Монгол Улсын Төрийн сүлд

Монгол Улсын Төрийн сүлд нь 1992 онд үндсэн хууль хүчин төгөлдөр болсон цагаас хойш хэрэглэгдэж эхэлсэн Монгол Улсын бэлгэ тэмдэг юм. Сүлдний эх загварыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, яруу найрагч Цэвээндоржийн Ойдов зохиожээ.[1]

Монгол Улсын Төрийн сүлд
Дэлгэрэнгүй
Баталсан 1992 оны хоёрдугаар сарын 12
Өмнөх
хувилбарууд
XII зуунаас хойш янз бүрийн

Утга Учир

засварлах

Төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугираг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна. Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. Хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна.[2]

Дүрслэл

засварлах

Төрийн сүлдийг өнгө ялгах буюу ялгахгүйгээр үйлдэж дүрсэлж болно. Төрийн сүлдийг өнгө ялган дүрслэхэд соёмбо, эрдэнийн хүлэг, түмэн насан хээ, хүрд нь алтан шар, тэнгэр нь хөх, уулан хээ нь тодоос шингэрээж гурваар дагнасан ногоон, бадам цэцэг нь алтан шар өнгийн хүрээтэй цагаан, хадаг нь алтан шар утсаар хүрээлсэн цэнхэр, чандмань эрдэнэ нь ногоон, улаан, хөх өнгийг дөрвөөр дагнаж алтан шар өнгийн зураасаар хүрээлсэн байна. Төрийн сүлдний чандмань эрдэнэ, түмэн насан хээ, бадам цэцэг нь элгэн хүрэн дэвсгэр дээр байрлана.[3]

Төрийн сүлдийг байрлуулах

засварлах

Төрийн сүлдийг дараах зүйлд хэрэглэн байрлуулна

  1. Монгол Улсын Төрийн тамганд
  2. Монгол Улсын хилийн багананд
  3. Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын хайрцаг дээр
  4. Улсын Их Хурлын чуулган, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндсэн хуулийн цэцийн хуралдааны болон Төрийн ордны соёмбот танхим, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөө, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Үндсэн хуулийн цэцийн даргын албан тасалгаанд
  5. иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн Хурлын хуралдааны байранд-хуралдааны хугацаанд;
  6. бүх шатны шүүхийн шүүх хуралдааны болон иргэдийн төрөлт, гэрлэлтийг бүртгэх танхимд
  7. бүх шатны Засаг даргын албан тасалгаанд
  8. Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Монгол Улсын яам, Засгийн газрын агентлаг, иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн Хурлын Тэргүүлэгчид, Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суугаа Дипломат болон худалдааны бүрэн эрхт төлөөлөгч, Консулын газрын хаягт
  9. Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн хурал, бүх шатны Засаг дарга, шүүх, прокурор, монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суугаа дипломат болон худалдааны бүрэн эрхт төлөөлөгч, консулын газрын хэвлэмэл хуудаст
  10. галт тэрэгний зүтгүүр, суудлын вагоны хажуу тал

Хуучин төрийн сүлднүүд

засварлах
 
Богд хаант Монгол улсын сүлд 1911—1924

Шашин төрийг хослон баригч Богд хаан Монгол Улсын сүлд ямар байвал зохих тухайд хан, ван, бээс, гүн, засаг, хамба, шанзудба, да лам нарын санал бодлыг сонсож Анхдугаар Богдын зохиосон соёмбын титэм үсгэнд эзэн Чингисийн үеэс шүтэж ирсэн нар, сар, галын дүрсийг зохируулан Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол Улсын сүлд бүтээх санал дэвшүүлээд түүнийг хэдэнтээ чуулан сайтар хэлэлцсэн ажээ. Энэ бүхний эцэст Богд хаант Монгол Улсын төрийн хуулиар улсын тамга, туг далбаанд хэрэглэх сүлд тэмдгийг тогтооход соёмбо үсэг нь сүлд болсон бөгөөд энэ тухай “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйн бичиг”-т “Тамгын төвийн үсэг соёмбын Э-бам, зүүн баруун этгээдэд монгол үсэг сийлэх, төрийн далбааны дундад мөн үсгийг хийх тухай” заасан байна. Ийнхүү соёмбо, Э-бам үсэг нь улсын сүлд болсон түүхтэй бөгөөд арга билгийг хослон төр улс, үндэс язгуурын шашнаа ариунаар мандуулах үзэл санааны бэлгэдэл болжээ. Түүнчлэн эл соёмбо, Э-бам үсгийг туг далбаанд болон шүтээн болгон хэрэглэхдээ хүрээ гуу, бадамтай үйлдэх болсон байна.[4][5]

 
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн сүлд 1924-1940

1924 онд батлагдсан үндсэн хуулинд улсын сүлдний талаар доорх байдлаар тусгажээ:
"Зургаадугаар бүлэг. Улсын тамга ба, сүлд тэмдэг, туг далбаа гурвын тухай
Дөчин долдугаар зүйл: Улсын их хурлаас дараалан засгийн газар, олон явдлын яам, албаны газруудын тамгыг цөм дөрвөлжин бөгөөд нүүрийн дунд дор соёмбо хэмээх эрхэм үсэг, түүний хоёр этгээдэд уул газрын нэр сэлтийг үйлдүүлэн гүйцэтгэвээс зохимой.
Дөчин наймдугаар зүйл: Улсын сүлд тэмдэгт, дээр дурдсан соёмбо үсэг, түүний доорд этгээдэд бадамлянхуа цэцгийн зураг бүхий сүлдэн тэмдэг хэрэглэн явуулваас
Дөчин есдүгээр зүйл: Улсын туг далбааг улаан өнгөтэй бөгөөд, дунд нь улсын сүлд тэмдгийг оруулан үйлдүүлж гүйцэтгүүлэвээс зохимой."[6]

 
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн сүлд 1940-1949

1940 онд батлагдсан үндсэн хуулинд:
"Зуун тавдугаар зүйл: БНМАУ-ын сүлд тэмдэг бол дугуй хэлбэртэй, дунд нь Монгол улсын хангай тал, говь нутаг дээр нарны зүг уурга барин давхиж яваа морьтой ард байх ба дугуйн хөвөөгөөр өвс ногооны дээр хонь, үхэр, тэмээ, ямааны толгойг хоёр талд нь зурж, дугуйн дээд талыг дан алхан хээгээр хүрээлж, дунд нь таван хошуу тэмдэг байна. Өвс ногооны доод уулзварт улаан лент дээр /Бүгд Найрамдах Монгол Ард Улс/ гэсэн бичиг байна." гэж заажээ.[7]

 
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн сүлд 1949-1960

1940 онд батлагдсан үндсэн хуулинд БНМАУ-ын 9-р их хурлын 1949 оны 09-р сарын 12-ны өдрийн тогтоолоор өөрчлөлт, нэмэлт оруулан шинэчлэн найруулж сүлд дээрх улсын нэрийн бичээсийг кирилл үсгээр сольсон байна.[8]

 
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн сүлд 1960-1992

1960 онд батлагдсан үндсэн хуулинд:
"Ердүгээр зүйл: БНМАУ-ын төрийн сүлд бол төрийн мөн чанар, улс түмний найрамдлын үзлийг илэрхийлэн, тус орны үндэсний болон эдийн засгийн онцлогийг үзүүлсэн байна. БНМАУ-ын төрийн сүлд нь тарианы түрүүгээр хөвөөлсөн дугуй хэлбэртэй, тарианы ишийг хүрд араагаар холбож, эдгээрийг "БНМАУ" гэсэн үсэг бүхий улаан, цэнхэр өнгийн туузаар ороож зангидсан байна. Сүлдийн төвд БНМАУ-ын хангай, говь, тал хосолсон нутгаар мандах коммунизмын наран өөд хурдалж яваа морь унасан хөдөлмөрчин хүн зурсан байна. Сүлдийн магнайд тариан түрүүний хоёр үзүүрийн хооронд дундаа алтан соёмбо үсэг бүхий таван хошуу байна." гэж заажээ.[9]

Мөн үзэх

засварлах
  1. https://www.mnb.mn/i/75495
  2. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2019-05-30. Татаж авсан: 2019-04-29.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  3. https://legalinfo.mn/mn/detail/496
  4. http://www.parliament.mn/n/efey#gallery-2
  5. http://www.touristinfocenter.mn/cate14_more.aspx?ItemID=107
  6. http://www.parliament.mn/n/sfmy
  7. http://www.parliament.mn/n/efey#gallery-4
  8. https://www.slideshare.net/batchuluunsamdan/1940-45105347
  9. http://www.parliament.mn/n/efey#gallery-5