Нийгэм соёлын антропологи
Нийгэм-соёлын антропологи нь хүний нийгэм, соёлын олон янз байдлыг бүх талаас нь, угсаатны зүйн буюу тодорхой нэгэн нийгэм соёлыг судлаач биечлэн судлах, угсаатны судлал буюу судлаач хэд хэдэн соёлыг харьцуулан судлах замаар судалдаг нийгэм хүмүүнлэгийн ухаан юм.
Нийгэм-соёлын антропологи нь гэр бүл, ураг төрөл, улс төр, эдийн засаг, урлаг, шашин шүтлэг гэх мэт хүний амьдралын бүхий л талыг хоорондын уялдаа холбоонд нь судалдаг хамрангуй ухаан юм. Ингэхдээ аливаа нийгэм, соёлыг зөвхөн судлаачын нүдээр буюу гаднаас нь төдийгүй тухайн соёлын төлөөлөгчдийн нүдээр буюу дотроос нь ойлгохыг хичээдэг. Үүний тулд судлаач урт хугацааны туршид судлаж байгаа нийгэм-соёлынхоо өдөр тутмын үйл ажиллагаанд уг соёлын төлөөлөгчидтэй зэрэгцэн оролцож, угсаатны зүйн төрөл бүрийн аргыг хэрэглэн судалгаагаа явуулдаг. Улмаар угсаатны зүйчдийн хийсэн эдгээр судалгаан дээр тулгуурлан соёл дамнасан, харьцуулсан онолын судалгааг угсаатны судлаачид явуулж байдаг билээ.
Нийгэм-соёлын антропологийг судалснаар хүний нийгэм соёл, тэдгээрийн олон янз байдлын тухай гүн гүнзгий мэдлэг эзэмшиж, өөр өөр соёл, зан заншлыг ойлгодог, хүндэлдэг болох төдийгүй, өөр нийгэм соёлын хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, сэтгэх арга замд суралцсанаараа өөрийн уугуул соёлыг хөндлөнгийн нүдээр харах боломжтой болдог билээ. Товчхондоо, нийгэм соёлын антропологийн судалгаа хийнэ гэдэг нь бусдыг судлах төдийгүй бусдаас суралцана гэсэн хэрэг юм. Улам бүр глобальчлагдаж, нэг талаас өөр өөр соёлын айлсан нэвчилцэж, нөгөө талаас уламжлалт болон орчин үеийн соёлын уламжлал сүлэлдэн холилдож, соёл хоорондын харилцаа эрчимжин, харилцан ойлголцол улам бүр чухалчлагдаж буй өнөө үед нийгэм-соёлын антропологийг судлах нь улам ч сонирхолтой болж байгаа төдийгүй чухал ач холбогдолтой юм.
Нийгэм-соёлын антропологчид нь их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн удирдлага, боловсрол, нийгмийн салбар, хүрээлэн байгаа орчин, олон улсын хөгжлийн байгууллага, төрийн бус байгууллага, бизнес, аялал жуулчлал зэрэг олон салбарт ажиллах боломжтой.