Оошима Хироши
Барон Оошима Хироши (Япон: 大島 浩, 1886 оны 4 дүгээр сарын 19-нд төрж, 1975 оны 6 дугаар сарын 6-нд нас барсан) Японы эзэн хааны армийн генерал, Дэлхийн хоёрдугаар дайны өмнө болон дайны үеэр Япон улсаас Герман улсад суугаа Элчин сайд байсан.
АНУ-ын генерал Жорж Маршалын хэлснээр, Гитлерийн эсрэг эвслийн орнуудын хувьд Оошима бол "Европ дахь Гитлерийн санаа зорилгын талаарх мэдээллийн гол эх сурвалж" байсан гэжээ. Гэвч элчин сайд өөрөө үхэн үхтлээ үүнийгээ мэдээгүй явжээ. Тэрээр 1948 оны арван нэгдүгээр сард "Токиогийн шүүх хурал"-ын үеэр дайны гэмт хэрэгтнээр бүх насаар нь хорих ял оноосон боловч сүүлд 1955 онд өршөөгдсөн байна.
Намтар
засварлахХ.Оошима нь Гифү аймгаас гаралтай, бага зэрэглэлийн самурай гэр бүлээс гаралтай байна. Түүний аав Оошима Кэничи нь нэр хүндтэй герман судлаач байсан бөгөөд Берлинд суух ирээдүйн элчин сайд хүүдээ өөрийн зан чанараа өвлүүлж чадсан юм. Амьдралын хачирхалтай байдлыг харуулж буй мэт эцэг Оошима 1916-1918 он хүртэл Армийн сайдаар ажиллаж, Германтай байлдаж байжээ.
Залуу Оошимагаас их зүйл хүлээж байсан бөгөөд тэрбээр Эзэн хааны армийн шатаар хурдан өсжээ. Тэрбээр 1905 оны 6-р сард Японы Эзэн хааны армийн академийн 18-р ангид элсэж, 1906 оны 6-р сард бага дэслэгч, 1908 оны 6-р сард дэслэгч цол хүртэж, 1915 оны 5-р сард Армийн цэргийн коллежийн 27-р анги төгсөөд дараа жил нь ахмад цол хүртсэн байна.
1918-1919 онд Сибирийн экспедицэд хүчинд зүтгэж, Ваймарын Бүгд Найрамдах Улсад суугаа Японы элчин сайдын яамны цэргийн атташегийн туслахаар томилогдов. 1922 оны 1-р сард хошууч цол хүртэж, 1923-1924 онд Будапешт, Вена хотуудад цэргийн атташе байгаад Японд буцаж ирснийхээ дараа 1926 оны 8-р сард дэд хурандаа цол хүртжээ. 1930-1931 онд хээрийн артиллерын 10-р ангийн командлагч болсон байна.
1934 онд хурандаа Оошима Берлин дэх Японы цэргийн атташе болжээ. Тэрбээр бараг төгс герман хэлээр ярьдаг байсан бөгөөд удалгүй тэр үеийн Адольф Гитлерийн гадаад бодлогын зөвлөх байсан Йоахим фон Риббентроптой нөхөрлөжээ. Гитлер гадаад харилцаандаа Гадаад харилцааны яамыг (Auswärtiges Amt) ашигладаг байсан ч үнэн хэрэгтээ тэрбээр хуучин шампанск дарсны худалдаачин, өрсөлдөгч гадаад оффис болох Dienststelle Ribbentrop-оос илүү хамааралтай байжээ.
1935 оны 3-р сард Оошима хошууч генерал цол хүртэв. Риббентропын зохицуулснаар Оошима тэр намар Гитлертэй ганцаарчлан уулзаж байжээ. Нацистуудын удирдлага болон Японы Эзэн хааны армийн Жанжин штабын дэмжлэгтэйгээр Оошима Берлинд байхдаа хурдацтай өсөж байв. Улмаар тэрбээр дэслэгч генерал цол хүртэж, 1938 оны аравдугаар сард Германд Японы Элчин сайдаар томилогдсон.
Оошима Гитлер, Риббентроп нартай ойр дотно харилцаатай байсан нь түүнд Германы дайны төлөвлөгөө, үндэсний бодлогыг олж мэдэх, харийн хүний хувьд хосгүй их боломжийг олгосон юм; Уинстон Черчиллийн Америкийн цэргийн удирдлагатай ойр байсантай харьцуулж болно. Хариуд нь Гитлер милитарист япончуудыг биширч, Оошимаг хувийн итгэлт хүн болгожээ.
Түүний зарим таамаг буруу байсан ч (Оошима 1941 оны сүүлчээс өмнө Их Британи Германд бууж өгнө гэж таамаглаж байсан) нацистуудын удирдагчдын төлөвлөгөө, бодлогын талаар төвдөө мэдээлсэн нь холбоотнуудад үнэлж баршгүй ач холбогдолтой байв. Жишээлбэл, 1941 оны 6-р сарын 6-нд тэрбээр 6-р сарын 22-нд Герман Зөвлөлт Холбоот Улсад довтлох болно гэж Токиод мэдээлж байжээ.
Ошима Элчин сайдын илгээсэн, 1941 оны сүүлийн 11 сарын 75, 1942 оны 100, 1943 оны 400, 1944 оны 600, 1945 оны эхний 4 сарын 300 орчим илгээлтийг бараг бүгдийг замаас нь /Японы Гадаад яамны хэрэглэж байсан нууц мэдээ дамжуулах аппаратыг ашиглан/ холбоотнууд авч чадаж байжээ.
Жишээлбэл, 1942 оны 1-р сарын 19-ний өдрийн кодыг тайлсан илгээлтдээ Риббентроп өдөр бүр тагнуулын тайланг Оошимад өгч байхаар тохиролцож, Токио руу дамжуулж байжээ. Тэрбээр "Бидний буруугаас болж эдгээр тайланг задруулах нь ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй тул эдгээр тайланг боловсруулах бүх үйл явц нь маш нууц байх ёстой" гэж анхааруулжээ. Энэ нь германчууд Японы кодыг найдваргүй гэж зэмлэдэг байсан ч Оошима тэднийг баталгаатай гэж тайвшруулж байжээ.
1945 онд Герман бууж өгч, Оошима болон түүний ажилтнуудыг баривчилжээ. Дараа нь тэднийг Австриас АНУ руу хөлөг онгоцоор албадан гаргаж, 1945 оны 7 дугаар сарын 11-нд ирсэн. Оошимаг АНУ-ын Пеннсилвани муж улсын Аллегхений уулсын зүрхэнд байрлах "Бедфорд Спрингс" зочид буудалд саатуулан байцаалт авсны дараа 1945 оны 11 дүгээр сард Япон руу буцаажээ.
Тэрбээр дайны улмаас сүйрсэн эх орондоо богино хугацаанд эрх чөлөөгөө эдэлсэн ч 1945 оны арван хоёрдугаар сарын 16-нд баривчлагдаж, дайны гэмт хэрэгт буруутгагджээ. Тэрбээр Гитлер, Риббентроп нартай ойр байсан гэдгээ эхэндээ үгүйсгэж байсан. 1948 оны 11 дүгээр сарын 12-нд түүнийг түрэмгий дайн хийхээр завдсан хэрэгт буруутай хэмээн Алс Дорнодын Олон улсын цэргийн шүүхийн өмнө авчирч, бүх насаар нь хорих ял оноожээ. Оошимад 1955 оны сүүлээр өршөөл үзүүлж, гурван жилийн дараа суллажээ.
ХБНГУ-д суугаа элчин сайд асан ярилцлага, лекц авах хүсэлтээс хүртэл татгалзаж байсан ч түүний хэлсэн өчүүхэн төдий зүйл нь Оошима санаагаар унасан хүн гэдгийг тодорхой харуулж байв.
Гэмшсэн өвгөн өөрийгөө бүтэлгүйтсэн хүн хэмээн нэрлэж, улс төрийн удирдагчийн хувьд Гитлерийг шүтэн бишрэх сэтгэл нь хэзээ ч буураагүй мэт боловч түүний сурталчилсан Япон Германтай эвссэн нь сүйрлийн том алдаа байсан гэдгийг хүлээн зөвшөөрч, өөрийн үндэстнийг төөрөгдүүлсэн гэж хүлээн зөвшөөрчээ. Японы элчин сайд, Фюрер хоёр гар барьж буй гэрэл зургийг Оошимагийн зочны өрөөнд байгааг хөрш нь олж мэджээ.
Оошима дайны үеэр холбоотнуудад үнэлж баршгүй тагнуулын мэдээллээр хангаж байснаа өөрөө ч мэдээгүй 1975 онд нас баржээ. {[Ангилал:1886 онд төрсөн]]