Олимп дахь Зевсийн хөшөө

Олимп уулан дахь Зевсийн хөшөө (Англи: Statue of Zeus at Olympia) нь Эртний Дэлхийн 7 гайхамшигт ордог. Уг хөшөөг сонгодог үеийн алдарт уран барималч Фидиас МЭӨ 432 оны орчимд Грекийн Олимп уулнаа барьсан байна. Суумал дүртэй уг хөшөө нь өргөн цэлгэр сүмийн хойморт байрласан, ойролцоогоор 13 метр[1] өндөр байсан ажээ. “Хэрэв Зевс босоод зогссон бол сүмдээ багтахгүй байх байсан” гэж МЭӨ I зууны үед газарзүйч Страбо тэмдэглэсэн байдаг.

Зевсийн хөшөө. Мартин Хээмскэрк,1572

Уг хөшөөг эртний Грекийн баримал урлалын нэг төрөл болох chryselephantine аргаар хийсэн бөгөөд хөшөөний их биеийг модоор босгон, дээгүүр нь нимгэн алтаар бүрж, зааны ясаар чимэглэсэн байжээ. Энэхүү уран барималд зориулан алт, зааны яс, халуун орны үнэт хар мод, үнэт чулуун чимэглэл бүхий хуш модон сэнтий урласан байдаг. Зевсийн баруун гарт нь ялалтын охин тэнгэр Никейгийн багахан хөшөө, зүүн гарт нь гэрэлт таяг бариулж, бүргэд суулгасан байдаг байв.

Элисийн зоосон дээрх Олимпын Зевсийн дүр

Уг хөшөө хэрхэн устсан тухай асуудал нилээд маргаантай байдаг. Зарим судлаачид үздэгээр МЭV зууны үед сөнөхдөө Константинополь хот улсын мэдэлд байхдаа их түймэрт автан шатаж үгүй болсон гэдэг. 1954-1958 оны хооронд Олимп уулнаа археологийн малталт хийж уг байгууламжийн суурь байх боломжтойг нотолсон бөгөөд дахин сэргээн байгуулж болох техникийн ажлыг нь хийсэн байдаг.

Фидиасийн загварыг эх болгон гантиг, хүрлээр сэргээн босгосон Сууж буй Зевс. (Эрмитаж, Санкт Петербург)