Тажима Ясүко (Япон: 田島 寧子, 1981 оны 5 сарын 8 - ) нь Японы усанд сэлэгч, жүжигчин юм. Канагава мужийн Камакүра хотод төржээ. Токио хотын Ришшоо ахлах сургуулийг дүүргээд Японы Биеийн Тамирын Их Сургуульд суралцаж байгаад орхисон аж. 2000 оны 9 сард зохиогдсон, Сиднейн олимпоос эмэгтэйчүүдийн 400 метрийн холимог сэлэлтийн төрөлд улсынхаа дээд амжилтыг эвдэж, мөнгөн медаль хүртжээ.

Тажима Ясүко
Усанд сэлэлт
Төлөөлдөг улс:  Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Тажима Ясүко
Төрсөн огноо 1981 оны 5 сарын 8
Төрсөн газар Камакүра, Канагава
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгө Сидней 2000 400 м холимог
Дэлхийн АШТ
Хүрэл Перт 1998 400 м холимог

3 настайгаасаа усанд сэлэлтээр хичээллэж эхэлсэн Тажима 1997 - 2000 онд 400 метрийн холимог сэлэлтийн төрлөөр Японы АШТ-д 4 дараалан түрүүлсэн байна.

Олимпоос мөнгөн медаль авсныхаа дараа тэмцээн уралдаанд оролцоогүй бөгөөд 2001 оны 7 сард зодог тайлж буйгаа зарлан, их сургуулиа ч орхиж, жүжигчин болох замыг сонгов. 2003 онд NHK телевизийн олон ангит кино "Тэрү-тэрү гэр бүл" (てるてる家族)-д оролцон тоглосон аж. Мөн "Хицүко, түүний хайр - Дагины төгөлдөр хуур" (筆子・その愛 -天使のピアノ-), "Улаан армийн эвсэл, Асама уулын байшин хүрэх зам" (実録・連合赤軍 あさま山荘への道程) хэмээх кинонд тогложээ. 2007 оны 3 сараас жүжигчний мэргэжлээр ажиллахаа больж, ердийн ажил эрхлэх болсон байна.

Тажимагийн 400 метрийн холимог сэлэлтийн төрөлд тогтоосон, 4:35.96 хэмээх Японы дээд амжилт нь 2010 оны байдлаар эвдэгдээгүй байна.