Монгол Улсын гадаад харилцаа
Монгол Улсын Гадаад харилцаа (гадаад бодлого)-ын нэгдмэл байдлыг хангах, төрийн захиргааны төв болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэгдмэл гадаад харилцааг уялдуулан зохицуулах, хяналт тавих үүргийг Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (Гадаад харилцааны яам) гүйцэтгэнэ.
“Монгол Улсын гадаад бодлогын зорилго нь дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагaаг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах явдал мөн”, “Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн”, “Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна” гэж зорилго, зорилтуудаа Монгол Улсын Гадаад бодлогын Үзэл баримтлалд заасан байдаг.
Монгол Улс нь олон улсын харилцааны нэгэн субьект мөн. Монгол Улс нь НҮБ, ДХБ, ДБ, Азийн хөгжлийн банк, АСЕМ зэрэг олон улсын байгууллагын гишүүн бөгөөд 10 орчим олон улсын байгууллагатай эрчимтэй хамтран ажилладаг. Монголд Улс 2024 оны байдлаар НҮБ-ын гишүүн дэлхийн 193 оронтой дипломат харилцаатай байна.
Гадаадын 32 оронд Монгол Улсын Элчин сайдын яам, Нью-Йорк болон Женев хотуудад 2 Байнгын төлөөлөгчийн газар, 8 оронд 14 нийт Ерөнхий Консулын газар, Консулын төлөөлөгч, Худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар үйл ажиллагаагаа явуулж байна (2024 оны байдлаар).
Мөн үүнээс гадна Монгол Улсын 75 Өргөмжит консул гадаад орнуудад үйл ажиллагаагаа явуулж манай иргэдэд хууль ёсны тусламж үзүүлэн ажиллаж байгаа юм. Мөн гадаадын 42 орны Өргөмжит консулууд Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
Улаанбаатарт гадаадын 26 орны Элчин сайдын яам, орон нутагт гадаадын 2 (ОХУ-Дархан, БНХАУ-Замын-Үүд) Ерөнхий консулын газрууд үйл ажиллагаагаа явуулж байна.
2020 оны байдлаар Монгол Улсын энгийн паспорттай иргэд дэлхийн 19 оронд визгүй зорчиж байгаа бөгөөд албан, дипломат паспорттой иргэд дэлхийн 45 оронд визгүй зорчиж байна.