Монгол Улсын Боловсролын байгууллага
Монгол Улсын Боловсролын байгууллага- Монгол Улсын газар нутагт төрийн болон хувийн өмчлөлийн хэлбэртэй сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын болон дээд боловсролын гэх мэт бүх шатны боловсролын үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагыг хэлнэ.
Боловсролын байгууллага бол боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн, үнэлгээний, чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн, боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвөөс бүрдэнэ гэж 2023 оны 7-р сарын 7-ны өдөр Монгол Улсын Их хурлаар шинэчлэн найруулж баталсан Боловсролын Ерөнхий хуулийн 3-р бүлэг болох Боловсролын байгууллага тэдгээрийн ангилал дотор 17.1 -р зүйлд заасан байдаг. Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага нь боловсролын бодлогын суурь, хавсарга судалгаа, шинжилгээ, инновац, арга зүйн болон сургалт эрхлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж дээрх хуулинд мөн заажээ.
Боловсролын байгууллага нь сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сургалтын арга зүй, үнэлгээ, сурах бичгийн тохирц, нийцлийг шалган турших түшиц цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуультай байж болдог юм.
Боловсролын байгуулагын эрх зүйн байдлыг Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын Ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль зэрэг хуулиудтай нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад баримт бичгээс бүрддэг байна.
Өнөөгийн байдал
засварлахМонгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд боловсролын 2,389 байгууллага сургалтын үйл ажиллагаа явуулсан бөгөөд эдгээрт нийт 99.4 мянган багш, ажилтан ажиллаж байна. Эдгээр багш, ажилтнуудын 31 мянга нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагад, 56.2 мянга нь ерөнхий боловсролын сургуульд, 12.2 мянга нь их, дээд сургууль, коллежид ажиллаж байна.
Багш нарын баярын өдөр
засварлахМонгол Улс Багш нарын баярыг БНМАУ-ын Ардын Их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар жил бүрийн 2-р сарын эхний ням гарагт тэмдэглэхээр шийдвэрлэж байсан юм. Сүүлд жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг ЮНЕСКО-гоос Дэлхийн багш нарын өдөр болгож 1994 онд зарласантай холбогдуулж 2013 онд Монгол Улсын Засгийн газрын 412 дугаар тогтоолоор Монголын багш нарын өдрийг жилийн бүрийн 10 дугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар өөрчилсөн байна. Багш нарын баярын өдрийг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг уламжлал тогтоод байгаа ажээ.