Савва Лукич Рагузинский-Владиславич
Гүн Савва Лукич Рагузинский-Владиславич (серб. Сава Владиславић Рагузински; 1669 оны 1-р сарын 16-нд Рагуза /өнөөгийн хорватын Дубровник хот/ хотод төрсөн- 1738 оны 6-р сарын 17-нд Санкт-Петербург мужийн Матокса тосгонд нас барсан) - серб гаралтай, үнэн алдартны шашинтан оросын дипломат албанд зүтгэгч байсан. Оросын Чин улс дахь элчээр томилогдож байсан бөгөөд Троицкосавск буюу өнөөгийн Хиагт хотыг үндэслэгч. Оросын Төрийн жинхэн зөвлөх цолтой байжээ.
Намтар
засварлахТэрээр Бүгд Найрамдах Рагуз улсын Серб язгууртан гэр бүлээс гаралтай байсан (тиймээс "Рагузинский" нэр авсан). Залуудаа Франц, Испани, Венецид худалдаа эрхэлдэг байсан. Тэрээр Оросын дипломат албанд Константинополь хотод эхлүүлж, оросын Гүн Василий Голицин, Е.И.Украинцев нарын албан бус даалгавар гүйцэтгэдэг байжээ. 1703 онд Москвад анх очиж эзэн хаан I Пётр -оос арван жилийн хугацаатай оросын худалдаачидтай адил татвар төлж, Орост чөлөөт худалдаа хийх гэрчилгэ авч байжээ. Мөн Сибирээс үнэгний үслэг эдлэлийг гурван жилийн турш борлуулах монополь эрх авч байсан байна. Мөн Турк дахь Украины гетман И.Мазепагийн нууц төлөөлөгч (1703-1708) байжээ.
1708 оноос Москвад үлдэж суурьшаад Орос улсад зэс зоосон мөнгө үйлдвэрлэх ажлыг санаачилжээ. 1710 онд "Ордны зөвлөх" цол хүртсэн ажээ. 1711 онд Черногори болон Молдав дахь Оросын төлөөлөгч болж байжээ.
I Петрийн төлөөлөгчийн хувьд тэрээр Ром, Венецид (1716-1722) хэлэлцээр хийдэг байжээ. 1720 онд Антонио Вивальди түүнд "Цементо дахь Ла верита" дуурийг (RV 739) зориулжээ. I-Петр хааны нэрийн өмнөөс тэрээр Италиас Петербург хотын "Зуны цэцэрлэг"-т барималууд захиалж, Италийн мэргэжилтнүүдийг Санкт-Петербург руу илгээж, Петрийн урланд зориулсан багаж хэрэгсэл, төхөөрөмжүүдийг илгээж байжээ. Ромын Пап ламаас бэлэг болгон "Тауридын сугар" /Венера Таврическая/ эртний хөшөө (одоо Эрмитажид хадгалагдаж байгаа) авч байсан байна.
1725 онд Чин улс дахь Оросын элчин сайдаар томилогдож, даалгавраа (Владиславичийн Элчин сайдын яам) өндөр ур чадвараар биелүүлсэн байна. Буурын гэрээ, дараа нь түүний үндсэн дээр Хиагтын гэрээ байгуулж чаджээ. 1728 онд Санкт-Петербургт буцаж ирснийх нь дараа түүнийг "Гэгээн Александр Невский"-н одонгоор шагнаж, төрийн жинхэнэ зөвлөхөөр өргөмжилжээ. Оросын засгийн газарт Чин гүрний тухай дэлгэрэнгүй тэмдэглэлийг эмхэтгэн гаргаж өгсөн. Сүүлд тэрээр Орос-Чин улсын хоорондох харилцаа, худалдааны асуудлыг хэлэлцэхэд оролцдог байжээ.