Надежда Аллилуева

Надежда Сергеевна Аллилу́ева (1901 оны 9-р сарын 22-нд Баку хотод төрсөн—1932 оны 11-р сарын 9-нд ЗХУ-ын Москва хотод нас барсан) — Зөвлөлтийн удирдагч Иосиф Сталины хоёр дахь эхнэр. 1918 оноос Бүх оросын Коммунист (большевик) намын гишүүн.

Надежда Аллилуева

Намтар засварлах

Надежда Аллилуевагийн эцэг Сергей Яковлевич Аллилуев (1866-1945) Воронеж мужийн Рамонье тосгоны тариачны гэр бүлээс гаралтай байсан. Тэрээр Кавказ руу нүүж, тэнд төмөр замын депо дээр ажиллаж, хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй тулгарсан гэдэг. Эцэг Сергей-гийн эмэг эх нь цыган хүн байсан тул түүний ач охин Светлана Аллилуевуудын гэр бүлийн шинж чанар болох "өмнөд, хар нүд" зэргийг тайлбарлаж болох юм. Сергей 1898 онд Оросын Социал Демократ Хөдөлмөрийн Намд (РСДРП) элсэж, ажилчдын дугуйлангийн идэвхтэй оролцогч болжээ. Эдгээр дугуйлан дээр тэрээр Кавказ дахь намын ажлын гол зохион байгуулагчдын нэг Михаил Калининтай танилцсан байна. Сергей баривчлагдаж, Сибирьт цөлөгдсөн боловч удалгүй 1902 он гэхэд Кавказ руу буцаж ирээд 1904 онд тэрээр "Коба" Жугашвили (хожим Иосиф Сталин) Бакугаас Тифлис рүү хэвлэх машин зөөхөд нь тусалж байхдаа танилцжээ.

Аллилуевагийн эх Ольга Федоренко (1877-1951) нь Евгений Федоренко, Магдалена Айчольц нарын есөн хүүхдийн отгон нь байв. Сүүлд Аллилуевагийн охин Светлана дурсамждаа Евгений эцгийнхээ талаар украин үндэстэн, эх нь гүрж хүн байсан гэж бичжээ. Тэрээр гэртээ гүрж хэлээр ярьж өссөн гэдэг. Магдалена Герман цагаачдын гэр бүлээс гаралтай бөгөөд гэртээ герман, гүрж хэлээр ярьдаг байжээ. Ольгагийн эцэг эхэндээ түүнийг найзынхаа хүүтэй гэрлэхийг хүссэн боловч тэрээр татгалзаж, 14 настайдаа Сергейтэй хамт амьдрахаар шийдэж гэрээсээ зугтаажж, Тифлист нийлсэн гэдэг.

Надежда Сергеевна Аллилуева 1901 оны 9-р сарын 22-нд Баку хотод төрсөн бөгөөд Анна, Федор, Павел нарын дараа төрсөн гэр бүлийн дөрвөн хүүхдийн отгон нь байжээ. 1904 онд гэр бүл нь Москва руу нүүгээд удалгүй 1906 онд Баку руу буцсан байна. 1907 онд баривчлагдахаас зугатаж Аллилуевагийн эцэг Сергей гэр бүлээ Санкт-Петербург руу шилжүүлэв. Гэр бүл нь тэнд үлдэж, большевикуудыг, тэр дундаа Сталиныг гэртээ нуухад тусалдаг байв. Сергей Аллилуев цахилгаан станцад ажиллаж байсан бөгөөд 1911 он гэхэд дэд станцын даргаар томилогдсон нь гэр бүлд боломжтой амьдрах болсон юм.

Аллилуевагийн нэг ах нь Зөвлөлтийн цэргийн удирдагч Павел Аллилуев (1894—1938), нөгөө ах нь 1918 онд Сталины нарийн бичгийн дарга байсан Фёдор Аллилуев (1898—1955) нар байв. Аллилуевагийн эгч Анна нь ЗХУ-ын Төрийн аюулгүй байдлын комиссар Станислав Реденсийн эхнэр байв.

1918 оноос тэрээр В.Ленины ажлын албанд туслахаар ажиллаж байгаад нас барсаных нь дараа Серго Оржоникизе-гийн албан ажилласан.

Надежда Аллилуева, Иосиф Сталин нарын ууган хүү Василий Сталин 1921 онд төрсөн. Гэр бүлийн хоёр дахь хүүхэд нь 1926 онд төрсөн охин Светлана Аллилуева байв. 1921 онд Сталины өмнөх гэрлэлтийн хүү Яковыг Тифлис хотод эхийнхээ хамаатан садныд амьдарч байхад нь гэртээ хүлээн авчээ. Аллилуева дагавар хүүгээсээ зургаахан насаар эгч байсан бөгөөд түүнтэй найрсаг харилцаатай байжээ.

Аллилуевагийн амьдралын сүүлийн жилүүд нөхрийнхөө хайхрамжгүй байдлаас гадна эрүүл мэндийн асуудлаас болж дарамтанд байжээ. Тэр "аймшигтай сэтгэлийн хямрал" болон толгой өвчинтэй байсан байна.