Осорын Эрдэнэбаатар
Осорын Эрдэнэбаатар нь Ус сувгийн ашиглалтын газрын дарга асан. 1946 онд Ховд аймгийн Алтай сумын нутагт төрсөн. Ховд аймгийн Алтай, Булган сумын бага,дунд сургууль төгссөн. ОХУын Эрхүү хотын Политехникийн их сургуулийг 1970 онд төгссөн.
1970-1974 онд Гахайн заводад инженер 1974-1985 онд НААҮЯнд мэргэжилтэн, хэлтсийн дарга. 1985-1990 онд МАХНын төв хороонд зааварлагч. 1990 оноос Улаанбаатар хотын Ус сувгийн ашиглалтын газрын даргаар ажилласан.
Ус сувгийн ашиглалтын газрын даргаар ажиллах хугацаандаа Япон улсын тусламжаар ус хангамжийн эх үүсвэрийн нөөцийн хайгуул хийлгэх байршил, нөөцийн хэмжээг тогтоон, ус түгээгүүрийн мастер төлөвлөгөө боловсруулж, ус хангамжийн төв эх үүсвэрт техникийн шинэтгэл хийж өргөтгөх ажлыг удирдан зохион байгуулсан байна. Мөн зөөврийн усны автомашинуудыг төвлөрүүлэн, паркийг шинэчлэх ажлыг амжилттай хэргэжүүлжээ. Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр гэрийн хорооллын ус хангамжийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх ажлыг гардан зохион байгуулсны үр дүнд 200 орчим ус түгээх байрыг шугамд холбох ажилийг гүйцэтгэсэн нь иргэдийн талархлыг хүлээсэн байна.
Осорын Эрдэнэбаатар бол ажил хэрэгч, аж ахуй байгууллагыг удирдах дадлага туршлагатай, өндөр мэдлэг боловсролтой тэргүүн сэхээтнүүдийх нэг билээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засагаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн хүндэт медалиудаар шагнагджээ.