Навааны Цэрэнпил
Навааны Цэрэнпил (* 1915 оны 10-р сарын 15-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сум; † 1978 оны 8-р сарын 2-нд Улаанбаатарт) нь цэргийн үлээвэр найрал хөгжмийн удирдаач, хөгжмийн зохиолч Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн хурандаа Навааны Цэрэнпил манай орчин үеийн хөгжмийн урлагийн нэрд гарсан зүтгэлтнүүдийн нэг билээ. Н.Цэрэнпил Монгол хүний хийморь зоригийг бадраасан үлээвэр найрал хөгжмийн олон сайхан марш, ардын дууны найруулга, бүжгийн хөгжим, нийтийн болон хүүхдийн дуу зэрэг зохиолоороо Монголын хөгжмийн урлагт тодорхой хувь нэмэр оруулсан юм.
Н.Цэрэнпил зөвхөн ганц үлээвэр найрал хөгжимд зориулсан маршийн зохиол бичээд зогсоогүй олон арван ардын дуу, өөрийн орны болон дэлхийн сонгодог хөгжмийн нэрт зохиолчдын зохиол бүтээлийг үлээвэр найрал хөгжимд хөрвүүлэн найруулсан юм. Үлээвэр найрал хөгжимд зориулан зохиосон, найруулсан бүтээлүүд нь зохиомж, агуулга, найруу эгшгийн зохицолдоо, найралжуулга бичлэгийн арга барилын хувьд энгийн ойлгомжтой байдаг. Тэрээр өөрийн авъяас чадвар, идэвхи зүтгэл, уйгагүй хөдөлмөрийнхөө үр дүнд үлээвэр найрал хөгжмийн мэргэжлийн өндөр түвшинд хүрч, хөгжмийн зохиолч удардаачийн нөр их алдар хүндийг хүртсэн манай урлагийн нэрт зүтгэлтнүүдийн тоонд зүй ёсоор ордог юм.
Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Навааны Цэрэнпил жагсаалтын цэргээс Ардын цэргийн хурандаа, түргэн жагсаалын бүрээчээс цэргийн хөгжмийн ерөнхий байцаагч, удирдаач, хөгжмийн зохиолч хүртэл амьдралын их зам туулжээ. Түүнийг сэтгэл сэргэм яруу аястай, хөл жигдрүүлсэн цоглог хэмнэлтэй, бадрангуй дайчин бүтээлээрээ тухай үедээ шилдэг уран бүтээлч гэж манай хөгжим судлаач нар зүй ёсоор үнэлдэг байлаа. Марш бол олон түмнийг хөдөлмөр, тэмцэл ялалтаас ялалтанд уухайлан дуудаж, нэгэн санаа зорилгод нэгтгэн зоригжуулдаг, бадрангуй дайчин төрөл юм.
Монголын ардын цэргийн үлээвэр найрал хөгжмийн зохиолын "Маршийн эцэг" гэж алдаршсан урлагийн гавъяат зүтгэлтэн Навааны "Дашлин" Цэрэнпил хурандаагийн зохиосон олон сайхан бүтээлийг радиогоор байнга сонсож, жил бүрийн төрийн баяр наадмын өдрүүдэд их жанжин Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнд түүний монгол өнгө аястай "Марш" цол жавхлант үлээвэр найрал хөгжим цангинан байхад сэтгэл зүрх өөрийн эрхгүй догдолж, хийморь сэргэж түм буман хүн бишрэн бахархдаг билээ.
Намтар
засварлахМонголын цэргийн үлээвэр найрал хөгжмийн нэрт удирдаач, хөгжмийн зохиолч Навааны Цэрэнпил 1915 оны 10-р сарын 15-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт "Ходоод" гэдэг газар төржээ. Бага насаа эцэг эхийн гар дээр ядуу зүдүү амьдралын дунд өнгөрөөж 14 нас дөнгөж хүрмэгцээ ажилчин ангийн эгнээнд орж Ерөөгийн модны үйлдвэрт салчин болж, тэр үеэс эхлэн амьдралын урт замыг ухаарч нэгэн насны амьдралаа түмний төлөө үйлсэд зориулсан юм. Ажилчин хамт олны дунд амьдарч хөдөлмөрлөж байх үедээ бие даан хуучир, лимбэ сонирхон оролдож ардын дуу оруулах болж, түүндээ урамшин, хожим хойно урлагийн хүн болж хүн арддаа зориулан олон сайхан бүтээл туурвина гэдгээ тэрхэн насандаа яахан мэдэх билээ. Нас бие өсч 1936 онд цэргийн албанд татагдан ирж Улаанбаатар хотод Дотоод Яамны тусгай хороонд байлдагч болж, удаагүй байтал нэг өдөр санаандгүй явдал болов. Шинэ цэргүүдээс үлээвэр хөгжимд шалгаж авахад Цэрэнпил шалгуулж тэнцжээ. Хурандаа Н.Цэрэнпил цэргийн хөгжимд орсон тухайгаа хожим:
- Дарга нар намайг хөгжим тоглож чаддаг уу? гэж асуухад нь би: "Хуучир Лимбэ тоглодог гэж хариулж билээ. Миний хуучир лимбэ ч тоглох гэж дээ, хэд гурван ардын дуунаас хэтрэхгүй л байсан байх" гэж дурсан ярьсан байдаг.
Н.Цэрэнпил угийн сонсгол сайтай, хөгжим тоглох эв дүйтэй авхаалжтай байсны хувьд хөгжмийн ангид орсон цагаас эхлэн цээл бүрээ, нарийн бүрээ цэрэг хөгжмийн зэмсгийг шамдан оролдож богино хугацаанд сурч, захирагч дарга нарынхаа хайр хүндэтгэлийг хүлээжээ. Авъяаслаг залуу гуравхан жилийн дараа хөгжим ангийн дарга удирдаач нь болж дэвшин ажилласан юм. Энэ үеэс эхлэн цэргийн төв клуб "Нардом"-ын хөгжмийн дугуйланд шамдан суралцаж А.Кольцов, Р.Решетняк, С.Гальперин нараар хөгжмийн онол, гармони найруулах арга ухааныг заалгасан нь хөгжимд найруулга хийх, зохиол бичих дүр хүслийг нь оргилуулжээ. Залуу хөгжмийн удирдаач Н.Цэрэнпилийг 1940 оны 5-р сарын 1-нд дэслэгч цолоор шагнасан байна. Тэрээр 1945 он хүртэл хөгжмийн дарга, удирдаачаар ажиллаж байгаад ар гэрийн гачигдлаар цэргийн албанаас түр халагдаж нутагтаа очиж Ерөөгийн модны үйлдвэрт намын үүрийн нарийн бичгийн даргаар ажиллах болж, ажилчин ангийн эгнээд дахин орж, нэг жил шахам болох хугацаандаа хамт олноо чадварлаг зохион байгуулж, хөдөлмөрийн амжилт гаргасны учир төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.[1]
Уран бүтээлийн гараа
засварлахН.Цэрэнпил ийнхүү амьдралыг улам өргөн танин мэдсэний дараа өөрийн хүсэлтээр 1946 онд Дотоод Яамны төв сургуулийн хөгжимд алба хаах болсон тэр үеэс түүний уран бүтээлийн урт зам үргэлжлэв. Н.Цэрэнпил үлээвэр найрал хөгжимд эхлээд ардын дуу найруулж туршин, анхандаа санаанд нь хүрэхгүй байсан боловч өөрийн уйгагүй хөдөлмөрөөрөө онолын мэдлэгээ ахиулсны үр дүнд найруулах ур чадвар нь өсч 1948 оноос анхны бие даасан уран бүтээл "Улаан наран" марш /одоо "Баатарлаг марш" нэртэйгээр тоглогдож байгаа/ "Тамирчдын марш", "Саруул шөнө", "Савлуур", "Яармаг вальс" зэрэг марш, нийтийн бүжгийн нилээд хөгжим зохион найруулсан нь амжилттай болсон байна. Хөгжимд найруулга хийх, зохиох эрдэм ухаанд мэргэжихийн тулд уйгагүй хөдөлмөрлөж багагүй амжил олжээ. 1951 онд Ардын Хувьсгалын яруу алдарт 30 жилийн ой, түүний уран бүтээлд ихээхэн нөлөө үзүүлсэн юм.
Хөгжмийн удирдаач Н.Цэрэнпил энэ ажилд гол үүрэг гүйцэтгэн улсын баяр наадмаар үзүүлэх нийтийн гимнастикийн тоглолтонд зориулж хөгжим бичиж авъяас чадлаа сорьжээ. Түүний бичсэн гимнастикийн уран хөдөлгөөнд тохируулсан аяс нь тухайн үедээ шаардлага хангасан бүтээл гэж өндөр үнэлэгдэж байв. Ахмад хөгжимчин Б.Лувсангэндэн /Монгол улсын соёлын тэргүүний ажилтан/ дурдатгалдаа: "Хөгжмийн удирдаач Н.Цэрэнпил энэ үеэс эхлэн уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн юм. Бүх нийтийн биеийн тамирын хөдөлгөөн болж байсан гимнастикийн хөдөлгөөнд зориулж олон сайхан аялгуу зохиосон" гэж дурсдаг. Нийт хөдөлмөрчид ялангуяа хүүхэд, залуу үеийнхний бие бялдар, гоо сайхны хүмүүжлийг дээшлүүлэхэд онцгой анхаарал тавьж байсан тэр үед Н.Цэрэнпилийн зохиосон биеийн тамир спортын арга хэмжээнд зориулсан аялгуунууд одоо ч гэсэн ач холбогдлоо алдаагүй, сонсогч түмний таашаалыг зүй ёсоор хүлээсээр байна.
Дэлхийн II дайны дараа манай эх орон ард түмний амьдрал, соёлын түвшнийг дээшлүүлэхэд онцгой анхаарал тавьсан энэ үед цэргийн албаны хугацаа дуусагчдыг халж, батлан хамгаалах зардлыг хорогдуулан, хэмнэгдсэн хөрөнгө материалын зардлыг улс орны эдийн засаг, соёлын хэрэгт зарцуулахаар болсон 1954 онд Ардын цэрэг, хязгаарын цэргийг нэгтгэж билээ. Тэр үед Н.Цэрэнпил ардын цэргийн үлээвэр найрал хөгжимд дарга, удирдаачаар томилогдон ирж ажиллах болсон цаг мөчөөс эхлэн түүний зохиол бүтээлийн цар хүрээ тэлжээ. Хөгжмийн зохиолч удирдаач Н.Цэрэнпилийн цэрэг дайчдын талархал хүлээсэн "Ардын цэргийн марш", "Аяны 1, 2-р марш", "Монгол-Зөвлөлтийн нөхөрлөл", "Халх голын баатарчууд", "Дайчдын алдрыг магтая" зэрэг олон алдартай бүтээл нь энэ үед туурвигдсан юм.
Н.Цэрэнпилийн үлээвэр найрал хөгжимд зориулсан маршууд нь Ардын армийн дайчид хөдөлмөрчид залуу үеийг ард түмний дайчин уламжлалаар хүмүүжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг нь үнэлж 1961 онд Ардын армийн 40 жилийн ойг тохиолдуулан Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар "БНМАУ-ын урлагийн гавъяат зүтгэлтэн" хүндэт цолоор шагнажээ. Н.Цэрэнпил өөрийнхөө авъяас чадвар, онолын мэдлэгээ дээшлүүлэх талаар чармайн ажиллаж уран бүтээлийнхээ чанарыг сайжруулахад ихээхэн анхаарч ирсэн нь түүний 60-70-аад оны үед туурвисан уран бүтээлүүд нь тодорхой харагддаг юм. Тэрээр уран бүтээлийнхээ 30 гаруй жилийг үлээвэр найрал хөгжимд зориулсан бүтээл зохиоход зориулсны тод илрэл нь олон арван марш, нитийн бүжгийн хөгжим, монгол ардын болон орчин үеийн дуу олон арвыг найруулсан бичсэн нь амжилттай болсон явдал юм. Үлээвэр найрал хөгжимд зөвхөн марш 112 марш бичсэнийг энд дурдахад хангалттай. Түүний зохиосон маршуудын сэдвийг авч үзвэл түүх хувьсгал, найрамдал, нөхөрлөл, шинэ амьдрал, ард түмний хүсэл тэмүүлэл, цэрэг дайчдын сүр жавхаа, биеийн тамир спортын болон хүүхэд багачуудын сэргэлэн цовоо байдлыг илтгэсэн зэрэг манай нийгмийн амьдралын олон талыг тусгажээ.
Түүх хувьсгал, найрамдал нөхөрлөлийн сэдэвтэй маршийн тоонд "Баатарлаг марш", "Тугийн марш", "Халх голын баатарчууд", "Найрамдал", "Ардын цэргийн ялалт", "3-р сарын 18", "Магнай үсэгтэй туг", "Ялалт" цэрэг маршууд орно. Хувьсгалын сэдэвтэй ардын дууны сэдвээр бичсэн "Баатарлаг марш", "Тугийн марш" нь хувьсгалт тэмцлийн гал дунд төрж бойжсон монгол түмний сэтгэлийн дуудлага болон цуурайтсан марш юм. "Тугийн марш"-ийн сүр жавхлант аялгуугаар цэргийн жанжин туг намиран мандаж, цэрэг эрсийн алхаа, сүр хүч, олон түмэн ардын зүрх сэтгэлийг бадруулан эх оронч хүслийг бадрааж байлаа.
Н.Цэрэнпил хурандаагийн бичсэн маршууд дотроос сор нь болсон аялгуу бол "59 дүгээр" марш юм. Энэ маршийн сэдэв нь ард түмний ганбат найрамдлын гал халуун эв эеийн нэвт шингээсэн ур чадварын хувьд өндөр хэмжээнд бицигдсэн марш юм. Бүх маршийн зохиолын 60 гаруй хувь нь цэргийн сэдэвтэй марш байдаг нь нэн онцлог. "Жагсаалын 1, 2 дугаар марш", "Угтах марш", "Угтах марш", "Харуулын марш", "Ардын журамт цэрэг", "Нисгэгчид", "Холбоочид", "Хөгжимчид", "Пуужинт цэргийн марш" зэрэг нь цэрэг дайчдыг хол нийлүүлэн жагсаалын эгнээнд нөхөрлүүлсэн түүхтэй.
1950-иад оны үеэс 1990-ээд оныг хүртэл их жанжины талбайд болдог асан цэргийн парад хөдөлмөрчдийн жагсаалд хөгжмийн зохиолч Н.Цэрэнпилийн марш эгшиглээгүй удаа нэг ч үгүй билээ. Ардын хувьсгалын 35, 40, 45, 50 жилийн ойн парад жагсаалын хөгжмийг удирдсан нь Н.Цэрэнпилийн удирдаачийн амжилт бүтээлийг илтгэж байна. Хурандаа Н.Цэрэнпил өөрийнхөө бүтээлийг тухайн үеийн байдалд тохируулан тэмдэглэлт үйл явдал, түүхт ойнуудыг тохиолдуудлан зохиодог байжээ. Тэрээр Улаанбаатар хотыг тунхагласны 50 жилийн ой тохиолдуулан "Нийслэлийн алдар бадартугай" /1974 он/ хэмээх 101-р марш, эрүүлийг хамгаалах байгууллагын 55 жилийн ойд зориулан "Эрүүлийг хамгаалагчид" /1976 он/ гэдэг маршаа тус тус бичсэн нь цаг үеэ гярхай мэдэрдэг хөгжмийн зохиолч байсны нь тод илрэл билээ. Сүүлийн үед зохиогдсон эдгээр маршууд нь орчин үеийн үлээвэр найрал хөгжмийн маршийн өнгө аястай зохиомж, найруулгын хувьд өндөр түвшинд бичигдсэн бүтээл болсон байна.
Бүх нийтийн биеийн тамирын сэдвээр 10 гаруй марш бичжээ. Үүнд "Спартакиад", "Дугуйчид", "Уулчид", "Хөл бөмбөгчид", "Бөхчүүд", "Өсвөрийн тамирчид", "Тамирчдын марш"-ыг нэрлэж болно. Эдгээр маршууд нь манай цог золбоот тамирчдын алдар гаръяа, зориг хүслийг магтан дуулсан бөгөөд тамирчдын парад жагсаалыг улам ч сүр жавхлантай болгодог байв. Хурандаа Н.Цэрэнпил 1963 онд пионер сурагчдын үлээвэр хөгжмийн "Улаан бүч" чуулгын урын санг баяжуулахад уран бүтээлээ зориулсан манай уран бүтээлчдийн нэг юм.
Залуу үеийг хамажлан хүмүүжүүлэгч Н.Цэрэнпил пионер сурагч, багачууддаа олон сайхан марш зориулан бичсэн билээ. Түүний бичсэн "Пионерийн хүндэтгэлийн", "Багачуудын", "Пионерийн", "Улаан бүч", "Пианерийн уриа" зэрэг маршууд нь манай жаргалант ирээдүй болсон хөвгүүн охидын сэтгэл зүрхийг эзэмдсэн золбоо төгс аялгуутай марш болсон нь хүүхэд багачуудын олон үеийг хүмүүжүүлэхэд чухал ач холбогдлоо өгсөөр байна. Н.Цэрэнпилийн маршийн зохиолын нэг өвөрмөц онцлог нь Монгол олон үндэстэн ястны ардын аялгуугаар марш бичсэн явдал юм. Казах ардын аялгууны сэдвээр "1, 2, 3-р марш", буриад ардын аялгууны сэдвээр "Буриад 1, 2-р марш" нь шинэ хэлбэр зохиомж, дүрслэх арга ухааныг эрж хайсан бүтээлүүд болжээ.
Уран бүтээлээ анх ардын дууны найруулгаар эхэлсэн Н.Цэрэнпил 1950-иад оны дундууд бичсэн маршийн зохиолууддаа монгол ардын дууны намба төрхийг нь алдагдалгүйгээр чадмаг наруулсан нь түүний уран бүтээлийн нэг эрэл байлаа. Анхны бие даасан уран бүтээл болох 1948 онд бичсэн "Улаан наран" маршийн зохиолд "Шивээ хиагт", "Агаараар нисдэг аэроплан" дуунуудыг маршийн цоглог хэмнэлд оруулсан нь хувьсгалт дайчдын марш болж чаджээ. Мөн аяны 13, 20-р маршуудад монгол ардын дуу "Могой хээр", "Найгал гол", "Талын таван толгой" дуунуудын хэлбэрийг нь алдагдуулалгүйгээр маршийн хэмнэлд эвтэйхэн ашигласан нь сонсогчдын сэтгэлд ойр дотно тусч, таашаалыг нь төрүүлсэн зохиол болжээ. Аяны 20-р маршийн трионы хэсэгт "Талын таван толгой" дууг нэг дахин уртасгах хэмнэлд оруулсан нь аялгууг улам уудам жавхаалаг сайхан болгосон байдаг.
Хурандаа Н.Цэрэнпил орчин үеийн сэдэвтэй дуугаад дуу, марш бичсэн нь түүний уран бүтээл шинэ сэргэг сэдвээр баяжсан тал юм. Төрийн шагналт Ардын жүжигчин Д.Лувсаншаравын "Ажилчны марш", "Хүрэн зандан ташуур", Л.Мөрдоржийн "Түүхт хил", дуугаар "Миний нутаг" марш, "Хөдөлмөрийн дуу" марш, Лха.Доржийн "Монголын залуучуудын дуу", "Найрамдалт нөхдийн дуу" марш, өөрийнхөө зохиосон дуугаар "Эрдэнэт хүлээж байна", "Манай цэрэг" зэрэг дуунуудаар дуу-марш бичсэн нь баяр наадам, ёслол хүндэтгэл, ажил хөдөлмөрийн талбарт нүргэж өргөн олноо үлээвэр хөгжмийн яруу эгшгээр уриалан дуудаж байлаа.
Хөгжмийн зохиолч Н.Цэрэнпилийн маршийн зохиолууд дотроос "Дайчин алдрыг магтъя" концертын марш нь 1950-иад оны үед бичигдсэн маршийн зохиолын сонгодог хэлбэр болсон бөгөөд гурван ангитай концертын зориулалттай юм. Мөн дан хөгжмийн зохиолд нилээн чухал байр эзэлдэг төрөл бол үлээвэр найрал хөгжимд зориулан найруулсан монгол ардын дуунууд зүй ёсоор ордог. Тэрээр 100 шахам монгол дууг концертын зохиолын хэлбэрт оруулан бичсэн нь сонирхол татахуйц бүтээлүүд болсон байдаг. "Гунан хар", "Дөрвөн настай халиун-цэвэр охин", "Бүжидмаа цоохор морь", "Цэнхэрлэн харагдана" зэрэг дуу монгол ардын хоёр дууны уран сэтгэмжийн хэлбэртэй бүтээл бичсэн нь сонсогчдын гоо сайхны таашаалд нийцжээ. Эдгээр бүтээлүүд нь ардын цэргийн үлээвэр найрал хөгжмүүдийн урын сан, концертын хөтөлбөрийн шулдэг номерын тоонд зүй ёсоор ордог юм. Мөн монгол ардын дуу "Мандах нар", "Баатарцогтын нагац" хоёрдугаар үлээвэр хөгжмийн бэсрэг бүрэлдэхүүнд зориулан гоцлол бичсэн нь хөгжимчдийн мэргэжлийн ур чадвар шаардсан бүтээл болсон билээ. Н.Цэрэнпил уран бүтээлийнхээ сүүлийн хагас буюу 1960-аад оны дунд үеэс урлах сэдвийнхээ хүрээ, зохиолын төрөл хэлбэрийг өргөжүүлж, хүүхэд багачуудын ой ухаанд хялбар тусаж, сэтгэл зүрхэнд хоногшхуйц хүүхдийн дуунууд зохиож, өөрийн авъяас чадвараа сорьсон билээ. Тэр үед хүүхдийн болон нийтийн 30 гаруй дуу зохиожээ. "Улаан бүч", "Танил зураг" зэрэг дуу нь хүүхэд багачуудын хүсэл тэмүүлэлыыг илэрхийлж байхад "Эрвээхэй", "Тоглон бүжиглэе" зэрэг дуу нь багачуудын хөгжөөнт сайхан амьдралыг дүрслэн үзүүлсэн байдаг. Эдгээр бүтээл нь хүүхдүүдийн гоо зүйн хүмүүжлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой дуу болжээ.
"Дуунууд" нэртэй дууны түүвэрээ /редактор Б.Даш/ 1985 онд хэвлүүлжээ. Хөгжмийн зохиолч Н.Цэрэнпилийн 1970-аад оны эхэн үеийн уран бүтээлийн нэг том ололт бол сонгодог симфонийн зохиолыг үлээвэр найрал хөгжимд хөрвүүлэн найруулсан явдал юм. Мана хөгжмийн нэрт зохиолч С.Гончигсумлаагийн "Цоглол аялгуу", Л.Мөрдоржийн "II симфони" найраглал, Б.Дамдинсүрэнгийн "Учиртай гурван толгой" дуурийн хэсэг, Ж.Чулууны "Уран хас", бүжгийн жүжгийн эхлэл хөгжим, Д.Лувсаншаравын "Хан бүргэд" дуурийн ордны бүжиг, Ц.Намсрайжавын "Баярын жавхаа" симфони удиртгалыг үлээвэр найрал хөгжимд хөрвүүлсэн нь амжилттай болсон юм. Мөн "Баярын жавхаа", "Хан бүргэд" дуурийн ордны бүжиг зэрэг зарим зохиолд үлээвэр хөгжмийн онцлогт тохирсон хэмжээгээр баяжуулахын хамт орчин үеийн монголын хөгжмийн бүтээлийг сурталчлах арга хэрэгслэлийг өргөтгөн тэлж, хөгжимчдийн тоглолтын ур чадварыг дээшлүүлэхэд зохих нөлөө үзүүлжээ. Навааны Цэрэнпил нь амьдралынхаа сүүлийн жилүүдэд залгамжлах хойч үеийнхэндээ болон үлээвэр хөгжмийн удирдаач, багш оюутан сурагчдад зориулан "Үлээвэр хөгжимд суралцах гарын авлага" ном бичиж /С.Батбаяртай хамтарч 1977 он/ хэвлүүлсэн юм.
Ардын цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийг бэхчүүлэх, ур чадварыг дээшлүүлэх үйлсэд хөгжмийн зохиолч удирдаач Н.Цэрэнпил их үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрээр 40 шахам жилийн хугацаанд цэргийн үлээвэр найрал хөгжмүүдийг зохион байгуулах, бэхжүүлэхэд ихээхэн хүч чармайлт тавьж ажилласан ба үлээвэр хөгжимчдийг бэлтгэх, сургах үйлсэд багагүй гавъяа байгуулсан хүн бөгөөд үлээвэр хөгжимчдийн залгамж хойч үеийг хүмүүжүүлсэн багш байлаа. Хурандаа Н.Цэрэнпил цэргийн үлээвэр найрал хөгжмийн мэргэжил чадвартай хөгжимчдөөр бэхжүүлэх урын санг нь баяжуулах үйлсэд 40 шахам жил зүтгэж түмний хайр хүндэтгэл хүлээж аваад 1978 оны 8-р сарын 2-нд таалал төгссөн.
Зохиолууд
засварлахКонцертын зохиолууд
засварлах- "Пионерийн зуслан" зургаан ангит симфони чуулбар
- "Багачуудын баярын өглөө" удиртгал Н.Цэрэнпил
- "Нэгдэлчдийн баяр" Н.Цэрэнпил
- "Симфони удиртгал" хөрвүүлэг Л.Мөрдорж
- С.Гончигсумлаа "Скерцо" хөрвүүлэг
- Л.Мөрдорж "Ялалт" симфони найраглал
- Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" дууриас /хөрвүүлэг/
- Д.Лувсаншарав "Хан бүргэд" дуурийн чуулбар хөгжим I анги /хөрвүүлэг/
- "Хан бүргэд" дуурийн ёслолын бүжиг /хөрвүүлэг/
- Д.Лувсаншарав "Хөгжлийн уулсыг зорьё" гоцлол дуу /хөрвүүлэг/
- Д.Лувсаншарав "Социалист хөдөлмөрийн бригадын дуу" /хөрвүүлэг/
- "Уулзалтын цуурай" Н.Цэрэнпил
- "Монгол ардын хоёр дуу" Н.Цэрэнпил
- Гальперин "Сүхваатарын тухай дуу"
- С.Гончигсумлаа "Улаанбаатарын тухай дуу" /зохиомж найруулга/
- М.Дугаржав "Соёл эрдэнэ" /найруулга/
- Л.Мөрдорж "Ган зам" /наруулга/
- Ш.Эрдэнэбат "Цэнгэлтэй үдэш" /найруулга/
- Г.Дарамзагд "Монголын сайхан орон" /найруулга/
- С.Гончигсумлаа "Чамайг үдье" вальс /найруулга/
- Ц.Сүхбаатар "Мөнх тэнгэрийн наран дор" чуулбарын 2, 3-р анги /найруулга/
- Ц.Намсрайжав "Баярын жавхаа" удиртгал /хөрвүүлэг/
- Ж,Чулуун "Уран хас" удиртгал
- Э,Чойдог "Найрамдал" Удиртгал /хөрвүүлэг/
Маршийн зохиолууд
засварлах- Монгол ардын цэргийн марш No-10
- "Сэргэлэн нөхөд" марш
- Аяны марш No-2
- Биеийн тамирчдын марш
- "Монгол-Хятадын найрамдал" марш
- Казах марш No-1
- Казах марш No-2
- Ардын цэргийн харуулын марш
- "Тамирчдын алдар" марш
- "Эрдэнэт хүлээж байна" марш
- "Манай алдар" марш
- "Бөхийн алдар" марш
- 7-р сарын 11-ний марш
- "Нийслэлийн алдар" марш
- Тугийн марш
- Туг угтах марш
- Жагсаалын марш No-17
- Марш No-87
- "Архангай" марш
- Аяны марш No-20
- "Монгол-Зөвлөлтийн нөхөрлөл" марш
- Угтах марш No-3
- Баатарлаг марш
- "Төрөлхийн аялгуу" марш
- Талархлын марш аялгуу
- Тамирчдын марш
- Дугуйчдын марш
- Монголын залуучуудын марш /Л.Мөрдорж/
- Монголын залуучуудын дуу /Л.Мөрдорж/
- Энх тайвны марш /Д,Бадарч/
- "Халх голын баатарчууд" марш
- МЗО-ны марш
- Пионерийн марш /Л.Мөрдорж/
- Сүхбаатарын морин цэрэг /С.Гончигсумлаа/
- "Дайчдын алдрыг магтъя" марш
- "Алдар" марш
- "Найрамдал" марш
- "Ардын цэрэг" марш
- "Дайчдын золбоо" марш
- "Найрамдал" марш /Б.Дамдинсүрэн/
- "Монгол-Зөвлөлтийн нөхөрлөл" марш
- Аяны марш No-1
- Аяны марш No-3
- Аяны марш No-4
- Аяны марш No-5
- Жагсаалын марш No-1
- Жагсаалын марш No-2
- Уулчдын марш /С.Маяа/
- "Миний нутаг марш" /Л.Мөрдорж/
- "Спартакиад" марш
- "Дохионы аялгуу" марш
- Биеийн тамирын марш /Л.Мөрдорж/
- "Эх орны тухай дуу марш" /Л.Мөрдорж/
- "Хөл бөмбөгчид" марш
- Найрамдал нөхдийн дуу /Л.Дорж/
Эшлэл
засварлах- ↑ gaviyat.pms.mn: Навааны Цэрэнпил[permanent dead link], түүний тухай товч намтар, нийтлэгдсэн 2012-11-12, хандсан 2019-06-19