Соёлын Төв Өргөө

Соёлын Төв Өргөө - Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах соёлын томоохон цогцолбор юм.

Соёлын Төв Өргөө

Соёлын Төв Өргөөний барилгыг анх Шинжлэх ухаан, техник, соёлын ордон нэртэйгээр Зөвлөлтийн тусламжаар барьж, 1988 оны 12-р сарын 29-ний өдөр Монголчуудад бэлэглэсэн бөгөөд ашиглалтанд орсон цагаас хойш өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн.

Нийт 15000 ам. дөр. метр талбайтай. Цогцолбор нь 1325, 280, 150 хүний суудалтай хурал, концерт, кино, лекцийн танхим, номын сан, музей, үзэсгэлэнгийн танхим, 12 давхар захиргааны барилга зэргээс бүрддэг.

Уг цогцолборт Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Монголын Урлагийн Ажилтны Холбоо, Соёл урлагийн хороо, Хүүхдийн номын ордон, Сөүлийн соёл мэдээллийн төв, Уран зургийн галерей, Соёлын өвийн төв, Театрын музей, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Улсын филармони, Морин хуурын чуулга, “Баянмонгол” чуулга, “Соёл-Эрдэнэ” хамтлаг, Хошин урлагийн “Х-түц”хамтлаг, “Хувьсал” продакшн зэрэг шинжлэх ухаан, соёл урлагийн салбарын төрийн ба төрийн бус олон нийтийн байгууллага, хувийн хэвшлийн 100 гаруй аж ахуйн нэгж төвлөрч үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус ордонд жилд ойролцоогоор 300 орчим нийтийг хамарсан урлаг соёлын олон талт арга хэмжээ зохиогдож, давхардсан тоогоор 350-400 гаруй мянган үзэгчдэд хүрч үйлчилдэг.

Соёлын Төв Өргөөний үндсэн бүрэлдэхүүн нь өнөөгийн байдлаар 80 гаруй ажиллагсадтай,

  • • Санхүүжилт менежментийн алба
  • • Уран бүтээл, техникийн алба
  • • Инженер техникийн алба
  • • Маркетинг үйлчилгээний алба
  • • “Соёл-Эрдэнэ” хамтлаг гэсэн 5 үндсэн албатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
  • Гадны холбоос
 Commons: Central Cultural Palace – Викимедиа зураг, бичлэг, дууны сан