хатгал дахь аймгийн яамыг устгахаар цэрэглэн хөдөлснийг Эвлэлийн хорооны дарга Х.Лувсанбазар залуучуудын хувьсгалт отрядын хүчээр хамгаалан Түнэлийн Цагаанбургас орчим бут цохьсон байна. Иймд эсэргүү бүлгийнхэн ухарч явахдаа « Эсэргүү бүлгийн гишүүн Лувсанбазарт» гэсэн хуурамч бичиг хийж өөрийн төлөөлөгчийг томилон илгээж, хувьсгалт отрядынханд зориудаар баривчлуулсан бөгөөд дотоод яамны ногоон малгайт Хатгалын суурин төлөөлөгч Баасан гэгч Лувсанбазарыг баривчлан эрүүдэн шүүж эхэлсэн байна. Х.Лувсанбазар тухайн үед МАХН-ын Төв хорооноос Хөвсгөл аймагт ажиллаж байсан төлөөлөгчтэй уулзан азтай тохиолдлоор ногоон малгайт Баасангийн эрүү шүүлтээс мултарч, Улаанбаатар хотод шилжин улмаар Намын Төв Хорооны зааварлагчаар ажилласан түүхтэй. Тухайн үедээ Большевик намын түүхийг гучин мянган хувь хэвлүүлж, намын үзэл суртлын ажилд амжилт гаргасан учир Төв хорооны хэлтсийн эрхлэгчээр дэвшин ажиллаж байгаад Архангай аймгийн намын хорооны дарга, Хатгал хотын ноосны үйлдвэрийн дарга зэрэг алба хашиж байжээ. Хожим нь Улаанбаатар хот дахь Багшийн институтыг эчнээгээр төгсөж, Төмөр замын дунд сургуульд багш, номын сангийн эрхлэгч зэрэг ажлыг хийж байгаад гавъяаныхаа амралтанд гарсан юм. Х.Лувсанбазар багшийн уугуул нутаг нь Ренчинлхүмбэ сумын харьяат бөгөөд сэргэлэн, ухаалаг, авхаалжтай хун байсан бөгөөд тухайн үедээ наш хэлэмгий, ухуулга сурталчилгааны ажилд гарамгай нэгэн байсан тул “минутанд мянга чалчигч” гэсэн өргөмжлөлтэй явсан гэдэг.
Энэхүү хуудас нь тус нэвтэрхий тольд зохимжгүй сэдэв байж магадгүй. Санал бодлоо хэлэлцүүлгийн хуудсанд оруулна уу. |