Окүно Фүмико (Япон: 奥野 史子, гэрлэсний дараах нэр нь Асахара Фүмико (朝原 史子), 1972 оны 4 сарын 14 - ) нь олимпын хошой хүрэл медальт, Японы уран сайхны сэлэлтийн тамирчин, спортын тайлбарлагч юм. Осака Биеийн Тамирын Их Сургуулийн зочин багш, Кансай Телевизийн нэвтрүүлгийн үнэлгээний комиссын гишүүнээр ажилладаг.

Окүно Фүмико
Уран сайхны сэлэлт
Төлөөлдөг улс:  Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Окүно Фүмико
Төрсөн огноо 1972 оны 4 сарын 14
Төрсөн газар Киото
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл медаль – гуравдугаар байр Барселона 1992 Ганцаарчилсан
Хүрэл медаль – гуравдугаар байр Барселона 1992 Хос
Дэлхийн АШТ
Хүрэл медаль – гуравдугаар байр Перт 1991 Баг
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Ром 1994 Ганцаарчилсан
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Ром 1994 Хос
Хүрэл медаль – гуравдугаар байр Ром 1994 Баг
Азийн наадам
Алтан медаль – нэгдүгээр байр Хирошима 1994 Ганцаарчилсан
Алтан медаль – нэгдүгээр байр Хирошима 1994 Хос

Киото мужийн Киото хотын уугуул Окүно Киото хотын Тацү-Икэ бага сургууль, Жоосон дунд сургууль, Осака хотын Шитэнноожи ахлах сургууль, Доошиша Их Сургуулийн худалдааны тэнхим, тус их сургуулийн магистрантыг төгсчээ.

6 настайгаасаа уран сайхны сэлэлтээр хичээллэж эхлэн, дунд сургуульдаа нэрт дасгалжуулагч Имүра Масаёгийн "Имүра уран сайхны сэлэлтийн клуб"-т бэлтгэл хийх болжээ. Шилдэг өсвөрийн тамирчин байсан тэрээр ахлах сургуульдаа урилгаар орсон аж. Түүнийг ахлах сургуульд байхад уран сайхны сэлэлт анх удаа бүх ард түмний спартакиадын үндсэн хөтөлбөрт багтахад оролцож түрүүлжээ. Улмаар Японы шигшээ багт багтан 1989 онд Парист болсон дэлхийн цомоос багийн төрөлд хүрэл медаль зүүсэн байна. Доошиша их сургуульд суралцаж байхдаа 1991 оны ДАШТ-д оролцож хүрэл медаль хүртсэн Японы багийн бүрэлдэхүүнд багтжээ. Мөн онд Боннд болсон дэлхийн цомоос ганцаарчилсан төрөлд хүрэл, хос төрөлд мөнгөн медаль зүүв. 2-р дамжааны оюутан байхдаа оролцсон Барселоны олимпоос ганцаарчилсан, хос (Такаяма Акитай хамт) төрөлд тус тус хүрэл медаль хүртжээ.

1993 онд Лозаннад болсон дэлхийн цомоос багийн төрөлд хүрэл медаль зүүсэн ч ганцаарчилсан, хос төрөлд медаль хүртэж чадсангүй.

1994 оны ДАШТ-д тэр үед тогтсон ойлголтыг эвдэж, эмэгтэй хүний уур бухимдлыг илтгэсэн "Үл инээмсэглэх" үзүүлбэрийг үзүүлж, ДАШТ-ий түүхэнд анх удаа техникийн оноогоороо бүтэн оноо авч, мөнгөн медаль зүүжээ. Түүнээс гадна хос төрөлд Тачибана Миятай хамтран мөнгө, багийн төрөлд хүрэл медаль хүртсэн байна. Мөн онд Хирошима хотноо зохиогдсон Азийн наадмаас ганцаарчилсан, хос төрөлд түрүүлжээ.

Харамсалтай нь 1995 оны 1 сард ууцаар нь хүчтэй өвдөх болсны улмаас тамирчны замналаа өндөрлөж, спортын тайлбарлагчаар ажиллах болов. Мөн 2000-2002 онд Канадын алдарт Нарны циркийн АНУ-ын Лас-Вегаст тоглосон усан дахь шоу "O"-д Япончуудаас анх удаа оролцож байсан түүхтэй.

2002 онд, оюутан ахуй цагаасаа үерхсэн хөнгөн атлетикийн ойрын зайн гүйлтийн тамирчин Асахара Нобүхарүтай гэрлэж, 2003 оны 4 сард охин , 2006 оны 7 сард хүүтэй болжээ.

2008 оны Бээжингийн олимпод нөхөр Асахара нь 4x100 метрийн буухиа гүйлтийн төрөлд Японы багийн сүүлчийн ээлжинд гүйж, хүрэл медаль хүртсэнээр эхнэр нөхөр хоёул олимпын медальтан болсон билээ.

Цахим холбоос

засварлах