Төмөрийн Нацагдорж

Төмөрийн Нацагдорж (1910 онд Амгаланбаатар хотод төрж, 1966 онд нас барсан) - Монголын ууган кино зохиолч, найруулагч юм.

"Бага" хэмээх Нацагдорж 1910 онд Амгаланбаатар хотод төржээ. Түүнийг 3 настай байхад эх нь цэл залуухнаараа өвчнөөр нас барж, эмэг эх Төмөрийн гар дээр үлдэж, эмэг эхээрээ овогложээ. 11 настайдаа Амгаланбаатар хотноо бага сургууль байгуулагдахад анхны сурагчдынх нь нэг болон оржээ. Бага сургуулиа төгсөөд Улаанбаатарт нээгдсэн анхны дунд сургуульд  дэвшин суралцсан бөгөөд 1925 онд тус сургууль дээр  пионерийн байгууллага анх байгуулагдахад гишүүнээр нь элсэн орж, улмаар Марксын нэрэмжит пионерын бүлгийн даргаар сонгогдон ажиллаж байжээ.

1925-1930 онд Герман Улсад суралцаж ирээд Шинжлэх ухааны хүрээлэнд хуваарилагдан жил гаруй ажиллаад багш нарыг бэлтгэх сургуульд багшаар томилогджээ. Т.Нацагдорж уран зохиол сонирхон оролдож, 1930 оноос зохиолчдын бүлгэмд элсэн орсноор шүлэг, өгүүллэг, кино зохиолын төрлөөр мэргэшсэн нэртэй зохиолч байсныг 1936 оны 7 дугаар сарын 25-нд уран сайхны улс төрийн зөвлөлийн гишүүдийн хурлаас түүнийг Ардын уран зохиолч цолоор шагнасан явдал гэрчилнэ. Тэрбээр сүүлд олноо алдаршсан нэрт зохиолч Д.Сэнгээ, Д.Даржаа, П.Хорлоо М.Чимид нарын эрдэм номын багш төдийгүй тэднийг уран зохиолын амтанд хөтлөн оруулсан буянтан гэдэг билээ.

Төмөрийн Нацагдорж нь их зохиолч Дашдоржийн Нацагдоржтой нэгэн үед зохиол бүтээлээ туурвиж, хамт сурч явсан сайн нөхөд байсан бөгөөд тэр хоёрыг ялгахын тулд Т.Нацагдоржийг “бага Нацагдорж” хэмээн нэрлэдэг байжээ. 1935 онд Багшийн сургуулийн багш Т.Нацагдорж, Монгол кино үйлдвэрт анхны найруулагчаар томилогдон, 3өвлөлтөөс уригдаж ирсэн найруулагч Л.Шефферт шавилан, кино найруулгын ур ухаанд шамдан суралцсанаар, 1937 оны суулчээс багштайгаа хамтран “Монголын Үйлдвэрчний эвлэл”, “Октябрийн хувьсгалын 20 жилийн ой” зэрэг кинонуудыг найруулсан байна. Т.Нацагдорж 1938 оноос эхлэн баримтат кино бие даан найруулж “Налайхын чулуун нүүрсний уурхай”, “Боловсон худалдаа” кинонуудыг бүтээсний зэрэгцээ “Норжмаагийн зам” хэмээх дуугуй богино хэмжээний уран сайхны киног зөвлөлтийн найруулагч Л.Шеффертей хамтран зохиож, бие даан найруулсан нь Монголын уран сайхны анхны кино байлаа.

1939 онд тайзны жүжгийг кино болгон бүтээх ажлыг амжилттай туршин Д.Намдагийн зохиолоор “Сүрэг чоно” киног бие даан хийснээс гадна, 1940 онд “Анхдугаар хичээл” уран сайхны киноны зохиолыг өөрөө бичиж, найруулснаас гадна олон арван бүлэг баримтат кино хийж “Тарваган тахал”, “Амьдралын дайсан” зэрэг кинонууд бүтээсэн юм.

Хэлмэгдэл

засварлах

Т.Нацагдорж Германд сургууль төгссөн, орос, хятад хэл гадарладаг сэхээтний нэг байсан хэдий ч хэлмэгдлийн хар шуурганд өртөн гадаадын тагнуул хэмээн удаа дараа сэжиглэгдэн хагас жил шоронд сууж байгаад суллагдсан боловч түүнийг 1942 онд “Хил дээр гарсан хэрэг” киноныхоо хээрийн зургийг авч байх үед нь улс төрийн хилс хэргээр баривчлан саатуулж арван жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Тэрбээр эсэргүү Гэндэн, Дэмид нарын байгууллагад элсэн, эсэргүү гүтгэлгийг удаа дараа тараасан хэргээр хүнд ялд унаж 9 жил гаруй хоригдоод БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар өршөөгдөн, Цагаатгах Ажил Эрхлэх Комиссын 1958 оны 11-р сарын 4-ний өдрийн 49-р тогтоолоор уг хэрэгт холбогдолгүй болж цагаатгагдсан юм. Т.Нацагдорж хожим нь Зүүнхараагийн Спирт заводод галчаас жирийн ажилчин, цехийн дарга, ерөнхий технологичоор дамжин үйлдвэрийн дарга болтол дэвшин ажилласан юм.

Бага Нацагдоржийн бичсэн «А.С.Пушкин», «Партизан», «Монгол бүсгүй», «Архич Сандаг» зэрэг зохиол нь уншигчдын талархлыг татаж, «Идэр жинчин» гэдэг дууны үг нь ардын дуу болтлоо өргөн тархсан юм. «Эх орон минь», «Монгол хүү», «Д. Нацагдоржид» зэрэг шүлэг зохиожээ.

Т.Нацагдорж хүүхдэд зориулан «Монгол хүү» (1959), «Алтан хүүхэд» (1965) гэдэг ном хэвлүүлснээс гадна «Эрдэнэ Хайрханы эзэн хэн бэ?» (1958) гэдэг кино туужийг зохиолч С.Дашдооров, М.Цэдэндорж нартай хамтран бичсэн байна.

Т.Нацагдорж Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүнд 1935 онд элсэж байжээ.

Тэрээр герман, орос хэлний мэдлэгтэй, хятад хэл гадарладаг байжээ.