Олександра Тимошенко
Олександра Олександривна Тимошенко (Украин: Олександра Олександрівна Тимошенко, 1972 оны 2 сарын 18-нд Богуславт төрсөн) нь Зөвлөлт Холбоот Улсын уран сайхны гимнастикч юм. Тэрээр 1980 онд 8 настайдаа гимнастикаар хичээллэж эхлэн, 1992 онд 20 настайдаа зодог тайлжээ. Тимошенкогийн багш нь алдартай ээж охин дасгалжуулагчид болох Альбина, Ирина Дериугина нар юм. Олександра олон төрөлтөөр 1988 оны Сөүлийн олимпоос хүрэл, 1992 оны Барселоны олимпоос алтан медаль хүртсэн юм.
Олександраг 7 настай байхад барилгын инженер ажилтай аав нь томилолтоор Киевт ажиллахаар болж, тэднийх нүүжээ. Тэнд Олександра охин Дериугинагийн уран сайхны гимнастикийн дугуйланд хичээллэх болсон. 14-тэйдээ ЗХУ-ын өсвөр үеийнхний аварга болж, Европын АШТ-ээс 3 медаль хүртсэн байна. Тэр үед ЗХУ-ын шигшээ багийн лидер нь Беларусийн Марина Лобач байсан бөгөөд 1988 оны Европын АШТ-д Тимошенко анх удаа Лобачийг ялж, алтан медаль зүүжээ.
Финландын Хельсинки хотод болсон тус тэмцээнд тэрээр бүтэн оноо авч, Болгарын хоёр тамирчин болох Элизабет Колева, Адриана Дунавска нартай аваргын алдрыг хувааж хүртсэн байна. Түүнээс гадна дээс, цагариг, хасааны төрөлд түрүүлжээ. Сөүлийн олимпоос хүрэл медаль хүртсэнээсээ хэдэн сарын дараа анх удаа ЗХУ-ынхаа аварга цолыг хүртсэн байна.