Норовын Баатар
Н.Баатар; Noroviin Baatar (Baatar Norov) | |
---|---|
Норовын Баатар; Монгол бичгээр: ᠨᠣᠷᠪᠤ ᠶᠢᠨ ᠪᠠᠭᠠᠲᠤᠷ | |
Төрсөн | 1936 БНМАУ-ын Завхан Аймгийн Алдархаан сум |
Нас барсан | 2024 есдүгээр сарын 25 Улаанбаатар хот, Монгол Улс |
Харьяалал | Монгол |
Мэргэжил | баллетын бүжигчин, кино жүжигчин |
Хань | Дашбалдангийн Пүрэвсүрэн |
Шагналууд | Монгол Улсын Гавьяат Жүжигчин (1969), Лодойдамбын нэрэмжит шагнал (2000), Соёлын Тэргүүний Ажилтан |
Норовын Баатар (Монгол бичгээр: ᠨᠣᠷᠪᠤ ᠶᠢᠨ ᠪᠠᠭᠠᠲᠤᠷ; 1936–2024 оны 9-р сарын 25) нь Монголын балетчин, жүжигчин байв. Норовын Баатар 60 гаруй балетад тоглосноос, 21-д нь гоцлон бүжиглэжээ.[1] Монголын анхны мэргэжлийн балетчдын нэг болохын хувьд[2], түүний сонгодог балетыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж [3]Монгол Улсын Гавьяат Жүжигчин (МУГЖ) цолыг олгожээ. Мөн Н. Баатар нь өргөн дэлгэцийн кино, телевизийн зар сурталчилгаанд тоглож байв. Тэрээр "Тунгалаг Тамир" киноны Эрдэнийн дүрээрээ олонд алдаршижээ.
Бага нас болон боловсрол
засварлах1936 онд Н. Баатар Завхан аймгийн Алдархаан суманд, улаач, оточ Норов болон түүний гэргий, Сартуул Сэцэн Вангийн хошууны малчин Донойн гэр бүлд хоёр эгчтэй ганц хүү болон төржээ. Тэрээр бага насандаа өөрийн эх, нэг эгчийн хамт Улаанбаатарт нүүж ирсэн бөгөөд, 1950 онд Улаанбаатар хотод байдаг цорын ганц урлаг, бүжгийн дунд сургуулийг төгссөн. 1962 онд Зөвлөлт Холбоот Улсын Пермийн Сонгодог Баллетын Сургуульд тэтгэлгээр суралцаж, онц дүнтэй төгсжээ.[4]
Ажлын замнал, гавьяа
засварлахН. Баатар 1946-1950 онд Монголын цорын ганц урлаг, бүжгийн дунд сургуульд суралцаж төгссөний дараа Улаанбаатар дахь Хөгжимт Драмын Театрт бүжигчнээр ажиллаж эхэлсэн бөгөөд 1959-1962 онд Орос улсад үргэлжлүүлэн суралцсан болно.[5] 1963 оноос эхлэн Баатар нь Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт 1989 он хүртэл бүжигчнээр ажиллаж байв.[6][7] 1969 онд Монгол Улсын Засгийн газраас Норовын Баатарын сонгодог балетыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн гавьяаг нь үнэлэн, Монгол Улсын Гавьяат Жүжигчин (МУГЖ) цолоор шагнажээ.
МУГЖ Н. Баатар нь 1977 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн XI их хуралд төлөөлөгчөөр оролцож, МҮЭ-ийн Төв Зөвлөлийн орлогч гишүүнээр түүнийг сонгож байжээ.[8]
Н.Баатар зөвхөн Монголд төдийгүй Москвaгийн эрдмийн их театр, Ленингрaдын Кировын нэрэмжит театрт ЗХУ-ын ардын жүжигчин Л.Сахьянова, Н.Чистоков нарын алдарт бүжигчидтэй хослон бүжиглэж, Станиславский болон Данченко-Немировичийн нэрэмжит театрууд, Гүрж, Румын, Югослав, Унгар, Хятад зэрэг хэд хэдэн орны театрын тайзнаа эх орноо сурталчилан бүжиглэж байжээ.[9] 1989 онд МУГЖ Баатар гавьяаныхаа тэтгэвэрт гарсан ч, түүний өндөр ур чадвар хэрэгцээтэй байсны улмаас 2016 он хүртэл Жизель, Хунт нуур, Бахчисарайн оргилолт булаг зэрэг балетад урилгаар бүжиглэсээр байжээ.[10]
Урлаг судлаачид түүнийг ихэд үнэлэн, "Н.Баатар манай сонгодог бүжиг, балетыг хөгжүүлэх үйл хэрэгт өөрийн олон талт баялаг туршлага, авьяас билэгээ зориулдаг, залуу уран бүтээлчдэд үлгэр дуурайлалттай ахмад жүжигчний нэг мөн. Н.Баатар бүжиглэх, жүжиглэхдээ хөдөлгөөн бүрээ сэтгэлгээтэй үйлдэж, илүүц маяггүй уянгалаг, бие сэтгэлийн үнэн үйлдлээр нэг дүрээс нөгөө дүрд шилжихдээ уран чадварлаг"[11], "Пермийн Cонгодог балетын сургуулиас олж авсан үндсэн хөдөлгөөнүүдээ дотоод сэтгэлээрээ баяжуулан илэрхийлж чаддаг нь түүнийг сайн бүжигчдийн эгнээнд хүргэсэн юм"[12] хэмээж байв.
МУГЖ Баатар кино урлагт ч мөн хүчин зүтгэсэн уран бүтээлч юм. Тэрээр Зууны роман гэгддэг Лодойдамбын "Тунгалаг Тамир" романаас сэдэвлэн бүтээсэн Тунгалаг Тамир кинонд Эрдэнийн гол дүрийг бүтээсэн бөгөөд "Мөнх Тэнгэрийн Хүчин Дор" кинонд Алтан улсын ордны түшмэлийн дүрийг бүтээсэн.[13][14] Түүний сонгодог урлаг, кино урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж Лодойдамбын нэрэмжит шагнал, Соёлын тэргүүний ажилтан цолыг олгосон юм.
Баатарын гэргий нь Монгол Улсын Ардын Жүжигчин, дуучин Дашбалдангийн Пүрэвсүрэн байлаа.[15]
Зарим бүтээсэн бүжгийн дүр
засварлахД/Д | Онууд | Уран бүтээлийн зохиогчдын нэрс | Уран бүтээлийн нэрс | Бүтээсэн гол дүрүүд |
---|---|---|---|---|
1 | 1953 | Жамьян | Манай нэгдэл | Хадланч залуу |
2 | 1956 | Б. Асарьев | Бахчисарайн оргилолт булаг | Вацлав (гол дүр) |
3 | 1958 | С. Гончигсумлаа | Ганхуяг | Ганхуяг (гол дүр) |
4 | 1958 | Ф. Яруллин | Ойн савдаг | Алы Батар |
5 | 1962 | Б. Асафьев | Бахчисарайн оргилолт булаг | Гирей хаан |
6 | 1963 | Римский Корсаков | Шахерезада | Синдибад далайчин |
7 | 1964 | Лео Делиб | Цэнхэр нүдэн бүсгүй | Чардаш бүжгийн гоцлол |
8 | 1965 | А. Зорина | Сонгино хүү | Жүрж агь |
9 | 1965 | Э. Чойдог | Шарилжин дундах цэцэг | Ширүүн гарьд |
10 | 1965 | С. Гончигсумлаа | Хошуу наадам | Хайдар |
11 | 1967 | Ц. Пуни | Эсмеральда | Феб |
12 | 1968 | Э. Чойдог | Мөнхийн нөхөрлөл | Дорлиг |
13 | 1968 | Б. Дамдинсүрэн | Нуурын домог | Сүрэн тайж |
14 | 1969 | Ш. Гуно | “Фауст” дуурийн Вальпуржийн шөнө | Сархадын тэнгэр Вак |
15 | 1970 | С. Гончигсумлаа | Найз залуус | Насан Галдан занги |
16 | 1971 | Л. Минкус | Дон Кихот | Тореодор Лоренцо |
17 | 1971 | Б. Асафьев | Парисийн дөл | Баски бүжиг |
18 | 1972 | С. Прокофьев | Золушка | Золушкагийн эцэг |
19 | 1973 | Б. Дамдинсүрэн | Анчин ба согоо | Чоно |
20 | 1973 | Э. Чойдог | Хөгжмийн эгшиг | Олуул бүжиг |
21 | 1973 | Ж. Чулуун | Уран хас | Ноён, бар |
22 | 1975 | А. Морозов | Ай Ёо доктор | Бармалей |
23 | 1975 | П.И. Чайковский | Хунт нуур | Ротбарт |
24 | 1977 | Испани ардын хөгжим | Испани бүжгийн цоморлиг | Дэгжин залуу |
25 | 1977 | Э. Чойдог | Мөнгөн залаа | Чөтгөр |
26 | 1979 | А. Адан | Жизель | Ван |
27 | 1981 | З. Хангал | Эрдэнэсийн уул | Зэсийн бүжиг |
28 | 1982 | К. Кара-Караяв | Аянгын жимээр | Гертын цэрэг |
29 | 1982 | П.И. Чайковский | Щелкунчик | Эцэг |
30 | 1984 | А. Хачатурян | Спартак | Малчны бүжиг |
31 | 1985 | Д. Шостакович | Энхийн тойрог | Олуул бүжиг |
32 | 1986 | А.Адан | Корсар | Ноён Сент |
33 | 1987 | Ж. Мэнд Амар | Үйлийн гурван толгой | Ёслолын түшмэл |
34 | 1988 | В. Боролдой | Малчдын дуулал | Өвгөн Равжих |
35 | 1989 | Л. Минкус | Баядэрка | Брахман гэгээнтэн |
36 | 1990 | П.И. Чайковский | Нойрсож буй гүнж | Хаан |
37 | 1990 | С. Прокофьев | Ромео Жульетта хоёр | Монтек |
Тоглосон кино дүр
засварлахЗарим гол шагнал
засварлахЭшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 https://eagle.mn/r/131034
- ↑ https://news.mn/r/615962/
- ↑ "Mongolian Film Institute". www.mfi.mn (англи хэлээр). Татаж авсан: 2024-10-03.
- ↑ "Норовын Баатар". Кино-Театр.Ру. Татаж авсан: 2024-09-25.
- ↑ "Н.Баатар: Кино маань өнгөт байсан бол гэж бодох үе бий". mass.mn. Татаж авсан: 2024-09-25.
- ↑ T. Туул (2022). Монголын Балет, Улаанбаатар: Jikom Press, хуудас 188-189
- ↑ "Н.Баатар: Кино маань өнгөт байсан бол гэж бодох үе бий". mass.mn. Татаж авсан: 2024-09-25.
- ↑ Ж. Жав, Монголын балетын урлагийн хөгжил Улаанбаатар: Улсын Хэвлэлийн Газар, 1983. хуудас 138
- ↑ T. Туул (2022). Монголын Балет, Улаанбаатар: Jikom Press, хуудас 188-189
- ↑ ""Бахчисарайн оргилолт булаг"-ын 60 жилийн ойг тэмдэглэлээ | News.MN". News.MN - Мэдээллийн эх сурвалж. Татаж авсан: 2024-09-25.
- ↑ Ж. Жав, Монголын балетын урлагийн хөгжил Улаанбаатар: Улсын Хэвлэлийн Газар, 1983. хуудас 137
- ↑ Н. Ганхуяг. Монголын Театрын Нэвтэрхий Толь (Улаанбаатар: Мажестик паблишинг, 2020) ISBN: 978-9919-23-385-3. хуудас 56
- ↑ "Норовын Баатар". Кино-Театр.Ру. Татаж авсан: 2024-09-25.
- ↑ "Н.Баатар: Кино маань өнгөт байсан бол гэж бодох үе бий". mass.mn. Татаж авсан: 2024-09-25.
- ↑ http://ulaanbaatar.todmagnai.mn/n/i3
- ↑ https://mongol-kino.mn/uranbuteel/%D1%82%D1%83%D0%BD%D0%B3%D0%B0%D0%BB%D0%B0%D0%B3-%D1%82%D0%B0%D0%BC%D0%B8%D1%80-%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB-%D0%BA%D0%B8%D0%BD%D0%BE
- ↑ https://x.com/ts_davka1/status/1838977051648520353
- ↑ T. Туул (2022). Монголын Балет, Улаанбаатар: Jikom Press, хуудас 188-189
- ↑ "Н.Баатар: Кино маань өнгөт байсан бол гэж бодох үе бий". mass.mn. Татаж авсан: 2024-09-25.