Францын Үндэсний номын сан
Францын Үндэсний номын сан (франц. Bibliothèque nationale de France, товч. BNF) — Франц хэл дээрх уран зохиолын дэлхийн хамгийн баялаг цуглуулагтай Францын нийслэл Парис дахь номын сан. Европын ууган номын сангийн нэг бөгөөд 2651 ажилтантай Францын хамгийн том номын сан юм.
Номын сангийн үндсэн ном хадгалах хэсэг Франсуа Миттераны нэрэмжит бөгөөд Сена мөрний зүүн эрэг дээрх Парисын 13-р тойрогт байралдаг байна. Илүү их үнэтэй цуглуулгууд болох медалиуд, гар бичмэл зэрэг нь Ришелье гудамж дахь XVII—XIX зууны түүхэн барилгуудад байралдаг.
Түүх
засварлах741-751 онуудад Францын хаан байсан "Богинохон Пипин" (латин. Pippinus Brevis, франц. Pépin le Bref; 714-768) гар бичмэлүүдийн цуглуулагтай байсан гэдэг баримтууд байдаг. Дараа нь Ахен хотод франкуудын хаан Агуу Карл хаан (Карл I; латин. Carolus Magnus , герман. Karl der Große, франц. Charlemagne; 742/747—814) тухайн үедээ томд тооцогдох номын сан байгуулсан боловч түүнийг нас барсаны дараа номын санг хэгэс хэсгээр нь зарж орхисон байна. IX Луи хаан (франц. Louis IX, 1214— 1270) мөн томоохон номын сан байгуулж шашны дөрвөн хэсэг нийгэмлэгт өвлүүлэн үлдээжээ.
Номын сангийн цуглуулгын жинхэнэ үүсгэн байгуулагч нь "Мэргэн" V Чарльз (1364-1380 онуудад захирч байсан) байсан бөгөөд тэрээр зөвхөн өөртөө зориулж төдийгүй эрдэмтэдэд ажиллах боломжийг олгох үүднээс номын сан байгуулжээ. Тэрээр зөвхөн гар бичмэлүүд худалдан авах, хуулан бичихийг шаардахаас гадна зарим номыг "хаант улс болон бүх Христийн ертөнцийн тусын тулд" орчуулуулж байсан байна. 1367-1368 онд энэхүү номын санг хааны зарлигаар Луврын шилтгээний "Шонхор цамхаг" (tour de la Fauconnerie) руу шилжүүлсэн юм.
Хааны төрөл төрөгсөд болон ойрын хүрээлэл тус номын сангаас ном аваад буцааж өгдөгүй байснаас харамсалтай нь номын санг бүрдүүлж байсан 1200 гар бичмэлийн хорин хувь нь л үлдсэн байна. Энэ цуглуулгаас бараг юу ч үлдээгүй тул Францын XI Луи хаан (франц. Louis XI; 1423-1483) ордны номын санг дахин байгуулах ажлыг бараг шинээр нь эхлүүлэхээс өөр аргагүй болж байжээ.
"Ард түмний эцэг" хэмээгдэж байсан XII Луи хаан (франц. le Père du peuple; 1462 —1515) Луврын номын санг Блус руу нүүлгэж, өвөг эцэг, эцэг Орлеанийн герцогуудын цуглуулсан номын сангаар аривжуулсан байна.
XII Луи хааны залгамжлагч 1515 онд хаан ширээнд заларсан I Франсуа хаан (франц. François I ; 1494 — 1547) эрдэмтэн номын санч Гийом Буде-гийн санаачилгаар эцэг, өвөг эцэг хоёрынхоо цуглуулсан хувийн номын сангаа Хааны номын санд нэмрэлсэн байна. Түүний дор хааны номын сангийн ахлах номын санч, түүний туслахууд, ном засварлагч нарын албан тушаалыг бий болгосон байна. Цуглуулгыг улам аривжуулахын тулд хаан Франц болон гадаадаас ном олж авах үүрэг өгч боловсролтой ордны түшмэдүүдийг Итали руу илгээж, Ром, Венецээс олж болох бүх Грек гар бичмэлүүд эсвэл тэдгээрийн хуулбарыг худалдаж авахыг тушааж байжээ.
1544 онд хааны номын санг Блуа цайзаас (франц. Château de Blois) Фонтенбло руу шилжүүлэв. Энэ үед Грек хэл дээр 41, Еврей хэл дээр 4, Араб хэл дээр 2 зэрэг нийт 1500 ботиос бүрдэж, Европ дахь хамгийн баялаг номын сангийн нэг байв. Хоёр жилийн дараа хааны номын сан өргөн олонд нээлттэй болсон байна.
Франсуа хааны хүү II Хенри хаан (франц. Henri II, 1519 —1559) хуулийн дагуу аливаа хэвлүүлсэн ном бүрийн нэг хувийг номын санд өгдөг байсныг хоёр болгож нэмэгдүүлжээ (хоёр дахь хувийг Ана дахь Дайан де Пуатьегийн номын санд зориулсан байв). IX Карл хааны хаанчлалын төгсгөлд 1560-аад оны дунд үе гэхэд 3560 нэгж бүхий номын сантай байсан номын сан Фонтенблогоос Парист буцаж нүүж ирсэн байна.
Орчин үе
засварлах1988 онд Францын Ерөнхийлөгч Франсуа Миттеран номын сангийн шинэчлэлийн хөтөлбөрийг дэмжсэн бөгөөд үүний дагуу үндсэн цуглуулгууд Парисын XIII дүүрэгт орчин үеийн шинэ өндөр барилгууд руу шилжсэн. Тухайн үед номын сангийн фондын хэвлэмэл номын тоо 9 сая давж байжээ.
Нээлттэй ном хэлбэртэй дөрвөн өндөр цамхгаас бүрдэх номын сангийн цогцолборыг архитектор Доминик Перро-гийн зураг төслийн дагуу Сена мөрний зүүн эрэгт барьжээ. Агуулахад шаардагдах газар доорх зайг барих явцад атомын цахилгаан станц барихад шаардагдахаас илүү их хэмжээний хөрс шороо ухан гаргасан байна.
Ном сканнердах буюу цахимжуулах технологийг ашиглаж Францын Үндэсний номын сан хамгийн алдартай материалуудаа цахим хэлбэрт шилжүүлж, gallica.bnf.fr хаягаар интернэтэд байршуулсан анхны номын сангийн нэг юм. 2011 оны 4-р сарын байдлаар Галлика онлайн номын сан уншигчдад 1,400,000 цахим баримт бичгийг санал болгоод байна.
Үүнээс гадна уг Номын сан 2005 онд байгуулагдсан "Quaero" хэмээх хүний аман яриаг таньдаг болон цахим орчуулга хийдэг технологи боловсруулахад чиглэсэн судалгааны төсөлд хамрагдаж байна.