Сапфо (Аттик Грек:Σαπφώ, Аиолик Грек:Ψάπφω) нь Лесбос аралд төрсөн Эртний Грекийн гаргууд яруу найрагч эмэгтэй юм. Тэрээр өмнө нь хэнч бичиж байгаагүй гал эрмэлзлэл бүхий, тачаангуй яруу найргийн хэвийг бий болгожээ. Түүнчлэн хувь хүний сэтгэл зүй, нарийн тансаг эгшиг яруу байдлыг гаргуун дүрслэн бичиж, орчин үеийн хувь хүнийг чухалчлах үзлийг эхлүүлэгч гэгддэг.

Сапфо, Густав Климт

Амьдрал

засварлах

Амьдралынхаа туршид гаргууд яруу найрагч хэмээгдэж, Сицилийн арлын Сиракузад зочлох үед нь түүнд зориулж хөшөө хүртэл босгож байжээ. Сапфо анхны уянгын их найрагч байсан юм. Түүнийг суут сэтгэгч Сократ шүтэн биширдэг байсан тухай Платон анх зарласан бөгөөд Солон, Плутарх, Аристотель гээд олон сэтгэгчид гоц авъяасыг нь бахдан тэмдэглэжээ. Платон нь Сапфогийн шүлгүүдийг өндрөөр үнэлж, Сапфог "10 дахь Музы" гэж дуудаж байжээ.

Түүний нөхөр нь чинээлэг тул, улс төрт оролцох сонирхолтой байсан ба Сапфог дагуулан олон газраар аялж байжээ.

Мөн тэрээр нэг төрлийн сургууль байгуулан, тэндээ хараахан гэрлээгүй байгаа бүсгүйчүүдэд утга зохиолын хичээл зааж байжээ. Түүний бичсэн ихэнх шүлгүүд нь сургуулийнхаа сурагч нарт зориулан бичжээ. Түүний бүтээлүүд нь 5 хөлтэй дөрвөн мөртүүд олон байсан ба энэ бичлэгийн хэлбэрийг "Сапфогийн шүлгийн систем" гэдэг. Ихэвчлэн хайр дурлалын сэдэвт шүлэг голчилдог. Хамгийн алдартай нь "Афродитагийн магтаал дуу" юм.

Хайр дурлалын шүлгээрээ Сапфо нь Эртний Ромын үед ч алдартай байсан. Овидын "Хайрын тухай" шүлгийн шүүмж бичигт "Өнөөдөр Сапфогийн нэрийг дэлхийн улс бүр мэддэг болжээ" гэж бичсэн байдаг.

Харин хойч үеийнхэндээ Сапфогийн бүтээл нь цаг үеээ олоогүй хэмээн шүүмжлүүлдэг. Ромын эриний үед Сапфо нь шүүмжлэлийн бай болж, Христосын шашин цэцэглэлтийнхээ үед орохтой зэрэгцэн түүний ихэнх бүтээлүүд нь үрэгдэж алга болжээ.

Шүүмжлэлийн дунд түүнийг доромжлон ижил хүйстэн биеэ үнэлэгч, дууч эмсийн зууч байсан гэж гүтгэж байжээ. Юутай ч Сапфо нь авааль нөхөртэй, охинтой байсан ажээ. НТӨ 580 оны үед улс төрийн шалтгаанаар яруу найрагч Алкейн хамтаар Сицили рүү цөлөгдсөн баримт бий. Түүнчлэн нас тогтсон хойноо залуу хархүүд дурлаж, хадан цохионоос тэнгис рүү үсрэн амиа хоролосон гэлцдэг билээ.

Орчин үед эмэгтэй ижил хүйстнүүдийг "лесби" гэж нэрлэдэг нь Сапфогийн төрсөн арал Лесбосоос гаралтай юм. Монгол хэлнээ анх яруу найрагч судлаач Г.Аюурзана уран бүтээлээс нь орчуулж "Дэлхийн сонгомол яруу найраг" номондоо хэвлэж байжээ.

Уран бүтээл

засварлах

ТЭР ХАМГААС ИЛҮҮ

Дэргэдээ суулгаж хүлцсэнээрээ
Тэнгэр бурхан минь болов тэр 

Дуу хоолойн чинь уянгалаг ярууг 
Сэм чагнахад сэтгэл бүлээцэж 
Дур булаам инээмсэглэл чинь 
Зүрхний цохилтыг түргэсгэх юм 

Хэрэв чамтай гэнэт тулгарвал 
Хэл гацаад, дуугарч чадахгүй юм 
Арьсан доогуур нимгэхэн дөл гүйж 
Алаг нүд харанхуйлчих юм

Чихний минь хэнгэрэг л 
Нинжигнэн дэлдэх дуулдаж 
Хөлсөө дагаад би урсчих юм 

Чичирч дагжаад бүхий л бие 
Хатсан өвснөөс илүү сиймийж 
Үхэлд тэврүүлчих шиг л болох юм.