Сергей Герасимов
Сергей Аполлинариевич Герасимов ( 1906 оны 5-р сарын 21-нд Оросын хаант улсын Оренбург аймгийн Кундравы тосгонд төрсөн- 1985 оны 11-р сарын 26-нд ЗХУ-ын Москва хотод нас барсан) — зөвлөлтийн кино найруулагч, жүжигчин, кино зохиолч, багш, Бүх Оросын Кино урлагийн улсын дээд сургуулийн профессор.
ЗХУ-ын Социалист хөдөлмөрийн баатар (1974), ЗХУ-ын Ардын жүжигчин (1948), Ленины шагналтан (1984), Сталины 3 удаагийн шагналтан (1941, 1949, 1951), ЗХУ-ын Төрийн шагналтан (1971), Ленины одон 4 удаа хүртсэн (1961, 1966, 1974, 1981).
1923—1925 онд Ленинград хотын урлагийн сургуульд сурсан. 1928 онд Тайзны урлагийн Техникум төгссөн.
1924 онд Кино урлагт орсон, анх 1925 онд «Мишки против Юденича» кинонд дүр бүтээсэн.
1931 оноос Герасимов «Ленфильм» кино студийн дэргэдэх кино урлагийн жүжигчдийн удирдагч байжээ.
1944—1946 онд Баримтат киноны төв студийг тэргүүлсэн. 1945 оны 2-р сард алдарт "Ялтын Бага хурал"-ыг дүрсжүүлж баримтад кино авах зөвлөлтийн хэсгийн ахлагч байсан.
1945 оноос «Союздетфильм»/М. Горькийн нэрэмжит/ студийн найруулагч. БНХАУ-тай киноныхонтой хамтран 1950 онд "Чөлөөлөгдсөн Хятад" /орос.Освобождённый Китай/ баримтат кино хийсэн.
1958 онд Михаил Шолоховын зохиолоор "Дөлгөөн Дон" киноны найруулагчаар ажилласан (3 анги, 1957—1958).
Бүх Оросын Кино урлагийн улсын дээд сургуульд найруулагчийн болон жүжигчны урлагийн багшаар олон жил ажилласан. Сүүлд зөвлөлтийн кино урлагийн их мастерууд болох Сергей Бондарчук, Лев Кулиджанов, Татьяна Лиознова, Николай Розанцев, Инна Макарова, Николай Рыбников, 3инаида Кириенко, Николай Губенко, Жанна Болотова, Галина Польских, Юрий Кара нар түүний сурагчид байжээ.