Пугачёвын бослого
Пугачёвын бослого (орос.Крестьянская война 1773—1775 годов, Пугачёвщина, Пугачёвский бунт, Пугачёвское восстание, Восстание Емельяна Пугачёва) — Оросын Уралын нуруу, Ижил мөрний жирийн ард, тариачдын Оросын Хатан хаан II Екатеринагийн Засгийн эсрэг 1773-1775 онд боссон бослого сүүлдээ бүрэн хэмжээний "Тариачдын дайн" болсон явдлыг хэлдэг.
1772 онд Яицк хотод (өнөөгийн баруун Казахстаны Уральск буюу казах. Орал хот) армийн дээд удирдлага, эрх баригчдын төлөөлөгчдийн эсрэг казакуудын бослого анх гарсан байна. Бослогыг дарсан боловч казакууд тайвшраагүй бөгөөд шинэ дайралт хийх шалтгааныг хүлээзнэж байжээ. Өөрийгөө эзэн хаан III Пётр гэж тунхагласан оргодол Доны казак Емельян Пугачёв Яицкт ирж бослогын шинэ үе эхэлсэн байна. 1773 оны 9-р сарын 17 -нд Бударинскийн заставаас эхэлсэн Яицкийн казакуудын шинэ бослого гарч Оренбург муж, Урал, Кама муж, Башкир, Баруун Сибирийн хэсэг, Дундад Ижил мөрний мужийг бүхэлд нь хамарсан байна. Бослогын үеэр үймээн самуун гарч хүсэл мөрөөдлөө биелүүлэх амлалтын үр дүнд боссон казакуудад Башкир, Татар, Халимаг, Казак, Чуваш, Уралын үйлдвэрийн тариачид нэгджээ. 1773 оны 9-р сараас 1774 оны 3-р сар хүртэлх бослогын эхний үе нь засгийн газрын цөөхөн доройтсон цэргүүдийн эсрэг казак босогчдын цэргийн амжилтаар дууссан байна. Улмаар босогчид Оренбург, Яицк хот, Уфа хотыг бүсэлж, олон хот, цайз, үйлдвэрүүдийг эзлэн авсан юм.
Нөхцөл байдлын ноцтой болсоныг ойлгосон Оросын Хаант улсын эрх баригчид тус улсын баруун болон баруун хойд захаас цэргээ татаж, туршлагатай генерал А.И.Бибиковоор удирдуулжээ. Ингээд үүний үр дүнд 1774 оны 3-р сард босогчид хаа сайгүй ялагдал хүлээж, бослогын олон удирдагчид болон жирийн оролцогчид алагдаж, олзлогдож, үлдсэн хэсэг нь таран бутарсан байна. Гэвч 1774 оны 4-р сард Бибиков нас барж Өмнөд Уралын үйлдвэрийн бүс, Башкирид бослого дахин эрч хүчтэй өрнөсөн ажээ. Пугачёв тархай бутархай отрядуудыг нэгтгэж хүнд тулаан хийж 1774 оны 7-р сард Урал, Кама мужид хийсэн кампанит ажлын дараа Оросын хамгийн том төвүүдийн нэг болох Казань хотыг эзлэн авч чаджээ.
1774 оны 7-р сард Турктэй хийсэн дайн дууссан тул II Екатерина бослогыг дарахын тулд ерөнхий генерал П.И.Панинаар удирдуулсан томоохон чөлөөлөгдсөн хүчийг илгээв. Пугачёв Доод Волга руу зугтаж, Доны казакуудын дэмжлэгийг авалгүй Хар Ярын тулалдаанд ялагдсан. Босогчдын гол арми ялагдсан ч Ижил мөрөн дахь тариачдын дайн, Башкир дахь бослого 1774 оны эцэс хүртэл, зарим хэсэг хүмүүсийн бослого 1775 оны дунд үе хүртэл идэвхтэй үргэлжилсэн байна. Пугачёв болон түүний гол хамтрагчдыг мөрдөн байцааж, шүүх хурал болсоны дараа 1775 оны 1-р сард Москвад цаазаар авсан байна.