Оскар Шиндлер (герман. Oskar Schindler; 1908 оны 4-р сарын 28, Свитави хотод төрсөн- 1974 оны 10-р сарын 9-нд Германы Доод Саксоний Хильдешхайм хотод нас барсан) Холокостод Польш, Чех-д үйлдвэртээ ажиллуулж байсан 1200 орчим еврейчүүдын амийг аварсан германы аж үйлдвэрлэгч. Түүний түүхээр 1993 онд "Шиндлерын жагсаалт" кино бүтээсэн.

Оскар Шиндлер

Оскар Шиндлер 1908 оны 4-р сарын 28-нд Австри-Унгарын Цвиттау (одоогийн Чех улсын Свитавы) хотод Католик шашинтай Ханс Шиндлер, Франциска Лузер нарын гэр бүлд төржээ. Тэдний гэр бүл Вена хотоос ирсэн бөгөөд төрөлх хэл нь герман байжээ. Тэрээр 1915 онд төрсөн Элфрида хэмээх дүүтэй байв. Оскар техникийн сургууль төгссөн. Брно хотод техникийн чиглэлийн хэд хэдэн курс төгссөний дараа тэрээр эцгийнхээ компанид 3 жил ажилласан байна. Тэд хөдөө аж ахуйн машин, бусад тоног төхөөрөмж үйлдвэрлэх, борлуулах чиглэлээр ажилладаг байжээ. 1928 оны 3-р сарын 6-нд Оскар гэрлэжээ. Эхнэр Эмилиягийн хэлснээр Оскарын эцэг Ханс Шиндлер архичин, дураараа хүн байсан нь Оскарт муугаар нөлөөлжээ. Оскар мотоциклийн уралдаанд дуртай байсан бөгөөд тэр ч байтугай тэмцээнд оролцож шагнал хүртэж байжээ.

Оскар ирээдүйн эхнэртэйгээ 1927 онд танилцсаны дараа эцгээсээ тусдаа ажиллаж эхэлсэн бөгөөд Брно дахь Моравын цахилгаан компанид (MEAS; чех: Moravská elektrotechnická akciová společnost) ажилтан болжээ. Дараа нь тэрээр жолооны сургуульд ажиллаж, Чехословакийн 31-р армийн 10-р явган цэргийн ангид 18 сар алба хааж, капрал цолтой халагдаад Моравын цахилгаан компанидаа ажилд оржээ. 1931 онд MEAS дампуурч, Оскар нэг жил ажилгүй байв. Эцэг нь энэ үеэр мөн сэтгэл санааны хямралд орж бизнесээ хаасан тул түүнд тусалж чадаагүй байна. Үүний зэрэгцээ тэрээр эцэг шигээ архинд донтож, олон нийтийн газар согтуу явж, амгалан тайван байдлыг алдагдуулсан хэргээр удаа дараа цагдаад баригдаж байсан юм. 1931 онд тэрээр ажил хайж Берлин оржээ. Берлинээс буцаж ирээд тэрээр хөдөө аж ахуй, банкны бизнес эрхэлдэг байв. 1938 оны 1-р сар хүртэл тэрээр Прагийн "Jaroslav Simek Bank"-нд ажилласан. Дараа нь тэрээр Брно хотын нэгэн бизнесмений үл хөдлөх хөрөнгийг хэсэгчлэн худалдах ажил эрхэлсэн байна.

Санхүүгийн хувьд хөлөө олсон Шиндлер шинэ байшин руу нүүж оржээ. Энэ үеэр хоёр жил өвдсөн Оскарын эх нас баржээ. Түүний эцэг Ханс Шиндлер 1945 онд нас барсан бөгөөд Оскар нас барах хүртлээ түүнд сар бүр 1000 марк илгээдэг байжээ. Шиндлерийн хэлснээр түүний эмэгтэй дүү нь мөн 1945 онд нас барсан бөгөөд түүний үхэлд эзлэсэн Зөвлөлтийн эрх баригчдыг буруутгаж байсан юм.

1935 онд Шиндлер нацист Конрад Хенлейний удирдлаган доорх "Судет Германы нам"-ын гишүүн болж, Германы цэргийн тагнуулын Абвер Чехословакийн эсрэг тагнуул хийх ажилд түүнийг элсүүлжээ. Тэрээр Судетийн олон германчуудын нэгэн адил хямралын дараа 1933 онд Германд засгийн эрхэнд гарсан Адольф Хитлерийн үндсэрхэг бодлогыг дэмжиж байв. Энэ хугацаанд Шиндлер Германы нацистуудтай холбоо тогтоосон нь түүнд дайны үеийн бизнест их хэрэг болсон байна.

1938 оны 11-р сарын 1-нд Шиндлер NSDAP-д элсэх хүсэлтээ гаргажээ. Абвер Шиндлерт Моравийн Острава дахь Чехословакийн эсрэг тагнуулын ажилд дахин оролцуулав. 1939 оны 1-р сард Оскар эхнэр Эмили нар энэ хот руу нүүж, 3-р сарын 15-нд Вермахт Чехословакийн үлдсэн хэсгийг эзлэн авав.

Оскар Шиндлер Германы Польш руу довтлох бэлтгэл ажилд идэвхтэй оролцсон гэдэг. Тиймээс хэдэн сарын өмнө тэрээр өөрийн 25 төлөөлөгчийн хамт зэвсгийн хууль бус наймаанд идэвхтэй оролцож, Силезид цэргийн ажиллагаанд бэлтгэж байв. Шиндлер Гестапогийн орон нутгийн гестапотой муу харилцаатай байсан бөгөөд дайны эхэн үед Шиндлер Краков руу явсан бөгөөд Остравад буцаж ирээгүй байна.

1939 оны 9-р сарын 21-нд германы эрх баригчид еврейчүүдийн эсрэг анхны ялгаварлан гадуурхах хязгаарлалтыг нэвтрүүлсэн. Еврейчүүд хувцсандаа шар одтой байхыг шаарддаг байв. Захиргааны хэд хэдэн тогтоолуудаар Краковын еврейчүүдийг мөнгө, хөдлөх болон үл хөдлөх хөрөнггүй болгов. Хураагдахгүй байсан цорын ганц зүйл бол хувийн эд зүйл байсан. Үүний ачаар болон Краков дахь эд хөрөнгийн дахин хуваарилалтад оролцсон Абверийн ажилчдын тусламжтайгаар Шиндлер энд үл хөдлөх хөрөнгө худалдаж авах боломжтой болсон юм.

11-р сарын 19-нд Шиндлер еврей нягтлан бодогч Ицхак Штернтэй танилцав. Тэрээр Шиндлерт Польш-Еврей паалантай савны Rekord компанийг түрээслэхийг зөвлөв. Штернийн хэлснээр, компани нь менежмент муутай байсан тул дампуурсан боловч цэргийн захиалга авсан тохиолдолд сайн ирээдүйтэй гэжээ. Штернийн ах энэхүү үйлдвэрийн хөрөнгө оруулагч Швейцарийн компанид ажиллаж байсан учраас үйлдвэрийн санхүүгийн байдлыг сайн мэддэг байжээ. Энэ үйлдвэр нь Emailwarenfabrik (DEF) үйлдвэр болсон (өнөөдөр Шиндлерийн үйлдвэрийн музей) юм.

Шиндлерийн үйлдвэрийг худалдаж авсантай холбоотой түүний амьдралын гол хүмүүсийн нэг нь тус үйлдвэрийн захирал, хамтран эзэмшигч асан Абрахам Банкиер (англи. Abraham Bankier) байв. Шиндлерийн найзууд түүнийг үйлдвэрээ авсны дараа “Түүний бүх хөрөнгө Банкир хэмээх еврей хүн, арван паалантай савны тагнаас бүрдсэн” гэж хошигнодог байсан. Банкиер бол уг үйлдвэрийг удирдаж, Шиндлерийн санхүүгийн амжилтыг баталгаажуулсан хүн гэж тооцогддог юм.

1940 он гэхэд Шиндлер Краков хотод гурван бизнестэй болсон: Эмалиагийн үйлдвэр, шилэн эдлэл, халбага сэрээ гэх мэт хоолны хэргэсэллийн үйлдвэр (хуучнаар Шломо Вайнерийн фирм), Эмалигийн үйлдвэрийн эсрэг талд байрлах шилэн савны үйлдвэр. Польшийн хэдэн зуун ажилчид эдгээр үйлдвэрүүдэд ажиллаж байв. Еврей ажилчдын тоо өссөн - 1940 оны эцэс гэхэд 150, 1942 онд 550, 1943 онд 900, 1944 онд 1000 хүн болж өссөн.

 
Брненец хот дахь Шиндлерийн хагас нурсан үйлдвэрийн барилга.

1942 онд Краковын геттод хийсэн дайралтын гэрч болж, Гитлерийн дэглэмээс еврей хүн амын эсрэг үйлдсэн бүх аймшигт үйлдлүүдийг, мөн нацистын гэмт хэрэгт холбогдсоноо ухаарсан Шиндлер туйлын хүмүүнлэгийн байр суурийг эзэлж, еврейчүүдийг өөртөө ямар ч ашиг харалгүй хамгаалж эхэлсэн байна. Оскар Шиндлер нацистын өндөр албан тушаалтнуудтай тохиролцож, үхлийн аюул нүүрлэж байсан Пласовын хорих лагерийн еврейчүүдийг өөрийн аж ахуйн нэгжид оруулах боломжийг олгохоор шийджээ. Хожим нь Дэлхийн 2-р дайны үеэр Шиндлерийн үхлээс аварсан еврейчүүдийг "Шиндлерийн еврейчүүд" гэж нэрлэх болсон. Шиндлерийн аварсан хүмүүсийн тоог ойролцоогоор 1200 хүн (800 эрэгтэй, 300 эмэгтэй, 100 хүүхэд) байсан гэсэн тооцоо байдаг.

1944 оны сүүлээр нацистууд Освенцим болон бусад хорих лагерьт бүх еврейчүүдийг бөөнөөр нь устгаж эхлэв. Шиндлер өөрийн хэдэн мянган ажилтныг Моравийн Брненец (герман. Brünnlitz) руу аваачиж, улмаар тэднийг үхлээс аварч чаджээ. Тэрээр гестапо гэнэт ирэхээс айж байсан тул бараг бүх шөнийг үйлдвэртээ өнгөрөөж байв. 1945 оны 5-р сарын 10-нд Брюнлицийг Зөвлөлтийн цэргүүд чөлөөлөв.

1948 онд Оскар, Эмилия Шиндлер нар Аргентин руу цагаачилжээ. Оскар цагаачлаад арван жилийн дараа Германд буцаж ирсэн байна. Дараа нь тэрээр өөрийн аварсан хүмүүс нь суурьшсан янз бүрийн улс орнуудаар маш их аялсан юм.

Шиндлер амьдралынхаа сүүлийн жилүүдийг еврейн байгууллагуудын тэтгэмж, аварсан хүмүүсийн бэлгүүдээр ядуу зүдүү амьдарч байжээ. Тэрээр 1974 оны 10-р сарын 9-нд 67 насандаа Хилдешхаймд таалал төгсөв. Түүнийг Иерусалим дахь Сион уулан дахь протестант оршуулгын газарт оршуулжээ.