Нямаагийн Түвшинтөгс

Нямаагийн Түвшинтөгс (1957 оны 12-р сарын 12-нд Хэнтий аймгийн Биндэр сумын Онон-Хурхын бэлчир нутагт төрсөн-2021 оны 6-р сарын 13-нд нас барсан)- Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, 1996-2000 онд УИХ-ын гишүүн.

Н.Түвшинтөгс Хэнтий аймгийн Биндэр суманд Батаагийн Нямаагийн гурав дахь хүү болж төрсөн.

Тэрээр Хэнтий аймгийн Биндэр сумын дунд сургуульд сурч, Нийслэлд шилжин суурьшин 1975 онд Улаанбаатар хотын 3-р сургуульд сур төгссөн.

1976 онд Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийн бэлтгэл факультет, 1982 онд Москвагийн Эрчим хүчний дээд сургууль (Үндэсний Судалгааны Их Сургууль)-ийг Өндөр хүчдэлийн туршилт, хэмжилтийн инженерийн мэргэжлээр дүүргэсэн.

1982-1991 онд эрчим хүчний салбарт, түүний дотор Төвийн эрчим хүчний систем, IV цахилгаан станц, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ зэрэг байгууллагуудад инженер, ахлах инженер, ерөнхий инженер.

1991-1996 онд Монгол дахь Фридрих Эбертийн сангийн тэргүүн.

Тэрбээр Хэнтий аймгийн иргэдээ төлөөлж 1996-2000 онд төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д сонгогдож ажиллажээ.

Түүний хувьд 1998-2001 онд Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр ажилласан.

2001-2009 онд Ардчилал хөгжлийн сангийн тэргүүн.

2009 оноос Монгол туургатны холбооны гүйцэтгэх захирал.

2009-2012 онд УИХ-ын Тамгын газарт референт-шинжээч.

2012-2013 онд Диспетчерийн үндэсний төвийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байжээ.

2014-2021 онд Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч, “Урамтай шатар” сэтгүүлийн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан.


Н.Түвшинтөгс 1989 оноос өрнөсөн ардчилсан социалист хөдөлгөөнд анхнаас нь идэвхтэй оролцож Эрдэнэт хотын Ардчилсан социалист хөдөлгөөнийг үүсгэн байгуулалцаж байсан юм.

Тэрээр 2016 онд "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнуулсан байна.