Харолд Марион Озборн (Англи: Harold Marion Osborn, 1899 оны 4 сарын 13 – 1975 оны 4 сарын 5) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч байв. Тэрээр Парист болсон 1924 оны зуны олимпоос арван төрөлт болон өндрийн харайлтаар алтан медаль хүртжээ. Өнөөдрийг хүртэл арван төрөлтийн олимпын аваргуудаас аль нэг төрлөөр нь бас олимпын аварга болсон хүн Озборноос өөр гараагүй байна.

Харолд Озборн

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Харолд Марион Озборн
Төрсөн огноо 1899 оны 4 сарын 13
Нас барсан огноо 1975 оны 4 сарын 5
 
Медалиуд
Зуны олимп
Алтан медаль – нэгдүгээр байр Парис 1924 Өндрийн харайлт
Алтан медаль – нэгдүгээр байр Парис 1924 Арван төрөлт

Парист Озборн өндрийн харайлтад 6' 6" өндөрт харайж олимпын дээд амжилт тогтоосон нь 12 жил хадгалагдсан ба арван төрөлтөөр 7,710.775 оноо авсан нь тухайн үеийн системээр дэлхийн дээд амжилт болж, 1926 он хүртэл хадгалагджээ. Олимпын дараа дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг "дэлхийн хамгийн агуу тамирчин" хэмээн нэрлэж байв.

Харолд Марион Озборн 1899 оны 4 сарын 13-нд Жессе Вэйр Озборн, Эмма Вэйр нарын 4 дэх хүүхэд (3 дахь хүү) болон мэндэлжээ. Тэрээр Иллиной муж улсын Монтгомери тойргийн Батлер Гров Тавншип дахь хувийн фермдээ өсч торнисон аж.

Харолд болон түүний ах Вэсли, Кларенс, Лорен нар эдлэн газартаа гүйх, саад дээгүүр харайх бэлтгэл хийдэг байлаа. Аав Жессе нь гүйлтийн зам засч өгсөн байв. Харолд Хиллзборо ахлах сургуульд америк хөлбөмбөг, сагсан бөмбөг, хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан бөгөөд хичээлээ тараад 4 миль газар гүйж гэртээ харьдаг байсан. Хүүхэд байхдаа гэмтсэнээс болоод нэг нүд нь бараг хараагүй болсон гэдгийг тамирчин байх жилүүдэд нь бараг хүн анзаардаггүй байсан юм. Үнэндээ тэрээр өндрийн харайлтын тэмцээнд оролцохдоо гүйх зам, үсрэх газраа сайн хэмжиж байж үсрэхгүй бол болдоггүй байсан аж.

Ахлах сургуулиа дүүргээд Иллиойн их сургуульд дэвшин, хөдөө аж ахуйн мэргэжлээр суралцав. Сургуулиа дүүргээд Льюйстон хотод ахлах сургуульд хөнгөн атлетик заах болсон бөгөөд тэнд шавь нь байсан Маргарет Борднерт дурлаж, тэндээс явсныхаа дараа уйгагүй захидлаар харилцсаны эцэст 1928 онд гэрлэжээ.

1924 оны олимпоос хошой алтан медаль хүртсэн Озборн 1928 оны олимпод оролцсон бөгөөд өндрийн харайлтын тэмцээнд 3 хүн ижил 2-р байрын амжилт үзүүлсний нэг нь Озборн байсан юм. Харамсалтай нь медаль авах эсэхийг шийдэх нэмэлт үсрэлтээ муу хийснээс 4-р байр эзлэн медальгүй хоцорчээ. Тэгэхэд 6' 3- ½" өндөрт харайсан нь алтан медаль хүртсэн Роберт Вэйд Кингээс ердөө л 1 инчээр дутуу байсан юм.

Тамирчин байх хугацаандаа дэлхийн дээд амжилт 6 удаа тогтоосон Озборн 1974 онд АНУ-ын хөнгөн атлетикийн алдрын танхимд багтжээ.