Улаан хэрэм - Киданы үеийн хэд хэдэн хэрмийн үлдэгдэл бүхий археологийн олдвор бүхий газар. Булган аймгийн Баяннуур сумын нутаг Баян-Улаан уулын зүүн хормой Шар тал хоёрын нийлэх уулзвар газарт Улаан хэрэм хэмээх томоохон шороон хэрэм оршино. Үүнийг анх эрдэмтэн Хөдөөгийн Пэрлээ илрүүлэн олжээ. 2002-2003 онд хийсэн хайгуул судалгаагаар түүний баруун өмнө, баруун хойно нь гадуураа шороон хэрэмтэй, хэрэмгүй хэдэн байгууламжийн үлдэц байсныг олж илрүүлсэн. Ингэхдээ Х.Пэрлээгийн анх илрүүлсэн том хэрмийг Улаан хэрэм -1, хожим илэрсэн байгууламжуудыг Улаан хэрэм 2, 3, 4, 5 гэхчлэн нэрлэн дугаарласан байна. Энэ бүх олдвор бүхий балгасууд нь он цагийн хувьд НТ IX-XI зуун буюу Хятаны үед холбогдоно.

Улаан хэрэм
ТөрөлКиданы балгас
БайрлалБулган, Монгол
Ойрын хотБаяннуур
Огноо900-1125

Улаан хэрэм 1. Энэхүү хэрэм нь шороо дагтаршуулан үйлдсэн бөгөөд дөрвөлжин зохиомжтой. Түүний хойт, урд хоёр хана тус бүр 400 м, баруун болон зүүн хана тус бүр нь 390 м орчим урттай, хэрмийн дундаж өндөр нь 5-3 метр, өргөн нь сууриараа 18-34 метр, дээгүүрээ 5-4 метр байна. Эл хэрэм нь баруун, өмнөд зүүн гурван талдаа чих бүхий том хаалгатай, хаалга дунджаар 27х24 м хэмжээтэй. Улаан хэрэм-1 нь олон хүн нягт суурьшсан зохион байгуулалт сайтай шороон хэрэмт хот байсан бөгөөд хэрмийн дотоод зохион байгуулалт, хамгаалалт зэргээс нь үзвэл, гол төлөв хятаны цэргийн эрх баригсад болон худалдаачид, гар урчууд, газар тариаланг захирагч нар сууж байсан бололтой.

Улаан хэрэм 2. Нэгдүгээр хэрмийн баруун урд жигүүрт залган байгуулсан шороон хэрэм бий. Хэрмийн урд хана нь 320 метр, баруун хана нь 310 метр урттай, хойд хана нь бараг мэдэгдэхгүй болтлоо баларсан. Хэрмийн төв дунд 25 метрийн голчтой, 1.2 метр өндөр, шороон овгор байх бөгөөд эл овгорын баруун талд хоорондоо ойрхон, дугуй хэлбэртэй 4 шороон овгор байна. Тэдгээр шороон овгорууд нь хэмжээгээр хоорондоо ойролцоо бөгөөд дунджаар 20-15 метр голчтой юм.

Улаан хэрэм -3. Эл хэрэм нь Улаан хэрэм 2-оос өмнө зүгт 100 метрийн зайтай байна. Хэрмийн баруун болон хойд хана нь 300 метр, зүүн хана нь 270 метр, өмнөд хана нь 320 м урт. Сууриараа 2-8 м, дээгүүрээ 2-6 м өргөн, өндөр нь 0.3-0.5 м. Хэрмийн төвд 37 метрийн голчтой, 1,1 метрийн өндөртэй, шороон овгор, түүний баруун талд 15-30 метрийн голчтой, 0.4-0.8 метрийн өндөртэй 4 шороон овгор байрлана.

Улаан хэрэм 4. Улаан хэрэм 1-ийн баруун талд 700 метрийн зайтай оршино. Хэрэм ерөнхийдөө дөрвөлжин зохиомжтой юм. Хэрмийн хойд, өмнөд хана нь тус бүр 420 метр, зүүн, баруун хана нь тус бүр 380 м байна. Шороон хэрмийн өргөн 10 метр, өндөр нь 0.4-0.8 метр ажээ. Хэрмийн баруун болон өмнөд ханын дунд 20 метрийн өргөн сэтэрхий буй нь хаалга байсан бололтой. Хойд ханын дагуу суваг болон шороон далан байсны ор мэдэгдэж байна. Хэрмийн төв дунд 50 метрийн голчтой, 1,6 м өндөртэй дөрвөлжин зохиомжтой шороон овгор оршино.

Улаан хэрэм 5. Эл хэрэм нь Улаан хэрэм 4-ийн баруун талд, 300 метр зайтай оршино. Хэрмийн хойт, урд хоёр хана тус бүр 400 м орчим зүүн, баруун хана тус бүр нь 380 м урт ажээ. Хэрмийн далан 8 м өргөн, 0.4-0.7 м орчим өндөртэй. Шороон хэрмийн төв хэсэгт 40 метрийн диаметртэй, 1.5 метрийн өндөртэй, шороон овгор байх ба түүний баруун өмнө талд 18 метр орчим голчтой бас нэг овгор байрлана.