Монголын Ипотекийн Корпораци

Монголын Ипотекийн Корпораци (Англи: Mongolian Mortgage Corporation) — 2006 онд Монголбанк болон арилжааны 10 банк хувь нийлүүлэн “МИК ОССК” ХХК-ийг үүсгэн байгуулсан түүхтэй. Монгол Улсад орон сууцны ипотекийн анхдагч зах зээлийн хөгжлийн эхэн үед үүсгэн байгуулагдсан “МИК ОССК” ХХК нь ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээл дээр хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа явуулдаг анхны бөгөөд зах зээлийн тэргүүлэгч байгууллага юм.

Монголын Ипотекийн Корпораци
Хууль эрх зүйн хэлбэрХувьцаат компани
Бирж дахь симболMSE:MIK
Аж үйлдвэрийн салбарСанхүүгийн үйлчилгээ
Үүсгэн байгуулагдсан2006; 18 жилийн өмнө (2006)
Үйл ажиллагааны бүсМонгол улс
Удирдах хүмүүсБ.Гантулга
Гүйцэтгэх захирал
БүтээгдэхүүнБагц худалдан авалт,
Ипотекийн зээлээр баталгаажсан бонд
Ажилчид100 (2019 он)
Цахим хуудасwww.mik.mn

Компанийн зорилго засварлах

МИК Групп компанийн зорилго нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарган дотоод, гадаадын хөрөнгийн зах зээл дээр борлуулах замаар ипотекийн анхдагч, хоёрдогч зах зээлийг хөгжүүлж, Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах, цаашид орчин үеийн хот байгуулалтыг эрчимжүүлэхэд чиглэсэн урт хугацаат санхүүжилтийн тогтолцоог бий болгож төлөвшүүлэхэд оршино.

Компанийн тухай засварлах

Монголбанк болон Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй нөлөө бүхий 10 банк хамтран орон сууцны санхүүжилтийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлж, үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 2006 онд МИК ХХК-ийг хувь нийлүүлэн байгуулж байсан.

2009 онд Санхүүгийн зохицуулах хороо МИК-ийн анхны хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах хүсэлтийг бүртгэж, зөвшөөрөл олгосон. 2012 онд Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл авч, Орон сууцны санхүүжилтийн корпораци (ОССК) болсон.

2013 онд Монгол Улсын Засгийн газар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хөтөлбөрт үнэт цаас гаргагч байгууллагаар оролцон анхны Ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ)-г гаргасан.

Үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх зорилгоор өргөжин тэлж 2015 онд “МИК ОССК” ХХК нь "МИК Холдинг" ХК групп компани болж хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалан Монголын хөрөнгийн биржийн түүхэнд хамгийн том анхдагч зах зээлийн арилжааг хийж, хувьцааны бүртгэлийн 1-р ангилалд (MSE:MIK) бүртгэгдсэн.

Өөрсдийн үйл ажиллагаагаа Олон улсын түвшинд хүргэх зорилтыг байнга тавин ажиллаж ISO/IEC31000:2018, ISO/IEC270001:2013, СТОУС9 зэрэг стандартуудыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн, олон улсын зээлжих зэрэглэлийн байгууллагуудаас Монгол Улсын зээлжих зэрэглэлтэй тэнцүү үнэлгээг тогтмол авж байгаа бөгөөд, 2019 онд олон улсын санхүүгийн зах зээл дээр нийт 300 сая ам.долларын бондыг (SGX:MGMTGE) Засгийн газрын баталгүйгээр амжилттай арилжаалан ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас олон улсын зах зээл дээр бонд арилжаалсан Ази тивийн анхны байгууллага болсон юм.

2019 оны эхний хагасын байдлаар нийт 18 удаагийн хэлцлээр 3.6 их наяд төгрөгийн ипотекийн бондыг арилжаалаад байгаа бөгөөд МИК групп комапний нийт хөрөнгө 3.2 их наяд төгрөгт хүрч банкны салбарын нийт хөрөнгийн 9.6 хувьтай тэнцэж байна

Үйл Ажиллагаа засварлах

“МИК ОССК” ХХК нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох” хөтөлбөрийн хүрээнд Ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ) гаргах, банкуудын хөрвөх чадварыг сайжруулах, тэдгээрт шинээр ипотекийн зээлийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор зах зээлийн хүүтэй ипотекийн зээлийн багцыг худалдан авах үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.  

Буцаахгүй нөхцөлтэй хэлцэл

“МИК ОССК” ХХК нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох” хөтөлбөрийн хүрээнд олгогдсон орон сууцны ипотекийн зээлийг багцлан, буцаахгүй нөхцөлтэй хэлцлээр банкуудаас худалдан авч, үнэт цаасжуулах замаар ИЗББ гаргадаг.

МИК нь хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгосон зээлийн хөрөнгийн багцыг Бодит хэлцэл хийх зарчмаар худалдан авдаг буюу тухайн зээлийн хөрөнгийн багцын бүхий л эрх, ашиг сонирхол, үр өгөөж болон эрсдэлийг бүхэлд нь шилжүүлж авч, ИЗББ-оор солих үйл ажиллагаа явуулж байна.

ИЗББ, үнэт цаасжуулалт

“МИК ОССК” ХХК нь үнэт цаасжуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газар, Монголбанкнаас гаргасан холбогдож журмуудын дагуу шалгуур үзүүлэлтүүдийг хангасан зээлдэгчдийн ипотекийн зээлийн хөрөнгийг багцлан худалдан авдаг.

Түүнчлэн зээлийн хөрөнгийн багц худалдан авч, үнэт цаасжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Тусгай зориулалтай компани үүсгэн байгуулдаг бөгөөд банкуудаас худалдан авах зээлийн хөрөнгийн багцын төлбөрийг гүйцэтгэх үүднээс давуу эрхтэй транч болон энгийн эрхтэй транч бүхий ИЗББ гаргадаг.

Буцаах нөхцөлтэй хэлцэл

“МИК ОССК” ХХК нь өөрийн хөрөнгөөр болон Германы сэргээн босголт хөгжлийн банкнаас (KfW) авсан урт хугацаатай зээлийн эх үүсвэрээр банкуудаас буцаах нөхцөлтэй ипотекийн зээлийн багц худалдан авах үйл ажиллагааг гүйцэтгэж байна.

Хэлцлийн хүрээнд “МИК ОССК” ХХК-ийн худалдан авсан зээлийн хөрөнгөд аливаа эрсдэл учирсан тохиолдолд тухайн зээлийн хөрөнгийг зээл олгосон банкинд буцаан худалдах, эсвэл өөр зээлийн хөрөнгөөр солих нөхцлийг хэрэгжүүлдэг.

Түүнчлэн тус хэлцэл нь банкны зээл олгох эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хөрвөх чадварыг сайжруулах боломжийг бий болгодог төдийгүй банкны зээл олгох эх үүсвэрийн зардлыг бууруулж, хугацааг уртасгаснаар зээлдэгчийн орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах зорилготой.

Он цагийн товчоон засварлах

2021 он. “МИК ОССК” ХХК гурван жилийн хугацаатай, 8.85%-ийн хүүтэй, 250 сая ам.долларын бондыг олон улсын санхүүгийн зах зээлд арилжлаа.

2020 он. Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар “Орон сууц санхүүжилтийн ерөнхий журам”-д нэмэлт өөрчлөлт оруулан, орон сууцны ипотекийн зээлийн хүүг 6% болгон бууруулав.

2019 он. Олон улсын зах зээл дээр 300 сая ам долларын бонд (SGX:MGMTGE) арилжаалав.

2018 он. Бизнесийн үйл ажиллагааг төрөлжүүлэх зорилгоор даатгалын үйл ажиллагаа явуулах “Протего Фөрст” ХХК, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа явуулах “МИК Рийл Эстэйт” ХХК-ийг тус тус үүсгэн байгуулав.

2018 он. Азийн тогтмол орлоготой үнэт цаасны 5 дахь удаагийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулав.

2018 он. Олон улсын үнэлгээний байгууллагуудаар зээлжих зэрэглэлийн үнэлгээ хийлгэж, “Мүүдис” (В3, тогтвортой), “Фитч рэйтинг” (B-, тогтвортой), “Стандарт энд Пүүрс” (В, тогтвортой) гэж тус тус үнэлгээ тогтоов.

2017 он. МИК Холдинг ХК зах зээлийн үнэлгээгээрээ Монголын хөрөнгийн биржийн ТОП 20 индексэд багтав.

2017 он. Монгол Улсад анх удаа мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001:2013 стандартыг байгууллагын үйл ажиллагаандаа нэвтрүүлэв.

2015 он. “МИК ОССК” ХХК өргөжин, МИК Холдинг Групп компани болж, хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалснаар Монголын хөрөнгийн биржийн түүхэнд хамгийн том анхдагч зах зээлийн арилжааг хийж, хувьцааны бүртгэлийн 1-р ангилалд (MIK) бүртгэгдэв.

2013 он. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох” хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээлээр баталгаажсан анхны бондоо гаргав.

2012 он. Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл авч, Орон сууцны санхүүжилтийн корпораци (ОССК) болов.

2009 он. Санхүүгийн зохицуулах хороо МИК-ийн анхны хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах хүсэлтийг бүртгэж, зөвшөөрөл олгов. 

2006 он. Монголбанк болон арилжааны 10 банк хувь нийлүүлэн Монгол Улсын ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх зорилгоор “МИК” ХХК-ийг үүсгэн байгуулав.