Улаан ном (англи. Red Data Book) бол ховор, ховордсон, устаж үгүй ​​болсон амьтан, ургамал, мөөг зэргийн жагсаалтын сан юм.

Швейцар дахь Олон улсын байгаль орчин хамгаалах Холбооны төв байр.

Улаан ном бол ховор, нэн ховордсон ургамал, амьтдын өнөөгийн байдлын талаарх материалыг нэгтгэн дүгнэж, үүний үндсэн дээр тэдгээрийг хамгаалах, нөхөн үржих, зохистой ашиглахад чиглэсэн шинжлэх ухаан, практик арга хэмжээг боловсруулсан гол баримт бичиг юм.

1948 онд Олон улсын байгаль орчин болон байгалийн нөөцийг хамгаалах холбоо (товч. ОУБОБНХХ (англи. International Union for Conservation of Nature and Natural Resources, IUCN) нэгдэж, зэрлэг ан амьтдыг хамгаалах чиглэлээр дэлхийн ихэнх улс орны төр, шинжлэх ухаан, олон нийтийн байгууллагуудыг удирдан чиглүүлж эхэлсэн юм. 1949 онд байгууллагын анхны шийдвэрүүдийн нэг нь "Ховор амьтдыг хамгаалах Комисс" (англ. Species Survival Commission) байгуулах явдал байв.

Комиссын гол зорилго нь ямар нэг шалтгааны улмаас устах аюулд өртөж буй дэлхий даяарх амьтдын бүртгэлийн жагсаалт гаргах явдал байв. Комиссын дарга Питер Скотт энэхүү жагсаалтыг утга учиртай болгох үүднээс "Улаан ном" гэж нэрлэхийг санал болгосон байна. Учир нь улаан өнгө нь аюулыг бэлгэддэг бөгөөд харанга дэлддэг гэж үздэг. Ийнхүү ховор амьтдын жагсаалт болсон номыг "Олон улсын улаан ном" гэж нэрлэх болжээ.

Хэвлэгдсэн байдал

засварлах

"Олон улсын улаан ном" анх 1963 онд цөөхөн тоогоор хэвлэгдэн гарсан байна. Хоёр боть уг номд хөхтөн амьтдын 211 зүйл, дэд зүйл, шувуудын 312 зүйл, дэд зүйлийн талаарх мэдээллийг багтаасан. Улаан номыг нэрт төрийн зүтгэлтнүүд болон алдартай эрдэмтдэд илгээсэн байна. Ингэсэнээр анхнаасаа шинэ мэдээлэл хуримтлуулж дахин хэвлэх зорилготой байсан ажээ.

1966-1971 онд уг номын хоёр дахь хэвлэлийн гурван боть хэвлэгджээ. Шинээр хэвлэгдсэн ном 21.0 × 14.5 см хэмжээтэй байжээ. Энэ удаа мөн өргөнөөр худалдаалахаар төлөвлөөгүй байсан бөгөөд байгаль орчин хамгаалах байгууллагууд, бие даасан эрдэмтдэд илгээсэн байна. Номын эхний ботид хөхтөн амьтдын 236 зүйл (292 дэд зүйл), хоёрдугаарт - 287 зүйл (341 дэд зүйл) шувуу, гуравдугаарт - мөлхөгчдийн 119 зүйл, дэд зүйл, газар болон усан доорх хоёр нутагтан амьтдын 34 зүйл, дэд зүйл багтсан байна.

Улаан номын мэдээлэл аажмаар нэмэгдэж илүү боловсронгуй болж байв. 1972 онд хэвлэгдэж эхэлсэн гурав дахь хэвлэлд хөхтөн амьтдын 528 зүйл, дэд зүйл, 619 зүйл шувуу, хэвлээр явагч, хоёр нутагтан амьтдын 153 зүйл, дэд зүйл багтсан болно. Агуулгын хувьд эхний хэсэг нь тухайн зүйлийн байдал, өнөөгийн байдлыг тодорхойлоход, дараагийн хэсгүүдэд газарзүйн тархалт, популяцийн бүтэц, тоо толгой, амьдрах орчны шинж чанар, одоо байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хамгаалах арга хэмжээ, амьтны хүрээлэнд хадгалагдаж буй амьтдын шинж чанар, эх сурвалж зэрэгт зориулагдсан мэдээлэл орсон байна.

1978-1980 онд хэвлэгдсэн хамгийн сүүлийн дөрөв дэх хэвлэлд хөхтөн амьтдын 226 зүйл, 79 дэд зүйл, шувуудын 181 зүйл, 77 дэд зүйл, мөлхөгчдийн 77 зүйл, 21 дэд зүйл, хоёр нутагтан амьтдын 35 зүйл, 5 дэд зүйл, загасны 25 дэд зүйл багтжээ.

Монгол Улсын Улаан ном

засварлах

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1985 оны 12-р сарын 23-ны 340 дүгээр тогтоолоор 23 зүйлийн хөхтөн, 19 зүйлийн шувуу, 6 зүйлийн хоёр нутагтан ба хэвлээр явагчид, 2 зүйлийн загас, 86 зүйлийн ургамлыг багтаасан ”БНМАУ-ын улаан ном”-ыг буй болгохоор шийдвэрлэсэн нь 1987 онд биелэлээ олсон юм. Харин шинэчилсэн хувилбар 1997 онд олны хүртээл болсон байна. Монгол Улсын Улаан номыг хамгийн сүүлд 2013 онд шинэчилжээ. Уг “Улаан ном”-нд 110 зүйлийн амьтан, 192 зүйлийн ургамал бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн 25 зүйлийн амьтдын дотор шинээр шилүүс, суусар булга, ойн булга, хүрэн баавгай зэрэг зургаан хөхтөн, цагаан тогоруу одой галуу, ооч ёл зэрэг 18 зүйл шувуу, эгэл загалмайт могой гэсэн 1 зүйлийн мөлхөгч багтсан байна. Харин 192 зүйлийн ургамалд 95 зүйлийн дээд ургамал, 5 зүйл хаг, 11 зүйл хөвд, 6 зүйл мөөг, 13 зүйл замаг бүртгэгджээ.

Янгирыг 2006 онд Монгол орны амьтдын “Улаан данс” номонд “Ховор болон ховордож болзошгүй” зэрэглэлээр оруулсан юм.

Мазаалайг 1953 оноос агнахыг цаазлан хориглож, 1975 оноос амьдрах нутгийг нь дархан цаазтай болгож, 1987 оноос улаан номонд бүртгэжээ.

Улс орнуудын Улаан ном

засварлах

АНУ-д ийм Улаан ном байдаггүй бөгөөд үүнийг 1973 онд батлагдсан "Ховордож үгүй болж буй амьтдын тухай хууль"-иар орлуулдаг байна. Үүний дагуу ховор амьтны амьдрах орчныг сүйтгэх нь нотлогдвол тухайн газар нутагт аливаа барилга байгууламж барихыг хориглоно. Хуулийн өөр нэг ялгаа нь, хэрэв хамгаалалтад хамрагдах зүйл нь бие биеэсээ ялгахад хүндрэлтэй байвал ховор зүйлтэй ижил төстэй нийтлэг зүйлүүд ч хамгаалалтад байдаг. Уг хууль нь ховор амьтныг худалдаалахыг хориглохоос гадна АНУ-д ховор ан амьтдыг хамгаалах арга хэмжээ авахыг санхүүгийн хувьд, тэр дундаа гадаад орнуудад урамшуулах боломжийг олгодог.

ОХУ, Беларусь, Украин, Молдав болон Зөвлөлтийн хуучин бүрэлдэхүүнд байсан бусад орнуудын Улаан номд ховор зүйлүүдийг оруулах нь улсын хуулийн хамгаалалтад автоматаар ордог нөхцөл үүсдэг учир Улаан ном нь хууль эрх зүйн ач холбогдолтой баримт бичиг, түүнчлэн ховор амьтныг хамгаалах удирдамж, зааварчилгааны арга хэрэгсэл болдог байна.