Халид Сках (1967 оны 1 сарын 29-нд төрсөн) нь Мароккогийн хөнгөн атлетикч, 1992 оны Барселоны олимпын 10,000 метрийн зайн гүйлтийн аварга юм.

Халид Сках
хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Марокко
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Халид Сках
Төрсөн огноо 1967 оны 1 сарын 29
Төрсөн газар Марокко, Миделт
 
Медалиуд
Зуны олимп
Алтан медаль – нэгдүгээр байр Барселона 1992 10,000м
Дэлхийн АШТ
Хүрэл медаль – гуравдугаар байр Токио 1991 10,000м
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Гётеборг 1995 10,000м

Мароккогийн Миделтэд төрсөн Халид Сках 1990, 1991 оны кросс гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж өөрийгөө таниулжээ.

Спортын намтар

засварлах

Түүний оролцсон анхны томоохон тэмцээн нь 1991 оны ДАШТ байсан бөгөөд тэр 10,000 м-ийн зайд хүрэл медаль авч, 5000 м-ийн зайд 6-р байр эзэлжээ. Улирлын эхэнд Ослод болсон 10,000 м-ийн зайн уралдаанд шилдэг тамирчдыг ялж түрүүлсэн Халидын хувьд энэ нь хангалтгүй үзүүлэлт байлаа. 10,000 м-ийн зайн уралдааны шигшээд Кенийн 2 тамирчин Ричард Челимо болон тус төрөлд алтан медаль хүртсэн Мозес Тануй нар багийн тоглолт үзүүлж, түүнийг дөнгөж хүрэл медаль дээр буулгаж чадсан байна. 5000 м-ийн зайн уралдаанд Сках ядарснаас олигтой амжилт үзүүлж чадсангүй.

Дараагийн жил нь Барселонад болсон олимпын наадамд Халид Сках Ричард Челимотой аваргын төлөө ширүүн өрсөлдсөн. 3 тойрог дутуу байхад өрсөлдөгч хоёроос бүтэн тойргоор хоцорсон Мароккогийн Намму Бутаеб тэр хоёртой зэрэгцэн гүйх болж, ингэхдээ Скахд ашигтай байдал үүсгэхийн тулд Челимогийн урдуур 2 ч удаа орсон байна. Ийнхүү Сках өрсөлдөгчөөсөө түрүүлэн барианд оржээ. Түүнийг Бутаебаар туслуулан, дүрэм зөрчсөн гэж үзэн дүнг нь тооцохгүй гэж зарласан бөгөөд Мароккогийн тал өргөдөл бичиж заргалдсаны үр дүнд Скахыг алтан медаль хүртэх эрхтэй болгосон байна. Гэвч дараагийн өдөр болсон шагнал гардуулах ёслолын үеэр үзэгчид Скахыг медаль хүртэх үед эсэргүүцсэн байдал гаргаж, харин Челимог алга ташилтаар шагнаж байсан билээ.

1993 онд Сках Цюрихт болсон уралдааны 5000 м-ийн зайд тэргүүлсэн ч ДАШТ-д 5-р байр эзэлсэн байна. Мөн онд тэр өөрийн цорын ганц дэлхийн дээд амжилтыг 2 милийн зайд тогтоов (8:12.17). Түүнчлэн 1994 оны хагас марафоны ДАШТ-д түрүүлж, 1995 оны ДАШТ-ээс 10,000 м-ийн зайд мөнгөн медаль хүртжээ.

Хамгийн сүүлд Атлантын олимпод оролцон, гаршсан зайдаа 7-р байранд оров. 1997 онд тэрээр эхнэр Анна Сеселиагийн нутаг Норвеги улсын иргэн болоход Мароккогийн Хөнгөн Атлетикийн Холбоо Скахын олон улсын уралдаан тэмцээнүүдэд оролцох эрхийг нь хассан байна. Хориг цуцлагдсаны дараа Сках 2001 онд хагас марафоны ДАШТ-д 10-р байр эзэлсэн.

Сках өдгөө Норвегид амьдардаг.