Хайкоу (хятад. 海口, пиньинь Hǎikǒu, шууд утгаараа: "далайн орох хаалга") нь Хятадын ижил нэртэй мужийн засаг захиргааны төвлөрсөн Хайнань арлын хот юм. Хайнань арлын хойд хэсэгт их газрын Лейжоу хойгийн харалдаа байрладаг бөгөөд 15 километрийн зайтай Хайнанийн хоолойгоор тусгаарлагддаг байна. Энэ хот "Хайкоу Мейлан" олон улсын нисэх онгоцны буудалтай.

Хайкоу

13-р зууны монголчуудын Юань гүрний үеэс хойш эдгээр газруудад цэргийн гарнизон байрладаг байв. Монголын ноёрхол үгүй болсоноос хойш Мин гүрэн байгуулагдсаны дараа 1368 онд Чионжоу муж улсын статусыг дээшлүүлж, Чионжоугийн засгийн газар (琼州府) болж, Хайкоу боомтод бэхлэлт нэмж босгосон байна.

Чин улсын үед хар тамхины нэгдүгээр дайнд ялагдсаны дараа 1858 оны европын орнуудтай хийсэн Тяньжины гэрээний дагуу Хайнань арал дээр гадаадынхантай худалдаа хийх боомт нээжээ. 1875 онд энд далайн боомтын гаалийн газар байгуулагдсан байна. Шиньхайн хувьсгалын дараа Хятадад засаг захиргааны хуваагдлын бүтцийн шинэчлэл хийгдсэн бөгөөд үүний үр дүнд захиргаанууд 1912 онд татан буугджээ.

1949 оны 10-р сарын 1-нд Бүгд Найрамдах Хятад Ард ​​Улсыг тунхаглахад Хайнань арал Гоминданы мэдэлд хэвээр үлдсэн байв. БНХАУ-ын цэргүүд Хайнань дахь кампанит ажлыг дөнгөж 1950 оны хавар явуулсан байна. Хайкоу хот 1950 оны 4-р сарын 23-нд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн цэргүүдэд эзлэгдсэн бөгөөд 6-р сард дахин Гуандун мужийн эрх баригчдад шууд харьяалагдах хот болж, Чионшань муж нь Гуандун мужийн Хайнань засаг захиргааны бүс (海南行政区)-ийн нэг хэсэг болжээ. 1958 онд Хайкоугийн статус буурч, Хайнан мужийн засаг захиргааны нэг хэсэг болсон байна.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн 1994 оны 4-р сарын 8-ны өдрийн тогтоолоор Чионшань хошууг хотын хошуу болгон өөрчилсөн.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн 2002 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор Чионшань хотын дүүргийг татан буулгаж, нутаг дэвсгэрийг нь Хайкоуд нэгтгэв.