Самдангийн Оргодол

Самдангийн Оргодол (1927-2002) нь Төв аймгийн Баянбараат сум, одоогийн Баян-Өнжүүл сумын харьяат, үндэсний бөхийн улсын арслан юм. С.Оргодол бага залуу наснаасаа мал маллаж, эмнэг хангал эдэлгээнд сургах зэрэг мал аж ахуйн хүнд хүчир ажилд нухлагдан бяр чадал сууж эхэлжээ. Тэрээр анх сумын наадмаас эхлэн зодоглож сумын заан цол авчээ.

Самдангийн Оргодол
Төрсөн газарМонгол улсын Төв
аймгийн Баян-Өнжүүл сум
Амьдарсан нь1927–2002 он (75 наслажээ)
Алдар цол
Бөхийн цолУлсын арслан
Цол ахисан он жил
Улсын арслан1955 он — 28 насандаа
Аймгийн заан1954 он
Улсын наадмын барилдааны амжилт
Шөвгөрсөн3 (1955, 1956, 1957)

Тэрээр 1955 оны улсын баяр наадамд хуучин заншил монгол ёс бөх сугалаагаар барилдуулахад аймгийн заан С.Оргодол найм давж түрүүлж 28 насандаа Монгол Улсын арслан цол хүртжээ. Дараа жил нь зургаа давж тэр жилийн түрүү бөх Д.Дамдинд өвдөг шороодож улам нэмэх чимэг авчээ. 1957 онд зургаа давж, долоогийн даваанд Ц.Бадамсэрээжид арслантай тунаж барилдаж гүйж оронгуут толгой дээрээ гарган явуут дундуу хаях гэтэл дагуулж ачих мэхэнд нь унаж өсөх нэмэх чимэг авчээ.

1955 онд спортын төрөл бүрийн зэрэгтэй тамирчдыг төрүүлэх зорилгоор БНМАУ-ын спортын нэгдсэн ангиллыг батлан мөрдөж ажиллуулахад С.Оргодол арслан Монгол Улсын хүндийн өргөлтийн анхны тамирчдын нэг байсан бөгөөд 1955 онд Хятад, Монголын тамирчдын уулзалт тэмцээний үеэр 189 кг-ын туйван өргөж нэгдүгээр байр эзэлж байсан хүч, авяас бүрдсэн тамирчин байлаа. Мөн хүндийн өргөлтийн тэмцээнд хотод ирээд үйлдвэр комбинатын улаан буланд болсон нэгэн барилдаанд дархан аварга Б.Түвдэндоржтой үлдэж түрүүлж байжээ.

С.Оргодол арслан бол Төв аймгаас төрсөн нэгэн үеийн хүчтэн бөгөөд тэрээр өндөр биш, өргөн зузаан цээжтэй, богино хүзүү, урт гартай, хүч тэнхээ ихтэй, барьцгүй гүйж, давхар хамах мэхийг гарамгай сайн эзэмшсэн бөх байлаа. С.Оргодол арслан сүүн цайлган сэтгэлтэй, даруу төлөв зантай, адуу мал, атар тал нутгаа гэсэн өгөөмөр сайхан эр Баянбараат, Зоргол хайрхан уулынхаа ар, өврөөр нутаглаж таван хүүхдийнхээ хамтаар аймаг, сумынхаа наадамд морь уяж айраг түрүү аван амьдарч байгаад 2002 онд насан өөд болжээ.

  • 1954 онд Дундговь аймгийн наадам үзүүрлэж аймгийн заан цол
  • 1955 онд 8 давж түрүүлэн улсын арслан болов
  • 1956 онд 6 давжээ
  • 1957 онд мөн 6 давсан байна.
  • 1959 онд Монголын залуучууд, оюутны анхдугаар наадам, улсын баяр наадамтай зэрэгцэн болоход дөрөв давж Архангай аймгийн Хотонт сумын харьяат, залуу бөх Чойдонгийн Адьяаг тавын даваанд авч өвдөг шорооджээ.
  • 1971 онд улс хувьсгалын 50 жилийн ойн баяр наадамд урилгаар ирж барилдан 2 давж, гурвын даваанд “Буржгар” хэмээх Санжаад унаснаар арслангийн барилдаан өндөрлөжээ.

Даваанууд

засварлах

1955 оны наадам

засварлах
  • 3-ын даваанд Ерөнхий сургуулийн Лайшыг
  • 4-ийн даваанд Булган аймгийн харъяат Жамсранжавыг
  • 5-ын даваанд аварга Ш.Батсуурийг
  • 6-ын даваанд улсын арслан У.Мижиддоржийг
  • 7-ын даваанд улсын арслан Г.Цоодолыг
  • 8-ын даваанд Булган аймгийн Тэшиг сумын харъяат цэргийн залуу бөх Б.Бадамыг давж түрүүлжээ.

1956 оны наадам

засварлах
  • 3-ын даваанд Цэргийн хангах баазын Д.Мөнхөөг (Аймгийн арслан, Цахилгаан Мөнхөө)
  • 4-ийн даваанд Төв аймгийн Мөнгөнморьтын А.Нагнайдоржийг (Улсын начин)
  • 5-ын даваанд тусгай батальоны Ч.Бээжинг (Улсын аварга)
  • 6-ын даваанд Архангай аймгийн харъяат улсын начин Маналжавыг давж
  • 7-ын даваанд Дархан аварга Д.Дамдинд өвдөг шороодсон.

1957 оны наадам

засварлах
  • 3-ын даваанд үйлдвэр комбинатын Д.Доржготовыг
  • 4-ийн даваанд Тусгай батальоны Цэрэндоржийг
  • 5-ийн даваанд Архангайн Пүрэвжавыг
  • 6-ийн даваанд Төв аймгийн Мөнгөнморьтын А.Нагнайдоржийг давж
  • 7-ын даваанд хурц арслан Ц.Бадамсэрээжидэд өвдөг шороодсон.