Василий Сталин
Василий Иосифович Сталин (гүрж. ვასილი იოსების სტალინი) буюу Василий Иосифович Жугашвили (гүрж. ვასილი იოსების ჯუღაშვილი) нь нисгэгч, нисэх хүчний дэслэгч генерал бөгөөд Иосиф Сталины бага хүү. Василий нь 1921 онд Москвад төрсөн. И.В.Сталин, Н.С.Аллилуева хоёрын бага хүү бөгөөд удирдагчийн хайртай хүү нь байв. Эх нь 1932 онд амиа егүүтгэсний дараа түүнийг Сталины хамгаалтын албаны дарга Э.С.Власик хүмүүжүүлсэн юм.
Нисэх хүчинд алба хааж, дайн эхлэхэд ахмад цолтой байлаа. Тэрээр 1941 оноос Ажилчин, тариачны улаан армийн Нисэх хүчний шалгалтын албаны дарга байсан ба 1943 оны нэгдүгээр сард фронтод илгээгдэн Гвардийн сөнөөгч онгоцны 32-р хорооны даргаар томилогдов. 1943 оны тавдугаар сарын 26-ны өдөр эцгийнхээ тушаалаар уг албанаас “архидалт, дур зоригоор авирласан” гэх тодорхойлолтын дагуу чөлөөлөгджээ. 1944 оноос 3-р сөнөөгч онгоцны дивиз, 1945 оны хоёрдугаар сараас 286-р сөнөөгч онгоцны дизизийн даргаар тус тус томилогдон ажиллав. Дайны үеэр 27 байлдааны нислэг хийж, дайсны нэг онгоцыг сөнөөжээ. Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, Александр Невскийн одон, Суворовын одонгийн II зэрэг болон медалиудаар шагнуулсан. Түүний тодорхойлолтод “Сэтгэлийн хөөрөлтэй, түргэн ууртай, биеэ барих чадваргүй. Захирч буй хүмүүстээ гар хүрсэн тохиолдол бий. Биеийн эрүүл мэнд сул дорой, нэн ялангуяа мэдрэлийн систем нь тааруу, хэтэрхий түргэн ууртай. Энэ бүх дутагдал нь дивизийн дарга байхад харшилна” гэж бичсэн байна. Василий Сталин 1946 оноос корпусын захирагч, дараа нь жагсаалын хэсгийн командлагчийн орлогч, 1948 оноос Москвагийн цэргийн тойргийн нисэх хүчний командлагчаар томилогджээ. Улсын асар их мөнгийг Нисэх хүчний спортын клубт оруулж байлаа.
Василийн ховоор нисэхийн олон дарга нарыг баривчлуулж, тэр ч байтугай Улс төрийн товчооны гишүүн Г.М.Маленковыг хүртэл хамруулаад авсан байв. В.Сталин архины ужиг донтон болсон байлаа. Эцэг Сталин нь нас барсны дараа түүнийг цэргийн дүрэмт хувцас өмсөхийг болиулж, армиас халжээ. Удалгүй түүнийг баривчлан албан тушаалаа хувийн зорилгоор урвуулан ашигласан гэж найман жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Гэхдээ түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлсөн юм. Чөлөөлөгдөөд сарын дараа согтуугаар машин жолоодож яваад осол гаргасан учир Казань хотод нутаг заагдан амьдарч байгаад 1962 онд нас баржээ.