Тодд Хэйз (Англиар Todd Hays, 1969 оны 5 сарын 21-нд төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын бобслейчин юм. Техас муж улсын Дел-Рио хотод өссөн тэрээр 4 олимпод оролцохдоо 2002 оны Солт-Лэйк Ситийн олимпоос дөрвөл уралдааны төрөлд мөнгөн медаль хүртжээ.

Тодд Хэйз
Бобслей
Төлөөлдөг улс:  Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Тодд Хэйз
Төрсөн огноо 1969 оны 5 сарын 21
 
Медалиуд
Өвлийн олимп
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Солт-Лэйк Сити 2002 Дөрвөл
Дэлхийн АШТ
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Лэйк-Плэсид 2003 Дөрвөл
Хүрэл медаль – гуравдугаар байр Кёнигзее 2004 Дөрвөл

Бобслейн спортоор хичээллэж амжилтад хүрсэн тэрээр мөн америк хөлбөмбөг, кикбоксоор хичээллэж байв. Оклахома хотын Тулса Их Сургуулийн америк хөлбөмбөгийн багийн бүрэлдэхүүнд багтаж, 1991 онд Фрийдом Бөүл тэмцээнд Сан-Диего Мужийн Их Сургуулийн багийг ялж байв. Мөн кикбоксоор хичээллэж эхлэхээсээ өмнө Канадын Хөлбөмбөгийн Лигийн Торонто Аргонавтс багт 2 улирал тоглож, 1993 онд үндэсний аварга цол хүртсэн байна.

1993 оны 4 сарын 3-нд анхдугаар Кэй-Ван гранпригийн эхний тулаанд оролцож, Сатакэ Маса-Акид 2-р үеийн 0:45-д нокаутаар ялагдсан. 1995 оны 4 сарын 20-нд чөлөөт зодооны Вале Түдо Жапан Өүпэний нэгдүгээр шатанд Кимүра Коо-Ичироог цэвэр ялсан ч мөрөө гэмтээсэний улмаас Риксон Грэйситэй хийх хагас шигшээ тоглолтод оролцож чадаагүй аж. Хэйз хожим ярихдаа бобслейгээр олимпын наадамд оролцох мөрөөдлөө биелүүлэх мөнгө санхүүгийн асуудлаа шийдэх гэж тулааны урлагийн тэмцээнд оролцож байсан гэжээ.

2006 оны өвлийн олимпын дараа Хэйз зодог тайлж, америк хөлбөмбөгийн дасгалжуулагчийн ажил эрхлэх болсон ч 2008 онд Ванкуверын олимпод оролцохын тулд бобслейн спортдоо эргэн ирэх шийдвэр гаргасан байна. Харамсалтай нь 2009 оны 12 сарын 9-нд Германы Винтерберг дэх бобслей, чарга, скелетоны замд бэлтгэлийн үеэр гэмтэл авч, Лэйк-Плэсид хотноо хийсэн нарийн шинжилгээгээр тархины дотуур цус алдалт үүссэн болох нь илэрснээр эмчийн шаардлагаар спортоо орхихоос өөр аргагүй болжээ[1].