Сергей Королёв
Сергей Павлович Королёв (Украин: Сергі́й Па́влович Корольо́в; 1907 оны 1 сарын 12 – 1966 оны 1 сарын 14) нь Зөвлөлт Холбоот Улсын пуужин зохион бүтээх төслийн удирдагч. 1-р Зохион бүтээх товчоо (ОКБ-1)-ны ахлах зохион бүтээгч байхдаа дэлхийд анхны тив хоорондын баллистик пуужин (ICBM) болох R-7-г бүтээсэн. R-7-гийн цөмийн цэнэгт хошууны оронд пэйлоуд болон сансрын хөлгийг суурилуулж сансар судлалд ч бас хэрэглэн, 1957 онд хүн төрөлхтөний анхны хиймэл дагуул болох Спутник-1-ийг хөөргөн, мөн 1961 онд дэлхийд анх удаа сансарт ниссэн Юрий Гагариныг сансарт хөөргөсөн зохион бүтээгч юм. Сергей Королёв нь Америк, Зөвлөлтийн сансар судлалын өрсөлдөөнд Вернер фон Браунтай хамтдаа гол үүрэг гүйцэтгэж байсан билээ. Тухайн үед ЗХУ-д хамгийн их нууцалж байсан хүн байжээ.
Намтар
засварлахС.Королёв нь Оросын Хаант Улсын эзэмшилд байсан Украины Житомирт төрсөн, украин үндэстэн. Эцэг нь орос хэлний багш Павел Яковлевич Королёв (1877—1929) Могилёваас гаралтай, эх нь худалдаачны охин Мария Николаевна Москаленко (Баланиной) (1888—1980). Сергей Королёвыг Софийн сүмд загалмайлсан ажээ. Өсвөр насаа Одесса хотод өнгөрөөж, 1908 онд Киев хот руу гэрээрээ нүүж дунд сургуульд суралцан, 1920-иод оны эхээр Киевийн Нислэгийг Судлах Нийгэмлэгт харьяалагдаж байжээ. 1922—1924 онд барилгын дунд сургуульд байхдаа төрөл бүрийн дугуйланд явдаг байжээ.
Тэрээр 1925 онд Киевийн политехникийн институтэд суралцаж эхэлсэн ба удалгүй түүний сурч байсан факультет хаагдсан учир 1926 онд Москвагийн Техникийн Дээд Сургууль, өнөөгийн Бауманы нэрэмжит Москвагийн Техникийн Их Сургуульд элсэн, алдартай онгоц зохион бүтээгч Андрей Туполеваар хичээл заалгаж байсан байна. 1930 оны 2 дугаар сарын 9-нд онгоцны зохион бүтээх инженерийн мэргэжлийн дипломоо хүлээн авч сургуулиа амжилттай дүүргэсэн байна.
Ф.А.Цандертай ойр танилцаж, К.Циолковскийгийн бүтээлүүдтэй танилцаад С.Королёвт далавчит пуужин зохион бүтээх санаагаа олсон гэдэг.
Дараа нь бөмбөгдөгч онгоц зохион бүтээхэд оролцож байгаад, онгоцонд тийрэлтийн хүчийг ашиглах санаа олж, 1931 оноос түүнийгээ судалж эхлэв. 1933 онд анхны шингэн түлш ашигладаг Пуужингийн хөдөлгүүрийг зохион бүтээх ажил нь амжилттай болж, шинээр байгуулагдсан Тийрэлтийг судлах хүрээлэнгийн даргаар ажиллаж байв. Гэвч пуужин зохион бүтээх ажил нь амжилтанд хүрэлгүй, 1938 оны 7 сарын 22-нд Валентин Глушкогийн матаасаар улсын хөрөнгийг үрэн таран хийсэн хэргээр хүрээлэнгийн ажилтнуудынхаа хамт ЗХУ-ын Дотоод Хэргийн Ардын Коммисарын Газар (НКВД)-д баривчлагдаж, 10 жилийн ял сонсон Алс Дорнод дахь "Колыма" уурхай руу цөлөгджээ. Тэнд байхдаа бүх шүд нь унаж, эрүүнийх нь яс хугарч, зүрхний өвчин, тэр ч бүү хэл чийг бам туссан боловч азаар амьд үлдсэн гэдэг. Ийнхүү Иосиф Сталины дарангуйллын үед болсон хэлмэгдүүлэлт нь ЗХУ-ыг пуужингийн технологиороо Нацист Германд гүйцэгдэхэд хүргэсэн билээ. Түүнээс чадварлаг мэргэжилтэн байгаагүй тул Королёвын ялыг 8 жил болгон хөнгөлж, Москвад байх шоронгийн тусгай эрдэм шинжилгээний хүрээлэн рүү шилжүүлсэн юм. Тэнд Валентин Глушкотой дахин хамтран ажиллаж, байлдааны онгоц, бөмбөгдөгч онгоц зохион бүтээх ажилд дайчлагдаж байлаа. Хожим нь Глушкогийн матаасаар шийтгэгдсэн болохоо Королёв өөрөө мэдсэн юм. С.Королёвыг 1944 онд суллажээ. С.Королёв Казаний нисэхийн дээд сургуулийн тийрэлтэд хөдөлгүүрийн ангийн багш болжээ.
1945 онд Улаан Армийн хурандаа цолоор шагнуулсан. Мөн ондоо Дэлхийн хоёрдугаар дайны дараахь Германд очиж, V-2 пуужингийн /ФАУ-2/ тухай мэдээллийг цуглуулах ажлаар тусгай албаныхантай хамт явж байжээ. 1946 онд 5,000 герман инженерүүдийг ЗХУ-д авчран, пуужин зохион бүтээх ажилд оролцуулснаар ирэх жил нь буюу 1947 онд V-2-ын үндсэн дээр сайжруулсан загвар болох R-1 олон хошуут пуужинг амжилттай хөөргөжээ. Харин Королёвын бүтээсэн R-2 пуужин нь V-2-оос 2 дахин хол зайг туулах чадвартай байв. Тэдгээр инженерүүд 1954-1956 онд Зүүн Герман руу буцсан аж. Түүний дараа 1957 оны 8-р сард R-7-гийн туршилт амжилттай болж, Казахстаны Байконураас Алс Дорнодын Камчаткын хойг хүртэл нисгэжээ. R-7-гийн тусгал нь 7,000км буюу холын тусгалтай байсан нь ЗХУ-ыг Атлантын далайг гатлан АНУ-ын нутагт хүрч цохилт өгөх чадвартай болгожээ.
С.Королёв 1952 онд ЗХУ-ын Коммунист Намын гишүүнээр элсэж, 1957 оны 4 сард нэр төрөө сэргээлгэж, цагаадсан юм.
Тэрээр 1930 онд Ксения Максимилиановна Винцентини (1907—1991), Боткины эмнэлэгийн мэс засалч бүсгүйтэй гэрлэж, нэг охинтой болсон боловч цөллөгт байх үедээ гэр бүлээсээ салангид байж, суллагдсаныхаа дараа 4 жил хамт амьдраад 1948 онд салжээ. Дараа нь өөрөөсөө насаар нэлээд залуу Нина Ивановна Королёва (Котенкова) (1920-1999) хэмээх бүсгүйтэй 1949 онд гэрлэсэн юм.
1957 оны 10 сарын 4-нд R-7 пуужинг ашиглан дэлхийн анхны хиймэл дагуул Спутник-1-ийг амжилттай хөөргөв. Гэхдээ Королёв 1953 онд ЗХУ-ын Шинжлэх Ухааны Академид нохой суулгасан хиймэл дагуул хөөргөх боломжтой болох тухай илтгэл тавьж байсан боловч арми, нам эсэргүүцсэн тул биеллээ олоогүй байсан юм. Тэгтэл 1957 он Олон улсын дэлхийг судлах жилээр зарлагдаж, Америкийн Нэгдсэн Улс хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөө хэрэгжүүлж буйг барууны сонингуудаас олж мэдэн, уйгагүй хөөцөлдсөөр төсөв гаргуулж, судалгаа хийсний үр дүнг ийнхүү амссан билээ. Анхны хиймэл дагуул нь 83.6кг жинтэй, энгийн дизайнтай эд байлаа. "Энэ бол манай хуучин гаригийн анхны хиймэл дагуул жижигхэн байсан боловч түүний дуудлагын дохио бүх тив, бүх ард түмний дунд тархаж, хүн төрөлхтний зоригтой мөрөөдлийн биелэл болсон юм" гэж С.П.Королев хожим хэлжээ.
Дараа нь Октябрийн хувьсгалын 40 жилийн ойн өмнө 11 сарын 3-нд Спутник-2 хөөргөгдсөн. Тэр нь 500кг гаруй жинтэй, дотроо Лайка хэмээх нохойг суулган хөөргөсөн бөгөөд тэр үед нохойг эсэн мэнд буцааж авчрах хэмжээнд хүрээгүй байсан бөгөөд 10 хоног амьд байна гэж тооцоолж байсан ч нохой сансарт гарснаас хэдхэн цагийн дараа үхсэн аж.
Түүний дараагаас хүн суулгасан сансрын хөлөг бүтээх ажилдаа оржээ. Тэрээр сансрын Восток-1 хөлөг онгоцыг бүтээж 1961 оны 4 дүгээр сарын 12-нд анхны сансрын нисэгч Юрий Гагаринг сансарт нисгэсэн билээ.
1964 оны 10 дугаар сарын 12 -13 -ны хооронд "Восток"-оос илүү "Восход" сансрын хөлөг дээр сансарт янз бүрийн чиглэлээр мэргэшсэн онгоцны дарга, нислэгийн инженер, эмч гэсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй баг ниссэн юм.
Улмаар саран дээр хүн буулгахыг зорьж, Союз хөлөг болон N-1 пуужинг бүтээх ажлыг эхлүүлж байсан боловч 1966 онд хорт хавдар авах мэс заслын үеэр зүрх нь зогсч нас баржээ. Королёвыг нас нөгчихөд үндэсний гашуудал зарлаж, Улаан талбай дахь Кремлийн хананд оршуулж хүндэтгэл үзүүлсэн юм.
Сергей Королёвыг пуужин зохион бүтээгч гэдэг мэдээллийг чандлан нууцалж байжээ.
Энгийн байх нь түүний амьдралын зарчим байсан. ``Ухаалаг хийц нь түүний энгийн байдалд оршдог. Төвөгтэй хийцийг хэн ч хийж чадна`` хэмээн хэлсэн ажээ.
Өдгөө
засварлахСамара хот дахь Оросын Нисэх Сансрын Их Сургууль нь Королёвын нэрэмжит юм. Мөн түүний нэрээр нэрлэгдсэн Ангараг гариг болон саран дээрх кратер, сүүлт од байдаг.
Шагнал
засварлах- ЗХУ-ын хоёр удаагийн Социалист хөдөлмөрийн баатар (20.04.1956; 17.06.1961).
- 3 удаагийн Ленины одон, «Гавьяаны тэмдэг» одон медалиуд.
- Ленины нэрэмжит төрийн шагнал.
- ЗХУ-ын ШУА-ийн Академич.
- Королёв, Калуга болон Байконур хотын хүндэт иргэн.