Сергей Викторович Чемезов- ОросынРостех” корпорацийн Ерөнхийлөгч, хурандаа генерал.

Сергей Чемезов, 2017 он

Сергей Чемезов 1952 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хуучин ЗСБНХУ-ын Эрхүү мужийн Черемхово хотод төрсөн.

1975 онд Эрхүү хотын ардын аж ахуйн дээд сургууль, Зэвсэгт хүчний жанжин штабын Цэргийн академийн курсийг төгссөн.

ЗХУ-ын алдарт Улсын аюулаас хамгаалах байгууллагын /КГБ/ нэгдүгээр ерөнхий газрын ажилтан С. Чемезов 1983 оноос ХБНГУ-ын Дрезден хот дахь “Луч” нэгдлийн төлөөлөгчийн газрын даргаар томилогдон ажиллах үеэрээ тэнд үүрэг гүйцэтгэн алба хааж байсан В. Путинтэй нэг байранд амьдарч байсан бөгөөд залуу офицерүүд энэ үеэс үерхэн нөхөрлөж, гэр бүлээрээ найзлах болжээ.

1996 оноос В.Путин ОХУ-ын ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч даргаар ажиллах үедээ өөрийн анд С.Чемезовыг урьж гадаад харилцааны асуудал хариуцуулсан байна. Гурван жилийн дараа В.Путин ОХУ-ын Засгийн газрын тэргүүн болж, С.Чемезов зэвсгийн экспортын чиглэлийн Холбооны төрийн өмчит “Промэкспорт” байгууллагыг удирдах болжээ. 2004 онд цэргийн зориулалттай бүтээгдэхүүний экспорт, импортын асуудлыг хариуцсан “Рособоронэкспорт” улсын үйлдвэрийн газрын захирлаар томилогдож, улмаар тус байгууллагын хувьцааг тууштай нэмэгдүүлж титан үйлдвэрлэлийн томоохон төлөөлөл “ВСМПО-Ависма” үйлдвэрийн хувьцааны 66%, “АвтоВАЗ” компанийн хувьцааны 61,8 хувийг тус тус эзэмших болсон байна.

2007 оны 11 дүгээр сард “Ростехнологии” улсын корпораци байгуулагдахад ерөнхий захирлаар томилогджээ.

Ростех нь 2016 оныг хүртэл Орос-Монголын хамтарсан Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет компаниудын Оросын талын хувьцааг эзэмшдэг байсан бөгөөд С. Чемезов хамтын үйлдвэрүүдийн Монголын талын хувь эзэмшигчээр Монголын төрийн захиргааны байгууллага ажиллаж байгаад шүүмжлэлтэй ханддаг, үйлдвэрүүдийн техник технологийн шинэчлэл, үр ашгийг дээшлүүлэхийн тулд Монголын талын хувьцааны тодорхой хэсгийг аж ахуйн нэгж, байгууллагад худалдах, эсхүл хоёр компанийг нэгтгэх, эсхүл талууд эзэмшлээсээ адил хэмжээний хувьцааг зах зээлд борлуулах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай талаар нэг биш удаа саналаа илэрхийлж байсан юм.

Ажилласан байдал

засварлах
  • 1980-1988 онд “Луч” туршилт, аж үйлдвэрийн холбоо
  • 1983-1988 онд Хуучин Бүгд Найрамдах Ардчилсан Герман Ард Улс дахь “Луч” холбооны салбарын тэргүүн
  • 1988-1996 онд Гадаад худалдааны «Совинтерспорт» холбооны ерөнхий захирлын орлогч
  • 1996-1999 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын гадаад эдийн засгийн холбооны газрын дарга
  • 1999-2001 онд «Промэкспорт» төрийн өмчит компаний ерөнхий захирал
  • 2001-2004 онд «Рособоронэкспорт» төрийн өмчит компаний ерөнхий захирлын нэгдүгээр орлогч
  • 2004-2007 онд «Рособоронэкспорт» төрийн өмчит компаний ерөнхий захирал
  • 2007 оноос “Ростех” корпорацийн ерөнхий захирал

Эхнэр, гурван хүү, нэг охинтой.